Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Сүүлийн 24 цагт 1264 хүнээс халдвар илэрч, нийт халдварын тохиолдол улсын хэмжээнд 27,956 болоод байна. Мөн өнгөрсөн хоногт найман хүн нас барж, улсын хэмжээнд халдвар аваад нас барсан хүний тоо 76 боллоо.
Мөн дөнгөж сая УОК-оос хатуу хөл хориог Тавдугаар сарын 7-ныг хүртэл үргэлжлүүлэх санал гаргаснаа Засгийн газарт хүргүүллээ.
Халдварын одоогийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээллээ.
Тэрээр "Эмнэлгийн тусламж өндөр ачаалалтай байна. Хөл хорио тогтоосон хэдий ч өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 1,000 давсан хэвээр үргэлжилж байна. Хэрвээ хөл хорио тогтоогоогүй байсан бол энэ тоо 31,000 хүртэл нэмэгдэх байсан. Ямар ч байсан халдварын тоог тогтвортой нэг түвшинд барьж байгаа нь эмнэлэгт өндөр ачаалал өгсөн хэвээр байна. Хөл хорио тогтоогоогүйтэй холбоотойгоор өдөрт 31,000 тохиолдол бүртгэгдсэн бол эрүүл мэндийн систем бүхэлдээ уналтад орох байсан. Гэсэн хэдий ч хөл хорио хангалттай түвшинд байж чадсангүй. Энэ нь нийтэд халдвар өргөн тархсан байгааг илтгэх шинж тэмдэг.
Хөл хорио цуцлах шалгуур үзүүлэлтүүд гэж байдаг. Тэдгээрийн зарим нь эмнэлгийн тусламжтай холбоотой байдаг. Жишээлбэл, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо хөл хорионы төгсгөлд буурсан байх ёстой. Энэ удаад буурсангүй. Эрчимт эмчилгээ хийлгэж байгаа хүний тоо буурсан байх ёстой. Эсрэгээрээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Мөн нас баралтын тоо буурсан байх ёстой. Харамсалтай нь мөн л өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ талаасаа харвал хөл хорио сулруулах шаардлага хангагдаагүй.
Шийдвэр гаргагчид хөл хориог сунгавал эрүүл мэндийн салбарынханд том тус болно. Иргэд хөл хорио тогтоосноор тархалтыг 100 хувь байхгүй болгочихно гэсэн хүлээлттэй байх шиг байна. Нийтэд халдвар тархсан энэ үед тийм боломжгүй. Харин тодорхой түвшинд бариад, энэ хугацаандаа вакцинжуулалтаа эрчимжүүлэх нь үр дүнтэй" гэлээ.