Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт Улсын хэмжээнд 20,633 хүн шинжилгээ хийхэд долоон хүнээс коронавирус илэрлээ.
Улаанбаатар хотод зургаан тохиолдол батлагдсан бөгөөд дөрөв нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээгээр илэрсэн. Харин хоёр нь Амгалан гаалийн газрын ажилтан болон хүү нь байна. Гаалийн газарт тандалтын зорилгоор хийсэн шинжилгээнээс халдвар илэрсэн.
Сэлэнгэд нэг тохиолдол илэрсэн нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрлээ.
Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Дотоодын халдварын нийт тоо 454 болоод байна.
Ингээд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 905 боллоо.
Үүнээс одоогоор 384 хүн буюу 42.5 хувь нь эдгэрээд байгаа бол 512 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна” гэлээ.
Мөн тэрээр "Гаалийн газрын ажилтны ойрын хавьтал буюу гэр бүлийнхэн, ажлын газрынхан гээд 50 хүнийг тогтоон шинжлэхэд халдвар илрээгүй. Одоогийн байдлаар дам хавьтал болсон 114 хүнээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна.
Ажиглалт, тандалтын сорьцод коронавирус илрэх асуудал гарна. Иймээс ард иргэд маань өөрийгөө хамгаалж амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, олон хүн цугларсан газар очихгүй байх хэрэгтэй.
Улаанбаатар хот халдварын голомттой бүс учраас батлагдсан тохиолдлуудын хавьтлуудыг давтан шинжилгээнд хамруулахаас гадна тандалтын шинжилгээг хийж байгаа. Тандалтын шинжилгээг олон хүн ажиллаж буй байгууллагууд, хүнсний худалгааны төвүүдэд хийгээд явж байгаа. Эдгээр эгзэгтэй цэгүүдэд шинжилгээ хийж, халдварыг олж авч байгаа нь илрүүлгийн чухал асуудал. Энэ тохиолдлоос болоод хөл хориог цуцлах Засгийн газрын шийдвэр өөрчлөгдөх эсэхийг би мэдэхгүй” гэлээ.