Өнгөрсөн нэг хоногийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн шинэ тохиолдол 27 бүртгэгдэж, нийт халдварын тоо 699 болжээ. Шинээр илэрсэн халдварын тохиолдлын 20 нь Сэлэнгэ аймагт, Улаанбаатарт зургаа, Дорноговь аймгийн Айраг суманд нэг тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүний өмнө ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлэхдээ “дотоодын халдварын тохиолдлууд төмөр зам дагуу тархаж байна. Улаанбаатар төмөр зам хөл хорионы үед спортын арга хэмжээ зохион байгуулж, ажилчдаа олноор нь бөөгнөрүүлсэн нь халдварын эрсдлийг нэмлээ” хэмээсэн билээ. Гэсэн ч халдвар хаанаас орж ирсэн тухай бүрэн мэдээлэл өгөлгүй 10 гаруй хоносон байдаг юм.
Харин олон нийтийн сүлжээгээр иргэд бичээд эхэлсний дараа буюу өчигдөр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа анх удаа “Төмөр замын ойн баярт ОХУ-аас ирсэн зочид коронавирусийн тусгаарлалтад хамрагдаагүй, тухайн улсдаа шинжилгээ өгсөн бичигтэй ирсэн учраас шинжилгээнд хамруулаагүй” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, тэр болтол УОК уг мэдээллийг нуун дарагдуулсан гэсэн үг. Хэрвээ нуун дарагдуулаагүй бол бусад тохиолдлуудын нэг адил “Тэмцээн уралдаанд тэнд болсон, тэдэн хүн оролцсон, тэдийг нь тусгаарласан” гээд баримттай, тоотой ярих ёстой биз дээ. Гэтэл “Тэндээс халдвар тархсан байж магадгүй” гэх шиг бүдэг бадаг юм ярьсаар өдийг хүрсэн билээ.
Гэтэл энэ хооронд хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон /Төмөр замын ой тэмдэглэж, гадна дотноос хүн цуглуулах шийдвэр гаргасан/ УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа аль хэдийн Герман улс руу зугтаад явчихсан ч юм байна. Ганцаараа ч биш, ЕТГ-т ажилладаг хүү Ж.Гарьд, дүү Ц.Жүгдэрням нартайгаа гурвуулаа.
Ингэхдээ УОК-ийн шийдвэрээр цуцлагдаад байсан 11-ний өдрийн Франкфуртын нислэгээр ХБНГУ-ыг зорьжээ. Цуцлагдсан нислэгийг сэргээхэд Австрали улсад Элчин зөвлөхөөр томилогдоод байгаа Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ /Зам тээврийн хөгжлийн дэд сайд/ хүчин зүтгэж хөөцөлдсөн тухай эх сурвалж мэдээлжээ. Мөн Герман улс руу зорих болсон шалтгаан нь өвчний улмаас гэдгийг ч мэдээлсэн. Өвчний учир гэдгийн баталгаа болгож ХНН-ийн орлогч дарга нар нь /9 орлогч тус бүр/ 500 ам.долларын хандив, тусламж өгсөнөө хүртэл өчсөн байна. Хэрвээ тийм бол яагаад Франкфуртын тусгай үүргийн нислэгийг сэргээсэн яагаад олон нийтэд мэдээлэлгүй нууцалсан хэрэг вэ? Иргэдэд ч гэсэн өвчин зовлон, аминд тулсан хэрэгцээ байхгүй гэж үү?
Гэхдээ энэ бол жич асуудал. Гол асуудал нь ЭМЯ, ХӨСҮТ-өөс хийсэн “ОХУ-ын иргэд ойн баярт зочноор оролцсон” гэх мэдээллийн араас УБТЗ ХНН-ээс өдөрт нь /2020.11.24/ мэдэгдэл хийж, “ЭМЯ ташаа мэдээлэл тарааж байгууллагын нэр хүндэд халдлаа” хэмээсэн явдал. Тус байгууллага “Дархан өртөөний 70 жилийн ойн баярт ОХУ-аас ямар ч зочид төлөөлөгч ирээгүй. Монгол Улсад ажиллаж байгаа ОХУ-ын мэргэжилтнүүд ч оролцоогүй хэмээн мэдэгджээ. Манай байгууллага халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж байгаа” хэмээн мэдэгджээ. Мөн ойн баярыг тэмдэглэх ажиллагаа нь хорио цээрийн дэглэм зөрчөөгүй, Засгийн газар,Онцгой комиссоос “соёл урлаг, нийтийг хамарсан арга хэмжээг хэвийн горимд шилжүүлэх” шийдвэр гарсны дараа уг арга хэмжээг зохион байгуулсан” гэв.
Ингээд хэргийн эзэн ч олдохоо болив. Дарга нь гадагшаа зугтсан, цэргүүд нь залруулга хийчихсэн. Хонь бүрэн, чоно цатгалан гэдэг бил үү?
Гэсэн ч нэг зүйл сонирхол татаж байна. Хэрвээ ОХУ-аас зочин гийчин уриагүй бол ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хаанаасаа баахан “шинжилгээний бичигтэй” оросуудыг оруулаад ирсэн хэрэг вэ? Яагаад өнөөдөр гэнэт үгээ өөрчилж “Би тийм мэдээлэл хийгээгүй, сэтгүүлчид үг мушгиж байна" гэж хэлэх болов?
Үүний ард ганцхан тайлбар байна. УОК буруугаа хүлээн зөвшөөрөхөөс зугтаж байна гэсэн үг. Адаг сүүлд нь ажлаа хийж байгаа нэг эмэгтэйг буруутан болгоод хаях бололтой. Ядраад хий юм харсан л гэж битгий хэлээсэй.
Хэдийгээр хорио цээрийн дэглэмтэй, хил хаалттай үед ОХУ-аас зочин урьсан нь Төмөр замынхны буруу боловч, тэднийг хорио цээрийн дэглэм зөрчин оруулж ирсэн, ирсэн хойно нь тусгаарлаагүй нь онцгой комиссийнхны өөрсдийнх нь буруу. Гэтэл утасны үзүүр өөрсөд рүү нь чиглээд ирмэгц “ЭМЯ буруу мэдээлсэн” гээд буруугаа бусад руу чихчихлээ.
Хэрвээ тийм бол бид УОК-ийн төдийгөөс өдий хүртэл хийсэн бүх мэдээлэлд итгэж үнэмшсээр байх нь зөв үү? УОК биднийг хэдий болтол төөрүүлэх вэ?
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл (5)