Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хориог сунгах саналтай байгаа талаар ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан мэдээллээ.
Тэрээр “Эрүүл мэндийн яам хатуу хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлэх тал дээр бодлого барьж байгаа. Учир нь өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо огтхон ч буурахгүй байна. Батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэх тусам нас баралт ч нэмэгдсээр байна. Энэхүү нөхцөл байдлын улмаас иргэдийн зүгээс ч хөл хорионы дэглэмийг чангаруулах тухай саналыг Эрүүл мэндийн яамны фэйсбүүк хаяг руу ирүүлж байна.
Тухайлбал, иргэдийн зүгээс хүүхдүүдийг олноор нь гадаа их тоглуулж байгаа нь халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэсэн мэдээлэл их ирж байна. Тиймээс бид иргэдийн тэрхүү саналыг ч анхаарч үзэх хэрэгтэй” гэсэн юм.
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдарын 889 тохиолдол илэрч, улсын хэмжээнд нийт тохиолдол 22,884 болоод байна. Халдварын улмаас 3366 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 63 хүн байна. Мөн өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдвар аваад нас барсан хүний тоо 55 боллоо. Нийт нас баралтын 49 нь халдварын хүндрэлээр нас барсан бол 6 нь хавсарсан өвчний улмаас амиа алдсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.