x

Хууль зүйн сайдын буцалт ба хувийн хэвшлийг дарангуйлах нь

Хууль зүйн сайд Х.Нямбаатар өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, Эрүүгийн хуульд оруулж буй зарим өөрчлөлтөө буцаах болсноо мэдэгджээ. Өмнөх парламентын үед буюу өнгөрөгч нэгдүгээр сард УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр өмнө Зөрчлийн хуульд байсан “гүтгэх” заалтыг “худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн ял шийтгэлтэй болгосон билээ.

Харин энэ удаа уг заалтыг дэлгэрүүлэн “сонгуульд оролцсон улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж үйлдсэн бол 5400 нэгжтэй тэнцэх /5.400.000 төгрөг/ хэмжээний торгууль оногдуулах болон нэг жил хүртэл хорих ялаар шийтгэх,

Энэ гэмт хэргийг "зохион байгуулалттай бүлэглэл" /3 болон түүнээс дээш хүн/ үйлдсэн бол 27 сая хүртэл төгрөгөөр торгох, эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээд оролцсон бол 80 сая хүртэл төгрөгийн торгууль оногдуулах” хууль санаачилсан байдаг.

Хуулийн төсөл Хууль зүйн яамны сайтад тавигдсаны дараа МСНЭ-ээс мэдэгдэл гаргаж, сэтгүүлчид эсэргүүцлээ илэрхийлсний дараа Х.Нямбаатар сайд төслийн 5 дахь заалтыг /сонгуульд нэр дэвшиж байгаа улс төрийн нам болон нэр дэвшигчтэй холбоотой/ хасч байгаа юм байна. Дээрх заалтыг яагаад хуульчилж болохгүй тухай өмнө нийтэлсэн.

Гэвч үүнээс дутуугүй хохирол учруулж болох бас нэг заалт хуулийн төсөлд байгааг энд сануулах гэсэн юм.

Төслийн 4-т зааснаар “гамшиг, цар тахлын үед үнийн хөөрөгдөл, бараа, бүтээгдэхүүний хомсдлыг бий болгож үйлдсэн бол” мөн дээр заасан хэмжээний ял шийтгэлтэй байхаар төсөлд бичсэн байна. Нэг үгээр үнийг төрөөс тогтоодог, барьдаг болох нь. Хэрвээ тогтоосон үнээс хэтэрвэл хорьж яллана, торгож шийтгэнэ.

Өнгөрөгч долоо хоногт ОХУ-д үүнтэй төстэй бас нэгэн шийдвэрийг ерөнхийлөгч Путин гаргасан байна. Сахар, ургамлын тос, макарон гоймонгийн үнийг барих шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Энэ жил ургац муу байснаас /наранцэцэг, улаан манжингийн ургац алдсан/ сахар, ургамлын тосны үнэ өссөн нь цар тахлын гамшгийн үед иргэдэд ачаа дарамт болж байна хэмээн үзэж, дээрх бүтээгдэхүүний үнийг гурван сарын хугацаанд тогтвортой барих үүргийг ерөнхийлөгч өгсөн байна. 

Хойд хөршид авсан үнэ тогтоох арга хэмжээг манай Засгийн газар мөн авч хэрэгжүүлэх бололтой. Гэвч хор хөнөөл нь хойд хөршид авсан арга хэмжээнээс давж гарахаар болчихоод байна. Ялангуяа импортоос хэт хамааралтай эдийн засагтай орны хувьд.

Тухайлбал, цар тахлын үед дотоодын үйлдвэрлэл буурч, хилийн хориг тавигдсанаар импорт ч мөн адил буурсан. Урд хөрш хилээ хааснаас болж дотоодын нарийн ногооны үнэ өсч, лангуунаас алга болсон нь эхний баримт. Гэтэл Засгийн газар “Үнэ хөөргөдвөл эрүүгийн ялтай” хууль батлуулаад, үнэ тогтоогоод эхэлбэл юу болох вэ?

Сануулахад бид өнөөдөр чөлөөт зах зээлийн нийгэмд амьдарч байна. Монголчуудын идэж, өмсөж, эдэлж хэрэглэж байгаа бүхнийг хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэж, худалдаалж, үйлчилгээ үзүүлж байгаа.

Зах зээлийн үндсэн зарчим нь зах зээл өөрөө үнээ тогтоодог. Төр үүнд хөндлөнгөөс оролцох боломжгүй. Оролцвол жинхэнээсээ хомсдол бий болгоно гэсэн үг. Тэр тусмаа хувийн хэвшлийнхний үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлж буй үнэ дээр төр оролцох эрхгүй төдийгүй тийм боломж ч байхгүй. Учир нь үнэ гэдэг эрэлт, нийлүүлэлт дээр тогтдог зүйл. Хаана эрэлт байна, тэнд нийлүүлэлт хийгдэж, хэрэглэгч, нийлүүлэгчдийн харилцан итгэлцэл дээр үнэ тогтдог. Хэрвээ төр үүнд нь оролцоод, үнийг бариад эхэлбэл, бизнесүүд үйлдвэрлэл явуулах, үйлчилгээ үзүүлэх хүсэлгүй болно. Учир нь ашиг байж бизнес явдаг, ашиггүй бол ашигтай харагдаж байгаа өөр салбарт шилжихээс өөр аргагүй болно. Ерөөсөө зах зээлийн үндсэн зарим энэ. Архи, пивоны үнийг төрөөс тогтоодог бол АПУ байхгүй, талхны үнийг төрөөс тогтоовол “Талх чихэр” ажиллахгүй.

Учир нь үнэ гэдэг бол зах зээлийн өөрийнх нь дохиолол. Хаана үнэ буюу өртөг бий болж байна, тэнд бизнес явдаг. Тэр дохиолол ажиллахгүй болчихвол бизнес явахгүй. 

Яг үнэндээ ерээд онд Монгол Улс “тэг” зогсолт хийхэд хувийн хэвшлийнхэн бүгдийг нуруун дээрээ үүрч гарсан. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй мөлхөж, хоёр хөршөөсөө зөөсөн. Улсын татаасаар үйлдвэрлэл явуулж, ашиггүй ажилладаг байсан үндэсний бүх үйлдвэрүүд зогсоход иргэд өөрсдөө “Тохиролцооны дэлгүүр” гэдгийг нээгээд гаднаас бүгдийг нь зөөсөн. Улс шатахуунаа авч чадахгүй байхад иргэд өөрсдөө яваад канистраар, цистернээр нь зөөсөн байдаг юм. Яагаад гэвэл бензин үнэтэй байсан учраас тэр. Тийм учраас Монгол Улс шатахуунаар тасраагүй. Хэрвээ тэр үед бензиний үнийг төрөөс барьдаг байсан бол хэн ч бензин зөөхгүй.

Тиймээс зах зээлийн энэ “дохиолол” нь асаатай л байвал монголчууд яаж ийгээд хэрэглээгээ хангана. Үйлдвэрлэлээ явуулна, үйлчилгээгээ эрхэлнэ. Хэрвээ энэ дохиолол ажиллахаа больчихвол, “үнэ хөөргөдлөө” гээд бүгдийг нь барьж хориод, торгож шийтгээд эхэлбэл эргээд нөгөө ерэн он луугаа л очино. Жинхэнээсээ барааны хомсдол бий болж, лангуунууд хоосорно. Үнэ тогтоогоод эхэлбэл жижиг бизнесүүд бүгд дампуурна, харин томууд нь лангуугаа хаагаад хар зах руу гаргана. 20-30 хувиар нэмэгдэх байсан бол 2-3 нугалсан үнээр гаргана. Яг социализмын үеийнх шиг.

Социализмын үед Монголд үйлдвэрлэсэн ноолууран цамцыг дэлгүүрээс биш, Дэнжийн мянганы захаас авдаг байсан юм шүү дээ. Их дэлгүүрт хагас өдөрт алалцаад дууссан өнгөт зурагтыг маргааш нь хоёр нугалсан үнээр хар захаас авдаг байлаа. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
1924 оны Үндсэн хууль 24 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 34 мин Энгийнийг ухаалгаар 41 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2 цаг 10 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 3 цаг 22 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 3 цаг 36 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 3 цаг 43 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 4 цаг 49 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 5 цаг 10 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 18 цаг 12 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 23 цаг 26 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 23 цаг 43 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top