Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт 26,058 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 32 хүнд халдвар илэрсэн. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд үлдэгдэл шинжилгээнүүдийг хийж дуусгасан. Эдгээрээс 9 хүний шинжилгээнд халдвар илэрсэн бөгөөд нийтдээ уг арга хэмжээний хүрээнд 131 тохиолдлыг илрүүллээ.
Сүүлийн 24 цагт 64 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.
Монгол улсад халдварын нийт 2,755 тохиолдол бүртгэгдсэнээс 2,070 буюу 75.1 хувь нь эдгэрээд байна.
Иргэддээ хандан хэлэхэд, хөл хорио тавигдсан ч халдвар тархах эрсдэл байгаа бөгөөд иргэд халдварыг бүр хумиад авчихсан юм шиг хандлага гаргаж байна. Олуулаа бөөгнөрч, золголт хийж, үйлчилгээний газраар бөөгнөрч, амны хаалтаа буруу зүүж байгаа нь харагдлаа. Халдварын тархалт үргэлжилж байгаа учраас хянамгай, биеэ цэгнэж байхад онцгой анхаарах хэрэгтэй" гэлээ.