2020.12.08.
Гудамжинд нэг ч хүүхэд алга. Дэлгүүр, эмнэлэг явахад ганц ч тааралдсангүй. Гэртээ байхдаа нураачих гээд байдаг нөхдийг хэдэн зуу, мянга, хоёр гурван мянгаар нь өдөржин тогтоон барьж өгдөг буянтай газар - цэцэрлэг, сургуулиуд цоожтой, нам гүм. Үдэш болохоор хав харанхуй. Нярай, нялхуудыг ээж аавууд манцуйлаад гарахаа больжээ. Хүүхдийн тоглоомын талбайнууд эзгүй. Компьютер тоглоомын гадуур энд тэнд булагнан тамхи улалзуулж зогсдог ахлах ангийн аавын цээжүүд, толгой нийлүүлэн шивнэлддэг охид ч харагдаагүй.
Дорхноо нар шингэх өвлийн тэнгэр доорхи хот сааралдуу, гудамжаар зөрж өнгөрөх ганц хоёр томчуудын өвлийн хувцас голдуу хар бараан. Өнгө өнгийн хувцсаар алаглаж явдаг хүүхдүүдгүй харагдах хот. Хэдий хөл хориотой ч томчууд орж гарч болох бол багачууд зөвхөн гэртээ бүлтэгнэж, бужигнаж, дэлгэц харж хичээлээ хийхийг оролдож суугаа. Хөл хориог хамгийн сайн, бүр төгс сахиж буй хүмүүс бол тэд билээ. Ковид, хөл хорионы талаар саналаа хэлэх, эсэргүүцэх эрх тэдэнд байхгүй. "Ерөнхийлөгч өө, коронавирус гараад хүүхдүүдийг амраасан тээ, одоо эцэг эхчүүдийг амраахгүй бол тэд үхийшдээ, тэгээд хүүхдүүд яаж амьдрах юм бэ, энийг шийдэж өгөөч" гэж нэгэн жаал чин сэтгэлээсээ санаа зовж шаардсаныг эс тооцвол.
Нэг бодоход томчууд ба багачууд өдөр шөнийн ихэнх цагт цугтаа байгаа нь юутай завшаан. Гэхдээ ...
Дээрхэн ТЭДИ төвийн шатаар өгсөж явтал нэгэн ээж арав гаруй насны охиноо толгой түрүүгүй загнасаар зөрж уруудлаа.
-Юуны чинь гар утас авах! Чи эхлээд давтлага авахгүйгээр хичээлээ ойлгодог болчих. Чи утсаар яахийн. Чи утас барих хүн мөн үү...
Бодвол ээжийгээ дагаж яваад лангуун дээрхи гоё утсуудыг хараад тэсэлгүй саналаа хэлсэн чинь олны өмнө хамгийн дотно хүнээрээ элдвээр хэлүүлж гутаагдсаар цааш одов. Тэр ээж гэртээ яаж загнадаг бол? Манай монголчууд үр хүүхэдтэйгээ ширүүн харьцах нь элбэг. Хайр нь дотроо хал нь гаднаа байж мэдэх ч өөрийн ба бусдын хүүхдийг загнаж зандарсан, харааж зүхсэн хүмүүс алхам тутамд тааралдана. Ах аа, эгч ээ гээд хөөрхөн асуугаад очиход хэг ёг, тоомжиргүй хариулах нь олон. Ямар нэгэн хаалга үүдээр шагайвал ёс юм шиг хөөж тууна: Хөөе, чамд юу хэрэгтэйв, яах гэсийн?
Манайд автобусанд хүүхдүүд том хүнийг, ялангуяа ахмадыг хүндлэн суудал тавьж өгдөг нь сайн. Харин хүүхдийг өөрийг нь бас суулгах ёстой, яагаад гэвэл тэд бие жижиг учраас тормоослоход хөл дээрээ тогтохгүй, яс нь бэхжээгүй байдаг тухай хэн нэгэн ярихыг сонсоод толгой руугаа ён хийтэл ухаарч, хэд хоногийн дараа автобусанд тухалж явтал өөрөөсөө том шахам үүргэвчтэй охин орж ирэхэд бушуухан босч суулгаад, хүмүүс намайг дотроо магтаж байгааг төсөөлөн маадгар зогсож байтал нэг нөхөр тэр охин руу дөхөж ноцтой гэгч хармагц цаадах нь үүргэвчээ чирсээр босч билээ.
Бид хүүхдийг зэмлэнэ, тэгээд загнана, нэг өдөр алганы амт үзүүлнэ, нэг мэдэхэд суран бүсээр ороолгоно. Сайныг санаж үүнийг хийнэ, томоотой, үгэнд ордог, үг даадаг болгохыг хүснэ. Үүндээ дасна, яваандаа шийтгэл чангарна. Үе үе гардаг аймшигт хэргүүд зүгээр л загнахаас эхэлсэн. Дандаа ойр дотнын хүмүүс үйлдсэн байдаг билээ. Тэрнээс биш гэнэтхэн нэг өдөр босоод уур хүрч хүүхдээ гэмтээж бэртээдэг, зодоод алчихдаг юм биш.
Монголд гэр бүлийн хүчирхийлэл, бас автын болоод бусад осол, элдэв гэмт хэрэгт өртөж амиа алдсан хүүхдүүдийн дурсгалд зориулсан бяцхан хөшөө босгохсон. Сүүлийн жилүүдийн тоо бүртгэл статистик хөтлөх хэмжээнд хүрчээ. Урьд нь ийм хэрэг гардаг байсан ч одоо цагт интернэт, нийгмийн сүлжээний ачаар бүх нийтээрээ хилэгнэж, хамгийн сүүлийн тохиолдол гэхэд эрхэм гишүүд, төрийн өндөрлөгүүд хэдэн өдөр турш ширүүн дүр үзүүлэн хэлэлцсэн. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаас ямар арга хэмжээ авах талаар УИХ-ын гишүүд нэхэхэд, удахгүй он гараад үндэсний чуулган хийж холбогдох байгууллагууд ажил үүргээ хуваарилж авна гэсэн утгатай юм хэлээд "Юу яриад байгаа юм бэ, дуугүй явж хамгаал" гэж амаа алгадуулсан. Зөв байх. Танайд, танай хөршийнд, хаа нэгтээ гэр бүлийн хүчирхийлэл гарч байгааг мэдвэл яг одоо утасд гэдэг нь бодлого, төлөвлөгөө, хурал семинараас хамаагүй дээр.
Төгсгөлд нь хаа нэгтээ уншсан хоёр сургаал:
Нэг.
Далайн давалгаагаар мянга мянган загас (далайн од, наймаалж гэх мэт хувилбарууд байдаг) эрэгт шидэгдээд хурц наранд хатаж үхэж байна гэнэ. Харин нэг хүн захаас нь аваад ус руу буцаагаад шидэж гарлаа.
- Бүтэхгүй ээ. Орхи. Энэ олон юмыг аварч чадахгүй ээ. Хэнд хэрэгтэй юм бэ?
- Энэнд хэрэгтэй гээд дахиад нэгийг авч ус руу чулуудав
Хоёр.
Нэг эмгэн талх эмтлэн тагтаа руу шидэн хооллож байгааг харсан залуу
-Та болиоч ээ. Хайран талх. Африкт хүүхдүүд талхгүй өлсөж байхад ...
-Хүү минь, би Африк хүртэл талх шидэж чадахгүй ээ. Чадахаараа энд хичээж байна.
Ажиглагч /baabar.mn/