Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр улсын хэмжээнд нийт 5,961 хүний сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 31 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос бүртгэгдсэн бол нэг тохиолдол нь Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүн байна. Ингээд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 62 боллоо.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн COVID-19 халдварын нийт тохиолдол 993-д хүрлээ. Үүнээс 509 хүн эдгэрээд байгаа бол өнөөдрийн байдлаар 475 батлагдсан тохиолдол эмчилгээнд байна” гэлээ.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Манай улсын хэмжээнд 32 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Коронавирусийн халдварын эсрэг 278 эмч тасралтгүй ажиллаж байна. 406 мянган хүн шинжилгээнд хамрагдсан. 25 объектын 5120 кв м газарт халдваргүйжүүлэлт хийсэн.
Гашуунсухайт боомтод 64 хүн шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Өнгөрсөн хугацаанд 119 утсанд 3991 хүн хандаж, мэдээлэл, зөвлөгөө авсан байна.
Дэлхий дахинд нийт 75.1 сая гаруй хүн халдвар аваад байна. Өдөртөө 808 мянган хүн шинээр халдвар авч байна. ОХУ, БНХАУ-д өвчлөл бүртгэгдсэн хэвээр байна. ОХУ-д 26-28 мянган хүн шинээр халдвар авч байна. Голомтын идэвх өндөр хэвээр байна. Дэлхийн бусад улсад ялангуяа Япон, БНСУ халдвар нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан эмнэлгийн орны ачаалал, ялангуяа эрчим эмчилгээний тасгуудын ачаалал нэмэгджээ. Өвчтөнүүд сэхээн амьдруулах хэсэгт шилжих нь нэмэгдэж байна.
Улаанбаатар хотод эрсдэл өндөр байна. Шинэ жил болох гэж буйтай холбогдуулан ард иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хязгаарлалтын дэглэмийг чанд сахих хэрэгтэй байна. Нийслэл хотод халдварын дэгдэлт эрчимтэй байгаа энэ үед хүн бүр амны хаалт зүүж, хүнтэй контактад орохгүй байх, стрессгүй, айж сандрахгүй байх, эв нэгдэлтэй байх, халдвар хамгааллын бүхий л арга хэмжээг авах шаардлагатай байна. Яаран эмнэлэгт очихгүй байхыг зөвлөж байна" гэлээ.