УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр Эрүүл мэндийн сайд С.Энхболд цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Гуравдугаар сарын 5-наас хойш халдварын тохиолдол огцом өссөн. Хөл хорионы үр дүн Дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн гарч, тархалтын эрчим буурах хандлага ажиглагдаж байна. Манай улсад хийгдэж байгаа шинжилгээний тоо харьцангуй их. Үүнээс эерэг гарах тохиолдол нь таван хувьтай байгаа нь Японтой ижил түвшинд байгаа юм.
Манай улсын 21 аймгийн 19-д нь халдвар гараад байгаа. 18-54 насны хүмүүс нийт тохиолдлын 50 хувийг эзэлж байгаа. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд илүү их өвдөж байна. Мөн 6161 хүүхэд халдвар авснаас 1725 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн дундаж нас нь 66 байна. Эдгээр хүний дийлэнх нь эрэгтэйчүүд юм.
Хөл хориог дахин 14 хоног сунгаснаар нийт тохиолдлын тоо 800-гаас доош орно гэсэн тооцоолол гарсан. ХӨСҮТ-д байгаа тандалт судалгааны багийг дүүрэг рүү шилжүүлсэн байгаа. ЭМЯ удирдаж, яамны дэргэд хяналт зохицуулалтын нэгжийг ажиллуулж эхлүүлсэн. Дүүрэгт хариу арга хэмжээний багуудыг үүсгэснээр иргэдэд тусламж цаг алдалгүй очих боломжтой болсон. Дүүргүүдэд тандалт судалгааны 6-8 баг ажиллаж байна. Нас баралт болон тохиолдлын тоог бууруулах чиглэлээр ажиллаж байна. Гарааны эмчилгээг өрхийн түвшинд эхлүүлэх зөвлөмжийг гаргаад ажлыг эхлүүлсэн. Ойрын хавьтал, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн хүнд түргэвчилсэн тестээр шинжилгээ хийж, эмнэлэг рүү шилжүүлнэ. Хүчилтөрөгчийн хэрэгцээг нэмэгдүүлж, 20 байршилд 3890 орыг бэлдсэн. Үүнээс 200 орыг эрчимт эмчилгээний чиглэлээр бэлдсэн.
Батлагдсан тохиолдлуудаа цахимаар хянах боломжийг бүрдүүлсэн байгаа. Эмнэлгүүдийн нөөцийн мэдээллийг цахимаар харах боломжтой болсон. Нийт вакцинд хамруулах хүмүүсийн 34.2 хувийг дархлаажуулсан. Нийслэлийн иргэдийн нэгдүгээр тунг Тавдугаар сарын 8, хоёрдугаар тунг Тавдугаар сарын 30 гэхэд хийж дуусгана" гэлээ.