Улаанбаатар хотод дархлаажуулалтын ажил идэвхтэй өрнөж байна. Улсын хэмжээнд одоогийн байдлаар 30 мянга гаруй иргэнд AstraZeneca вакцины эхний тунг хийгээд байна.
Вакцинжуулалттай холбоотой түгээмэл асуултуудад ХӨСҮТ-ийн Амбулаторийн эрхлэгч, Анагаах ухааны доктор Б.Саруул хариулав.
-Вакцин хийлгэхэд насны хязгаар бий юу?
-Баталгаажсан насны хязгаар 16-аас дээш насныхан байна.
-Вакцин хийлгэсний дараа удаан хугацаанд үргэлжлэх хэсэг газрын урвал байх уу?
-Ховор тохиолдох урвал гарч болно. Хэсэг газрын урвал нь 2-3 хоногтоо гарах бөгөөд аяндаа арилна.
-Хоёр тун хийлгэсэн ч амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барих шаардлагатай юу?
-Вакцин хийлгэж өөрийгөө хамгаалсан ч вирусийг бусдад тараах магадлал байх боломжтой тул амны хаалтааж зүүж, гараа угааж, хүн хоорондын зайгаа баримтлах нь зөв.
-Ажлын шаардлагаар вакциныг заавал хийлгэх хэрэгтэй юү?
-Ажил хийдэг хүн бүрийг вакцин хийлгэ гэж шаардахгүй. Энэ бол сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа. Гэхдээ эрүүл мэндийн, онцгой байдал, хүнсний салбарын ажилтнуудад мэргэжлийн шаардлагаар вакциныг зайлшгүй хийх шаардлага үүсээд байна.