Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хот хоорондын зорчигч тээвэр буюу Баянхонгор-Улаанбаатар-Баянхонгор чиглэлийн 10 дугаар сарын 20-ны өдрийн 14:00, 18:00 цагийн нийтийн тээврийг хойшлуулах шийдвэр гарчээ.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Булган аймгийн Рашаант сумын хооронд замын нөхцөл байдал хүндэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс тус зохицуулалтыг хийж байна.
Одоогийн байдлаар цасан болон шороон шуурганы улмаас замын үзэгдэх орчин хязгаарлагдсан, халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд байдал хэвийн болох хүртэл замыг хаах аж.
Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр, өнөөдөр Төв аймаг, Хэнтийн өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Мөн Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэх төлөвтэй байгааг онцгойлон анхааруулж байна.