Монгол-Япон эмнэлэгт коронавирусийн халдвартай өвчтөнг энэ сарын 18-наас хүлээн авч эхэллээ. Тус эмнэлэг 74 ор бэлтгэж хүндэвтэр, хүнд хүмүүсийг авна. Өнөөдрийн хувьд 30 гаруй хүний эмчилгээ эхэлсэн байна. Тус эмнэлэгт Эрүүл мэндийн сайд С.Энхболд очиж хүчилтөрөгчийн аппарат суурилуулж эхэлсэн эсэхийг шалгасан байна.
Мөн АШУҮИС-ийн оюутны байранд 450 орчим хүн авах бэлтгэл ажлын явцыг шалгаж зохих үүрэг чиглэлийг өгчээ.
Баянгол дүүргийн хувьд тандалт хариу арга хэмжээний багийн байрлах байраа шийдвэрлэж, бэлтгэл ажлаа бүрэн хангаж дуусгасан байна. Мөн ахмадын эмнэлэгтээ 100 ор гаргаж ковид-19 өвчтөн авахаар төлөвлөж байгаа аж. Эмнэлэгт хүчилтөрөгчийн хангамжтай 6 ор бэлдсэн байна. Нэмж 4 ор бэлтгэхийг салбарын сайд үүрэг болгож шаардлагатай зардлыг шийджээ.