Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр дархлаажуулалтын талаар Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл өглөө.
Тэрээр "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Фпайзер вакциныг 16-аас дээш насны хүүхдүүдэд хийж болно гэсэн байгаа. Бусад вакцины хувьд 18-аас доош насныханд шууд зөвлөсөн мэдээлэл гараагүй байна. Энд нэг зүйлийг хэлэхэд, эцэг эхчүүд бид хүүхэддээ “За” гэж хэлэх ёстой. За гэж хэлж, хэвийн амьдралд нь оруулахын тулд насанд хүрсэн 18-аас дээш насныхан вакциндаа идэвхтэй хамрагдаж, бүгд вакцины хоёр тунгаа авчихвал хүүхдүүдэд халдвар тараах эрсдэл тэр хэмжээгээр буурна гэдгийг сануулж хэлмээр байна.
БНХАУ-д үйлдвэрлэсэн Вероселл вакцины эсрэг заалтад жирэмсэн хүн багтаж байгаа. Харин Верроселл вакциныг хөхүүл хүнд хийж болно. Тиймээс нийслэл болон хөдөө орон нутагт ажиллаж байгаа бүх вакцины цэгүүд хөхүүл эхчүүдийг вакцинд хамруулах нь зүйтэй. Харин Спутник-V вакциныг жирэмсэн, хөхүүл хүнд хийж болох талаар мэдээлэл байхгүй учраас одоогоор зөвлөхгүй, эсрэг заалттай гэсэн үг" гэлээ.
Өнөөдрийн бадлаар Улсын хэмжээнд 1.3 сая хүн вакцинд хамрагдсанаас нэгдүгээр тунд 947.5 мянган иргэн, хоёрдугаар тунд 451 мянган хүн хамрагдаад байна.
Харин хөдөө орон нутагт 270 мянган иргэн вакцинд хамрагдсанаас 203.7 мянга нь нэгдүгээр тунд, 66.6 мянга нь хоёрдугаар тундаа хамрагджээ. Мөн өчигдөрөөс хөдөө орон нутагт вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлээд буй.