Сүүлийн 24 цагт Монгол улсын хэмжээнд 885 тохиолдол бүртгэгдэснээс 48 нь хөдөө, орон нутагт бүртгэгдсэн байна. Ингээд нийт батлагдсан тохиолдол 16,603 боллоо. Мөн коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барж нийт нас баралтын тоо 27 болоод байна. Халдварын тохиолдол ихсэж, маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна гэж мэдээллээ.
Халдварын улмаас нас барсан иргэдийг хэрхэн хөдөөлүүлэх талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаагийн өгсөн мэдээллийг хүргэж байна.
Тэрээр "Өнөөдрийн байдлаар 0-17 хүртэлх насны 3,318 хүүхэд коронавируст халдвараар өвчилж, энэ нь нийт өвчлөлийн 20 орчим хувийг эзэлж байна. Мөн хүүхдүүдийн нас бага тохиолдолд уян бамбараар амны хөндий буюу залгиураас нь сорьц авдаг. Мөн нэгээс дээш настай хүүхдүүдэд залгиурын сорьцыг авч байгаа" гэлээ.
Мөн "Халдвар оношлогдохоос өмнө буюу гэртээ эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барах тохиолдол бүртгэгдэж байна. Энэ тохиолдлуудад нийслэлийн Онцгой комисс болон "Улаанбаатар буян" компанитай хийсэн гэрээний дагуу оршуулах зан үйлийг гүйцэтгэж байгаа.
Халдварын улмаас нас барсан хүний цогцсыг тусгай зориулалтын уутанд хийж, "Улаанбаатар буян" компанийн цогцос хадгалах байранд хадгалж, оршуулгын зан үйлийг хийж байна. Ингэхдээ аль болох цөөн хүнийг оршуулгын үйл ажиллагаанд оролцуулах чиглэл баримталж байна.
Эмнэлэгт нас барсан тохиолдолд ЭМ-ийн сайдын 412 тоот тушаалын дагуу зохицуулагдана. Цогцсыг зориулалтын уутанд хийж, эмнэлгийн цогцос хадгалах хэсэгт байлгаж байгаад чандарлах болон уламжлалт аргаар булж оршуулж болно" гэв.