Хүмүүний аз жаргалаа цогцлоох эрх чөлөөг боож, эдийн засагт хэтэрхий хутгалдаж, тоолж баршгүй гай тарьж, төр “ДАНХАЙЖ” хязгааргүй их эрх мэдэлтэй болох нь ээ!
Одоо дахиад шинэ яам нэмж байгуулан улам л утгаа алдан зампийрч байна. Данхар төрийн эрхийг сонгогчид л өгдөг. Сонгогчдыг ядуу харанхуй бүдүүлэг байлгах хүсэлтэй төрчид өнөө маргаашаа боддог, ходоодоороо сонголт хийдэг, хаашаа л бол хаашаа худалдагддаг сонгогчид хоёр нийлж төрийг занхайлгадаг.
Өөртөө төвлөрүүлсэн өмчөөс төр “ТОМОРНО”.
Харин зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг өөгшүүлэн зөнд нь орхидог рационал бодит хандлага бол хамгийн ёс зүйтэй тогтолцоо.
Өөрийгөө бодох ухаантай сонголтоор холыг харсан ашиг сонирхлоо эрэх үнэ цэнийг сайн сайхан гэж бадраан гийгүүлсэн үед л эдийн засгийн эрх чөлөө батжин бэхжинэ.
Эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь:- Хүмүүс төрийн боомилолтгүйгээр үйлдвэрлэлийн харилцаанд орж, сайн дураараа солилцоо хийнэ гэсэн үг. Төр эдийн засагт оролцохгүй байх нь хүн ард баяжих, хөлжих үндэс болно.
Төрийн хязгаарлалт, оролцоо, хяналт, баялаг хуваарилалтын торонд зах зээлийг орооцолдуулан улам хүнд сурталжиж, халамжийн хиншүү уугиулдаг нь социалист үзлийн сэг юм.
Эдийн засгийн мөн чанарт харш үйлдэл, эрх чөлөөний эсрэг буруу шийдвэр, ямар ч логикгүй дүрэм, журам нь эрээвэр хураавар утгагүй зүйл болой.
Эдийн засгийн эрх чөлөө хашигдахын хэрээр өсөлт нь буурч, хүний урт наслаж удаан жаргах үүд нь хаагдан, баян чинээлэг байж, ажил үйлтэй болох явц сульддаг.
Татварын дарамтаас ард иргэд, ААН-ээ аврахын тулд зохимжгүй, амьдралд халгаатай хууль тогтоомж, хүнд суртлын хугархай чирсэн дүрэм журмыг цуцалж, чөлөөт зах зээлд сөрөг нөлөөтэй хяналт зохицуулалтыг зогсоож чадвал тун сайн хэрэг бөгөөд инфляци буурахад ч эерэг нөлөө үзүүлнэ. Ингэж л зөв голдирлын суваг нээх нь чухал.
Илүүдсэн зардал чирэгдлээс өөр юмгүй яам, агентлагийг татан буулгаж, дэд сайд нар, туслах нэртэй олон угжныхныгаа цомхотгох зоригтой шийдвэр гаргах нь хаана хаанаа зөв гаргалгаа болно шүү.
Нэг. Татвар төлөгчдийн мөнгөөр цамаархан халамж хайр түгээхээ зогсоо!
Хоёр. Ажилч хүний сэтгэлгээг битгий түгжээд бай!
Гурав. Чөлөөт зах зээл жамаараа хөсөглөг!
Дөрөв. Улс төрд хоног төөрүүлэгчид төр рүү шургалдаг арын хаалгаа хаа!
Тав. Татвар төлөгчид шимэгч төрийн АТМ (мөнгөний авдар) биш!
Хүмүүст болоод эдийн засагт агаар ус шиг хэрэгтэй байгаа авшиг бол эрх чөлөө юм.
Амжилттай, ажилсаг хүний сэтгэлгээний эрх чөлөөг сүрдүүлэхээ зогсоо.
Хурааж аваад, хувааж тараах замаар эд баялгийг үржүүлдэггүй юм.
Бид зах зээлийн зарчмаар үндсэндээ дөрөвхөн жил овоо өндийсөн хэрнээ сүүлийн он жилүүдэд эрс хазайсаар, хэт давамгайлсан зүүний үзэлд мэргэдээд гацчихлаа. Улс төрийн увайгүй үйлдэл, улс төрчдийн урвамтгайгаас тэр шүү дээ.
Өнөөдөр төрд байгаа өмч болоод төрийн өмчид хамааралтай бүхнийг ил тод нээлттэй хувьчлах нь зүй зохистой. Тэгсэн цагт зах зээлийн чөлөөт өрсөлдөөн хараат бус болж, голдирлоороо өрсөлдөх зам нээгдэнэ.
Яагаад бизнесийнхэн төр рүү, эрх мэдлийн сэнтий рүү зүтгээд байна вэ? Төрийн эзэмшилд байгаа өмчөөс гувших гэсэн далд зорилго. Эрх мэдэлд хүрч байж давуу эрхээ баталгаажуулах дэв тусчихаж байгаа нь тэр. Тийм дэвээр барьцаа ахиулсаар эрх мэдлийн оргилд гарцгааж байгаа үлгэр жишээч бизнесүүдийн араас даган дууриах цуваа тасрахгүй нь бололтой.
Яагаад залуучууд цүнх барьж, өлмий дээрээ гэтэж явах дуртай байгаа юм бэ? Хялбар аргаар албан тушаалтан бараадаж, туслахын үүрэг гүйцэтгэж, үүргэлэхчээн болж яваад амьдралаа услах өчүүхэн арга. Уг нь хүн залуу халуун насандаа бүхий л үйл хэргээ хэний ч хараат бус өөрийнхөө зөв зоргоор биедээ хариуцлага нааж, үйлсээ тослох ёстойсон.
Хүн, хүний хараат байна гэдэг нь хүзүүндээ дөнгөтэй илжигтэй агаар нэг. Бизнес төрийн төлөвлөлт, удирдлага, хяналтад байх явдал нь хаалгаа барилаа л гэсэн үг.
Чөлөөт зах зээл дээрх гол үйл явц, ажил үйлс бол ашиг хонжоо хөөсөн өөрийгөө бодох зөв үйлдэл болой.
Харилцан ашигтай, аль аль талдаа хожоотой байх нь л жинхэнэ зарчим, хариуцлага, сахилга юм.
Би ресторанд ороод, хэсэг нөхдийн хамт зоог бариад, ажил төрлөө ярьж, гэрээ хэлцэл хийгээд, тавтай сайхан нөхцөлд саатаж, төлбөрөө төлөн сэтгэл хангалуун гарлаа гэж бодъё. Миний үйлчлүүлсэн тэр газар ашиг орлоготой, би өөрөө өег, бас бизнесийн хамтрагчиддаа таатай боломж олгож, ажлаа төлөвлөж, дараагийн ашгаа хоёр талдаа тохирсон хожоотой. Ингэж л аль алиндаа хожоотой байх нь зөв зарчим.
Бас нэг жишээ хэлье. Би хоол хийж идэх гэж мах худалдаж авна. Надад мах зарсан худалдагчид ашигтай. Бас махыг дэлгүүрт зарсан малчинд ч нэмэртэй. Хэн хэнийгээ хохироохгүй, аль аль талдаа ашигтай байх зарчим л үйлчилж байгаа хэрэг шүү дээ. Чөлөөт зах зээлд хүн бүхэн л хувийн амьдралаа сайжруулахын төлөө мачийж, сачийгаа шалгадаг. Хүмүүс өөртөө таалагдсан, өөрийнхөө сонирхсон, ажил үйлсээ сонгож, аж амьдралаа дээшлүүлж, аз жаргалаа ундраахаар амжилт руу тэмүүлж, олсон орлогоо яаж зарцуулах эрхээ эдэлдэг.
Харилцан бие биедээ өгөөжтэй гэрээ хэлцэл, наймаа арилжаа нь авсан өгсөндөө олзтой буюу өлзийтэй байх нь тэд өөрсдийгөө бодсон үйл явц мөн.
Төрийн ямар ч оролцоо, захиргаадалтгүй явагдаж буй бизнес, хүний бүхий л амьдралын үйл хэрэг зүгээр л аяндаа хурдтай дэвжиж байгаа хүмүүсийн соёлтой харилцаа нь өөрөө хөгжил болой.
Зөвхөн хорооноо ч (корона) юм уу? эсвэл аюул нүүрлэсэн нөхцөлд, дайн самууны үед, элдэв мөргөлдөөн, хүчирхийлэл, дарамт, өвчин эмгэгээс хүнээ аврах ганцхан үүрэг төрд байх учиртай. Гэхдээ хүний эрхийг бүрхэгдүүлэхгүй бодитойгоор хамгаалах эрхийг хуульчлан тордох нь саруул үйлс юм.
Товчхондоо хүн бусдыг хохироохгүйгээр өөртөө ашиг хонжоо эрэлхийлэх, өрөөлд ч өгөөжөө өгөх үйлдэл нь эдийн засгийн эрх чөлөө юм.
Энэ эрх чөлөө нь хүмүүс ихийг зохион бүтээж, сэтгэж, ашиг олж, урамшиж, тооцоотой байж, аливаа үйлсэд эрэмбэ дараатай, цэгцтэй хандаж амьжиргааныхаа төвшинг нэмэгдүүлэх таатай орчинг хүн бүрт үнэн зөвөөр бий болгодог.
Д.Сосорбарам