Ковидоор үнэ тэглэсэн цахилгааны хэрэглээ эрс ихэссэнээр эрсдэл нүүрлэж, нүүрсний 20 мянган машины 100 км-ийн түгжрэлтэй экспорт маань хумигдав. Цар тахалд барьц алдсан монголчууд олон жил гацсан төсөлдөө унтаж байгаад сэрсэн мэт гэнэт харамсаж, “төмөр замаа тавьдаг байж”, “эрчим хүчний үүсвэрээ амжуулдаг байж” гээд бузгай шийдэмгий шуугихад би урамшиж, энэ талаар урьд бичсэнээ нэмэрлэхээр зориглов. ОХУ-ын тухай тэрс үг цухуйвал хяргадгууд хүртэл төмөр зам, цахилгаан станцаа аль эрт барьсан болоосой гээд амаа барьсан гээч. Төмөр зам, цахилгаан станц гацаасан урвагчдын нэрс илрэхдээ тулж, тэвдсэн зарим нь золтой л “орос гацаасан” гэж бүлтэрсэнгүй. Ер нь дөхсөн. Дружба-найрамдал вирустээгүй ч үнэнээ ярихыг ковид-19 амьтай холбоод хөндүүр цэгээр өчжээ. 40 мянгаа буудуулсан удмын хугархай сэхээ авч муу нэрт эрх баригч нараа зөөлчилж, мега төслүүдээ гацаасан нүглийг тэдэнд тохоод орос ахаа цэвэрлэв.
V ДЦС
V ДЦС-д хөрөнгө оруулахаар сонирхсон солонгос франц япончууд хэдэн жил хүлээсний эцэст энэ төслийг Орос зөвшөөрөхгүйг мэдээд буцсан. Цөхөрсөн биз. V ДЦС барих ганц дов сая таван зуун мянган кв. км нутгаасаа ололгүй 15 жил будиллаа. Мэдээж энэ нь харийн нууц тулгалтаар өрнөж буй жүжиг. Тууз хайчилж хуврагуудаар тарина дүнгэнүүлж хадаг цай өдий төдий нүхэнд булсны зардал юу шалиа. Харин шав тавьсан дош болгонд ТЭЗҮ зохиодог бол хэсэг хүн цадаа. Гэхдээ барууны ба инээсэн данжаад нарын дээрмээс аварч байна гээд үүнд мөргөх ёстой юм гэдэг шүү. Эдийн засгийн алуурчдаас ингэж хамгаалдаг баатруудаа бид Их хурал, Засгийн газартаа бөөнддөг. Давшаад! гээд дараагийн сонгуулиар тэднийг дахиж зална.
Өдгөө ковидоор V цахилгаан станцын гацааны талаар нэхэл дагал өндөлзмөгц манай хулчгарууд “монголчуудаас болоод гадны хөрөнгө оруулагч нар V цахилгаан станц төслийг орхисон” гэж буй нь орос ахаа хайрласан нялуурал. Өндөр албан тушаалтанд нялуурахаас аргагүй айдас тулгардаг байх. Харин зохиолчдод тэгж бялдуучлах хэрэг байхгүй. Зохиолч ардчиллаар үнэнийг сөхөх боломжтой болсон. Үнэнээр нийгэм цангаагүй гэж үү. Эрх баригчдын айдсыг зохиолч нөхөх ёстой.
Ангела Меркель хэдэн жилийн тэртээ Монголд хөрөнгө оруулахад хоёр бэрхшээл байдаг. Нэгд баялгийн ордууд нь олон зуун, бүр мянган км-ийн чанад дэд бүтэцгүй цөлд оршдог, хоёрт хөршөөс нь зөвшөөрөл авахгүй бол төсөл нь явдаггүй гэж телевизээр мэдэгдэж харагдсан. Уудам цэлгэр эл хуль нутгаа туучиж, амьдралаа залгуулахад бидэнд асар их шатахуун, алс хол-өнцөг булан бүртээ эрчим хүч дамжуулахад маш урт сүлжээ хэрэгтэй. Цахилгаан бензинийхээ хугасыг ч атугай дотооддоо үйлдвэрлэхгүй бол хэрээс хэтэрсэн хэрэгцээ хэзээ ч босгохгүй.
Тэтгэврээ хүртээд эрих имрээд нүдээ аниад үхлээ хүлээгээд хэвтэхэд үр хүүхдээс хааяа халиад толгойд хоёрхон бодол эргэлдэх болж. 50-60 жил тархинд чуулсан сэдвүүд үргэн нисээд ердөө хоёр үлджээ. Нэг нь угаасан нүүрсээ төмөр замаар зөөх. Нөгөө нь эрчим хүчний эх үүсвэр.
Тулган дорх нүүрсний ордоо түшиглэж хэдэн залуу Хөвсгөл Завханы бөглүү хязгаарт станц барьж, (мөнгө нь хүрээгүйгээс хятадуудтай хамтарч), сумынхаа жижиг дунд бизнес эрхлэгчдийг тогтой болгосноор орос цахилгаанд урсдаг валютаа улсдаа шингээе гэж. Өнөөхийг нь Ц.Даваасүрэн унтрааж Хятадад эзлэгдэх эрсдэл зайлуулснаар рейтингээ өсгөж Их хурлын гишүүн боллоо. Хөл дорх хүрэн нүүрсээ цахилгаан болгох хүсэлдээ нөгөө хэд хөтлөгдсөөр 20 жилийн дараа дахиад л тууз хайчлав. 20 насаар өтөлсөн ахимаг эрс цөхрөөгүй ч эрчим хүчээ шахах элдэв гацаа мундахгүй. Эрхэм гишүүний эх оронч үйлээс ямар мөр үлдэв? Оросууд эрчим хүчээ шахсаар. Гишүүний сонгогчид ижилгүй үнэтэй импортын тогонд шулуулсаар.
Эгийн УЦС
Эгийн УЦС 30 жил саатсан. Энэ төслийг ардчиллын анхны хараацай С.Зориг шургуу хөөцөлдсөн гэдэг. Алуулаагүй бол УЦС-аа хэрэгжүүлсэн байж юу магад гэж харамсагч цөөнгүй. V ДЦС, нүүрс зөөх уурхайн төмөр зам, Багануурын цахилгаан станц олон жил гацсаныг ярих дургүй. Ярих дургүй бүү хэл, ярьсан хүнийг ад үздэг. Учир нь дээрх төслүүдийг оросууд гацаасан. Тайлбар хэрэггүй ил. Тайлбар худлыг тэнэгүүдэд үнэн болгодог.
Монголчуудад нэг зовлон байдаг. Оросод таагүй үнэнийг хэлэхдээ тулбал айхдаа “хоёр хөрш” гэж Хятадыг хамсруулж саармагжуулдаг.Ахаа аргадаж буй нь тэр чааваас. Ийм хулчгар зан залууст биднээс халдварлаад арилаагүйд гэмээ хүлээе. Миний хүндэлдэг нэрд гарсан сэтгүүлч хүртэл “Эгийн цахилгаан станцыг 20 жил хоёр хөрш маань гацаалаа” гэж бичжээ. Хятад саатуулах байтлаа станцаа барь гэж хөнгөлөлттэй нөхцөлөөр тэрбум доллар зээлүүлэх гэв үү. Үүнийг яагаад иш татав гэвэл би ч гэсэн Оросын дээрэнгүй авирыг үнэнээр нь хэлэхээс хулчийж насыг элээлээ. Дал наян жил бид орос ах гэж хуурамчаар налигнаж явснаас болж оросууд биднийг буруу ойлгож явсан. Одоо жинхэнэ нүүрээ харуулж, мөнхийн хөрштэйгөө төрмөл чанараараа айлсъя гэх гэсэн юм би.
Тэрбум долларын урт хугацааны хөнгөлттэй зээл өгч, өндөр өртөгтэй эрчим хүч импортлох ачаа хөнгөллөө гэж өмнөд хөршдөө баярлалгүй яах билээ. Эгийн гол урсдагаараа хэдэн жил урсаад л өртгөө нөхчих төсөл.
Тэгтэл хайрт орос ах нар минь Эгийн УЦС Байгал нуурт хөнөөл учруулна гээд зогсоочихов. Хятадын тал Оросууд бидэнд бичиг явуулж шаардаад байна. Түр зуур санхүүжилтээ зогсооё. Та нарыг оросуудтайгаа учраа олбол санхүүжилтээ сэргээе гэжээ. Орос Монгол-том бага хоёр хойд хөршөө эв зүйгээ олго гэсэн БНХАУ-ын хүлээцтэй хандалга “Хоёр хөрш Эгийн УЦС-ыг гацаав” гэж хальтрах-угтаа монгол сэтгүүл зүйн номлол юм.
УЦС нэгд ус бохирдуулахгүй, хоёрт Эгийн станцаас болж Байгал далай дундрахгүйг захын тэнэг монгол гадарлана. УЦС барихад аварга усан сан тогтоодог. Эгийн мөнхийн урсгал, ертөнцийн хур борооны сэлбэлтээр хиймэл нуур дүүрч бялхаад, урсац урьдынхаа хэмжээгээр Байгал нуурт цутгаж төлжүүлнэ. Эгийн голд станц барилаа гээд хурмастаас буудаг хур татарчихгүй. Тиймээс Байгал нуур усаар хомсдохгүй. Бороо ордгоороо орж, гол мөрөн урсдагаараа урсаж, эко орчин хөндөгдөхгүй хуучин хэвэндээ мөнхөрнө. Хойд хөршийн эрдэмтэд хиймэл нуур харин ч Байгал нуурт эерэг нөлөөтэйг хүлээсэн байна лээ. Хиймэл нуур манай хуурайшилд тун ашигтай.
Сэлэнгэ Ангар дахь О.Дерипаскагийн хувийн УЦС-уудаас манайх эрчим хүч авдаг юм гэнэ. В.Путины найз О.Дерипаска цахилгаанаа Оростоо борлуулдаг үнээс Буриадад 3, Монголд 9 дахин өндөр үнээр шахдагийг эх сурвалжаас уншив. Эгийн УЦС-ыг Оросын ард түмэн чөдөрлөөгүй, Монголд цахилгаан нийлүүлдэг орос олигархийн ашиг сонирхлыг ялгаж ухаарах найрсаг харилцаанд чухал. 150 сая бүгд “орос ах” биш ч ихэнх нь биднийг харж үздэг ачтай хөршийн бүтэц гэдгийг ямагт санаж яв.
Монгол улс оргил ачааллынхаа үед ОХУ-аас эрчим хүч нэмүү үнээр авахаас аргагүй болдог бөгөөд ачаалал буурсан цагаар цахилгааны ихээхэн илүүдэл үүсч, эргүүлж үнэгүй өгөхөд хүрдэг. Ингээд бид баахан эрчим хүч хоосон зарлагдаж иржээ. Энэ доголдлыг Эгийн УЦС арилгах учиртай.
Монголын төв ба хойд бүсийн гол горхи усаа Байгал нуурт бүгд нэмэрлэдэг. Үүний хариу болгож оросууд “Байгал нууртай судсан холбоотой усны асуудал бүрийг ОХУ-аас асууж, зөвшөөрөл авах ёстой” гэж тулгадаг. Оросын шаардлагаар бол Монгол горхи шандаа ашиглах толгой мэдэлгүй аж төрөх тавилантай юмсанж. Гол мөрнийхөө усны 20 хувийг нутагтаа саатуулж, бүтээн байгуулалтдаа ашиглах эрх олон улсад үйлчилдэг. Үүнийг оросууд мэдэж байгаа.
Эгийн голд УЦС баривал Байгал нуурт хөнөөлтэй гэж ОХУ-ын гаргасан гомдлыг ЮНЕСКО-гийн Өвийн хорооны 39-р чуулганаар хэлэлцэж, Өвийн хорооны эрх бүхий гишүүн улсууд “Эгийн голын УЦС Байгал нуурт нөлөөлөхгүй нь судалгаа шинжилгээгээр нотлогдсон тул хөгжиж буй Монгол улсыг дэмжих нь зүйтэй” гэсэн байр суурь илэрхийлснийг тэмдэглэе.
Эгийн гол төсөлд зөвлөхөөр Францын Трактебэл инженеринг (GDF Suez) компани ажиллав. Энэ компани эрчим хүчний салбарт дэлхийд гуравт жагсдаг. Уг компаний судалгаанаас ганц дүгнэлтийг онцлоход “нөлөөлөл 1 хувиас доош бол огт нөлөөлөхгүй гэж тооцдог бол манай станц ашиглалтад орсноор Байгал нуурт 0,023 хувиар нөлөөлнө” гэсэн тооцоо гарчээ.
Багануурын ДЦС
Багануурын ДЦС-ыг сайд асан Ц.Даваасүрэн, “Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр хоёр, Багануурт станц баривал Хятадын арми хяналтаа тогтоож, 5000 хужаа бүхий хятад тосгон үүсэж, ах нарын барьж өгсөн нийслэл дэх станцууд асар хүчтэй хятад тогонд навс цохиулж шатна гэх шахуу инээдэмтэй битүү утга бүхий марзан ухуулга цацсан. Энэ ухуулга хужааг үзэн ядагчдын цөсийг хөөргөж, Багануурын станцыг зогсооход муугүй нөлөөлсөн. Харанхуй тархи тоглоом болдгийн жишээ. Багануурын станцыг олны шаардлагаар царцаах санаа хужааг үзэн ядагчдыг дэврээснээр бүтэв.
Хүний насжилт дунджаар 60-65 гэвэл ДЦС-ийн насжилт 25 гэж тогтоожээ. Манай станцууд 40-өөс 50 жил ажилласан. Хүнээр бол манай станцууд 120-150 нас зооглоод буй хөгшид юмсанж. Оросууд биднийг ДЦС ба УЦС шинээр барихын оронд 120-150 настай буурай нарынхаа тархи, зүрх, уушиг, ходоод, бөөрийг соль гэж өндөр хүүтэй зээл амлав. Нас сүүдэр нь хоёр дахин хэтэрсэн станцуудын элэгдэж үхэжсэн цогцсуудыг авч хаяад оронд нь суулгахад тохиромтой донор “эрхтэн”-үүдийг зөвхөн Оросоос авахаар тохирчээ. Энэ нь цахилгаанаа шахахын дээр араас нь сэлбэгээ бас шахах тулгалт аж. Тэр нь дүүрч гэхэд хоцрогдсон орос технологиор үйлдсэн эд анги дорхноо эвдэрч ахин дахин зөөж ядуу бидний валют хойшоо урсана. Мануусыг ийм аргаар шулахын тулд юм ухаардаггүй маанаг, арчаагүй, ядуу, дорой байдалд уяад, чадамж өндөр шинэ технологиор эрчим хүчний сүпер эх үүсвэр барихыг зөвшөөрдөггүй уламжлал-ужиг агаад хорон хажир.
Өвгөн станцууд оргил ачааллын үед бүх тэнхээгээ шавхаж, дээр нь Оросоос авдаг өндөр үнэтэй цахилгаанаар сэлбэвч, нөхөх үүсвэр-зуух трубингүй учир нүүрсээ нүдээ аньж өрдсөөр осол гарах хутагны ирэн дээр өвөлждөг. Эрчим хүчний доголдлыг хаах, өсөн нэмэгдэх хэрэглээг хангах маш чухал төсөл бол Багануурын станц! Гэтэл зогсоочихов. 40 хэмд тэг зогсолт болбол хот тэс хөлдөнө. ДЦС-ын ажилтан инженерүүд болохгүйг болгон монголчилж, эрсдэл бүрийг зайлуулж яваа нь юутай их буян бэ.
120-150 настай хөгшдөд эрхтэн шилжүүлэх хагалгаа хэдэн он хүртэл, хэдэн удаа хийлгэх-таавар. Орос геополитик мэдэх асуудал. Хөгшид хагалгаагаа даагаасай гэж залбиръя. Дундаж насжилтаасаа хоёр дахин урт сүүдэр зооглосон буурай станцуудыг гадаад дотоодын докторууд шинжлээд үхэх цаг нь хэтэрчихэж. Хасах 40 хэмийн оргил ачааллынхаа үед дэлбэрэх аюул тун ойртжээ гэж анхааруулсан ч манай эрх баригчид эрдэмтдийн үгэнд ордог жижиг гарууд биш билээ. Өтөл станцууд эцэстээ тулаад амьсгал хурааж хот хөлдвөл оросууд өндөр үнэтэй цахилгаанаа зовлонг далимдуулж буяны үйлсээр бүр өндөр өртгөөр шахаж туслах ч заавал тэгж амиа дэнсэлж өрөнд унах хожоо гэж үү? (Багануурын станц гэх гарц харагдсаар атал).
Багануур төслийн нийт өртөг 1,2 тэрбум ам. доллар. Барих-ашиглах-шилжүүлэх гэрээг 2015 онд хөрөнгө оруулагч талтай үзэглэсэн бөгөөд 25 жилийн дараа Монголд үнэ төлбөргүй шилжүүлэх юм. Технологийн хувьд хүчин чадлаа 140 МВт хүртэл бууруулж маневрлан цохицуулах боломжтой. Гэрээт хугацаа дуусмагц нэг ч төгрөг төлөлгүйгээр өөрийн мэдэлдээ авахаас гадна концессын 1,2 тэрбум ам. долларын гэрээнд Монгол улсын Засгийн газраас ямар ч баталгаа шаардахгүй гэх заалт тусгачихаж. Мөн худалдах, худалдан авах гэрээнд зааснаар станц ашиглалтад орсноос хойш эхний 1-4 жилд 220 МВт-ыг нэг блокоор нийлүүлнэ. Тав дахь жилээс хоёр блокыг тус бүр 220 МВт-аар, зургаа дахь жилд тус бүр 245 МВт-аар шат дараатай нийлүүлэх уян нөхцөл гэрээнд заагаад өгч. Гол нь сайжруулах боломж нээлттэй. Монгол ухааны тэнхээ мэднэ. Хаах гэж зүтгэх бол харь санаа.
Арван жилийн дараа буюу 2028 онд блок тус бүр нь 315 МВт-аар ажиллаж эхэлнэ. Энэ нь технологийн хувьд том дэвшил, бас цахилгааны найдвартай аюулгүй ажиллагааг хангах эх үүсвэр юм. Тус станц нэг кВт цахилгааныг өдгөө ОХУ-аас импортолж буй цахилгааны тарифаас хямд үнээр Төвийн бүсэд нийлүүлэх нөхцөл тавьсан. 21 жилийн хугацаанд үсрээд 70 сая тонн нүүрс хэрэглэнэ. 812 саяын нөөцтэй уурхайнхаа аман дээрх станц тээврийн зардлаа хэмнэнэ. Хүчирхэг боловсронгуй, маневрлах өргөн боломжтой төсөл. Нас хэтэрч үжирсэн станцуудаа жил бүр өртөг хайрлахгүй сэлбэн хальхуулж, олноо хорлох бодлогыг хэн хэн зүтгүүлээд байна вэ.
Монгол улсын хөдөлмөрийн хууль, Засгийн газраас олгодог гадаад ажилчдын квотын дагуу Хятад ажилчдын тоо хязгаартай агаад ажиллагсдын 90 хувь монголчууд байна гээд гэрээгээр тохирчээ. Юун 5000 хужаа, юун Хятадын арми вэ? Хүчдэлээ маневрлан тохируулах боломжтой тул юун шатах аюул бэ? Их Хятадын сонирхол дэлхий. Тэд маниусыг тоож, хааж боохгүй. Гацаа бол эрчим хүчээ БНХАУ-д ахиу борлуулах гэсэн оросуудын монголчуудыг дээрэлхэж элэг барьдаг авир төдий юм. Хөгшин станцуудаа байнга сэлбэж хөрөнгөө дэмий үрдгийг орхиж, орчин үеийн станц барих санаа ийнхүү биелсэнгүй ээ. Манай хуучин станцуудыг Орос бариад төлбөрөө биднээс бүрэн гүйцэд авчихсан ч аварга савар атгаастай.
В.Путин: “Монгол улсын эрчим хүчний хомсдолыг нөхөхөд Оросын цахилгаан станцуудаас Монгол руу нийлүүлэх эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх бололцоотой”. (Гурван улсын төрийн тэргүүний уулзалт. Ташкент). О.Дерипаскагийн өндөр үнэтэй цахилгааныг импортлохын тулд өөрийн эх үүсвэрийг хаадаг манай зарим эрх баригчдын хар санааг Путины үг тайлах шиг. Багануурын станц ядуу бидэнд чухал, эрчим хүчээ ижилгүй үнээр шахдаг оросуудад халтай төсөл болж таарав.
Хуучин мэдээ: Эгийн УЦС-ыг Байгал нуурт сөрөг нөлөөтэй гээд зогсоох үед ОХУ-ын Монгол улс дахь Элчин сайдын Яам мэдээлэл хийв: “Монгол улсын эрчим хүчний дутагдлыг шийдэх өөр хувилбарыг (УЦС биш. Ц.Д) харилцан ашигтайгаар хэлэлцэхэд манай тал бэлэн. Бидний авсан мэдээгээр эрчим хүчний урт хугацааны нийлүүлэлтийн талаарх талуудын хэлэлцээр амжилттай урагшилж байгаа. ...одоо ажиллаж байгаа объектуудыг шинэчилнэ гэдэгт найдаж байна” гэжээ.
Шинэ мэдээ: Эрдэнэтийн 49 хувь 400 гаруй сая доллар гэл үү? Тэгвэл III ДЦС-д оросууд 655 сая долларын сэлбэг шахсан мэдээ сошиалд цохиж явна. Багануурт босох станцын нийт өртгийн талаас илүү өртөгтэй сэлбэг?! Гайхалтай. Арай худал байгаа. Энэ мэдээг нягтлах “шилэн” гэдэг нь бий юү, хулхи шилэн болсон уу. 655 саяыг шилэнгээс магадлаад жиргээч.
Төгсгөл
Үнэн байдлаа ойлгуулж, байр сууринаасаа яав ч хазайхгүйгээ гурван саяул тууштай баримталбал хөрш харгалзах нигуртай. Унхиагүй дүнхүү лоймлууд дээрэлхүүлдэг бөгөөд “хохь нь” гэхэд бурхан ч өмөөрөмгүй.
Гэвч асар их хохиролд унагах орос ахынхаа тулгалтыг “үгүй” гэж түс тас зөрж зүрхэлдэггүй манай эрх баригчдын хулчгар зан буруутай мэт харагдавч, түүхэн хөндүүр хөөрхий тэдэнд минь бий. Тэдний ой санамжид Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал цаашаа А.Амар, П.Гэндэн гээд Д.Бодоог хүртэл олон арван удирдагчдын маань хувь тавилан бичээстэй байгаа. “Үгүй бол үгүй”, “За бол за” гэдгээ шууд мэдэгдвэл аюулгүйн баталгаа эрсдэлтэй хэвээр тул манай эрх баригчид айсандаа муу хэлүүлээд дуугай хохирч явна. Баяр Энхсайхан Ганболд Баярцогт Бямбасайхан, хоёр Эрдэнэбат нарыг шоронд хорив. Ээлжит ардын дайснууд. Америкийн тагнуулууд.
Орос Монгол хоёрт наймаалцах бараа хомс юм чинь худалдаагаа яаж тэлэх вэ? Нүүрсээ харилцан солилцох уу? Хоёул адилхан чулуу шороогоо зарах гэж өрсөлдөж буй. Авдаг ойрын ганц хэрэглэгч нь Хятад. Хятадаа булаацалдаад бидэнд төмөр зам тавиулсангүй. Хятадын мангас шиг ходоод Орос Монголынхоос гадна Австрал Индонезийн нүүрсийг өлхөн залгидаг тул манай төмөр замыг гацаах-нэрийн хор баймаар. Буурай бидний даржин экспортыг холгосноор их Оросын хөгжилд үсрэлт гарна гэж үү? Ер нь аливаа төсөлд Москва хялайвал Улаанбаатар гадны хөрөнгө оруулагчдад хүлээж авах нөхцөлгүй болзол тулгаад цаадуул нь зайлдаг. Тэгээд бид буруугүй тэд буруутай гэхэд Чингисийн удам гэгч сагсуу гарууд алга нижигнүүлнэ гээч.
Нүүрсээ төмөр замаар бүү тээвэрлэ гээд нүүрсний орос магнатууд тушаачихсан юм. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гэж том дуугараад буй нь ийм учиртай. Архивт үлдэх баримтгүй орос олигархиудын нууц аман сүрдүүлгийг задруулах сачийгүйдээ “өргөн нарийн цариг” гэж монголчууд өвөр хоорондоо талцаж маргаад буйгаар дотоод гадаадад мэдээлдэг. Өөрсдийгөө дүнхүү балай гэж ойлгуулснаар Орос ахдаа тал засаж буй арга ядалт. Яг үнэндээ харанхуй бүдүүлгээрээ дуудуулдаг монголчууд-бид өргөн нарийн цариг гэж мангартаагүй. Шинэчлэгдэж буй Орос удахгүй дэлхийн стандарт-нарийнд шилжээд бид хөрөнгө хүчгүйдээ өргөн царигтай ганц од болж үлдэх вий. Өргөн цариг, кириллтэй?!
Ц.Доржготов /baabar.mn/