Батлан хамгаалахын Их сургуулийн хоёр багш халдвар авчээ. Мөн тэдний гэр бүлийн гурван хүнээс халдвар илэрсэн байна.
Ойрын хавьтал болон бусад хүмүүсийг тусгаарласан байгаа бөгөөд хавьтлын шинжилгээг хийж байна. Энэ голомт нь Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд хамаарах юм.
Нийслэлд одоогоор идэвхтэй 20 гаруй голомт байгаа бөгөөд ойрын хавьтлуудын шинжилгээ үргэлжилсээр байгаа.
Мөн өөрийгөө халдвар авсан байж болзошгүй иргэд харьяа дүүргийн шинжилгээ авах цэг болон дөрвөн дүүрэг дэх вирус судлалын лабораторид шинжилгээ өгөх боломжтой. Халдвар нэмэгдэж буй энэ үед өрхийн эрүүл мэндийн төв, харьяа дүүрэгтэй хандаж, гэрээсээ гаралгүй урьдчилан мэдэгдэхийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа зөвлөлөө.
Өчигдөр нийт 15897 хүнд шинжилгээ хийхэд 27 хүнээс халдвар нэмж бүртгэгдлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод батлагдсан, өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын тусгаарлагдсан хүмүүс юм. Ингэснээр Улаанбаатар хотод нийт 1024 хүн халдвар авсан бол дотоодод тархсан кластераас 1350 тохиолдол бүртгэгдэж байна.
Өчигдөр 21 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Одоогоор Монгол улсад батлагдсан тохиолдол 1859 болоод байна.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэг, ХСҮТ-д 454 иргэн эмчлүүлж байгаагаас нэг хүний бие маш хүнд байна.