Үнэт цаасны “Стоклаб секьюритиз” компанийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Ё.Амарбаттай ярилцлаа.
-Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжил ямар шатандаа явна вэ. Хууль эрх зүйн орчин, бодлого шийдвэрийн уялдаа холбоо хангалттай байна уу?
-Санхүүгийн зах зээлийн тулгын гурван чулуу бол хөрөнгийн, даатгалын, банкны зах зээл. Өмнө нь даатгал, хөрөнгийн зах зээл нийлээд хоёр хувь байсан бол одоо хөрөнгийн зах зээл эрчтэйгээр эзлэх хувь хэмжээ нь томорч, хууль эрх зүйн хувьд маш их өөрчлөлт гарч байна. Жишээ нь, банкны зээлийн хүүг бууруулах стратеги гэх мэт. Өмнө нь иргэн, ААН-үүд, бизнес эрхлэгч нарт эх үүсвэр олохын тулд банкинд л ханддаг байсан бол одоо эсрэгээр бонд авах зэргээр хөрөнгийн зах зээлээс эх үүсвэр босгох боломжтой болсон. УИХ, Засгийн газраас таатай шийдвэрүүд гарснаар хөрөнгийн зах зээл нэлээд тэлж байна. Мөн арилжааны таван банкийг нээлттэй ХК болгох шийдвэр УИХ-аас гарч, хэрэгжсэн.
Үүний үр дүнд хөрөнгийн зах зээлийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ өмнө нь бараг 3 их наяд байсан бол одоо бараг 12 их наяд гэхээр 18 орчим хувь болж байна. Нөгөө талд хөрөнгө оруулагч нарт ялгаагүй давуу тал бий болж байна. Бонд авахад хаалттай зах зээлээс нээлттэй бол 18-20 хувийн хүүтэй байна. 5 хувийн зөрүүтэй байгаа учраас хүн заавал хадгаламжид 13 хувиар хийх биш, бонд руу мөнгөө хийчихэж байна. Үнэт цаасны тухай хууль батлагдсан зэрэг бодлогын томоохон шийдвэрүүд гарсантай холбоотойгоор эерэг үр дүнгүүд гарч байна.
-Хөрөнгийн бирж хувьцааны арилжаа зохион байгуулдаг гол талбар. Энэ үүргээ сайн гүйцэтгэж байна гэж та боддог уу?
-Нээлттэй үнэт цаасны арилжаа гэж бий. Энэ дотор хувьцаа, бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас ч гэдэг юм уу хууль, бодлого, зохицуулалт сайн явсан. Санхүүгийн зохицуулах хороо ч бас их сайн ажиллаж байна. Шинэ шинэ бүтээгдэхүүнүүд их гарч байна. Өмнө нь цөөхөн хувьцаа, хэдхэн бонд гардаг байсан бол сүүлийн жилүүдэд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, хөрөнгө оруулалтын сан гэх мэтчилэн шинэ бүтээгдэхүүн бодлого журмаараа гаргаж өгсөн. Эдгээр нь Монголын хөрөнгийн биржээр арилжаалагддаг.
Өмнөхтэй харьцуулахад, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хувьцаа, бонд авах боломж нээлттэй болж, өмнөхөөс маш их сайжирсан. Хөрөнгийн бирж үүргээ гүйцэтгэж байна. Биржийн арилжааг ганцхан хөрөнгийн бирж явуулдаггүй. Дотор нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Үнэт цаасны клирингийн төв гэж байгууллага бий. Хувьцаа зарахад төлбөр тооцоо нь клирингийн төвүүдээр, үнэт цаасны бичилт нь хадгаламжийн төв дээр хийгддэг. Хөрөнгийн бирж цаг үеэ дагаад илүү сайжиръя, дэд бүтцийн асуудлаа сайжруулъя гэвэл бас ажиллах шаардлага бий. MIT, мөн дотоодын хөгжүүлсэн программ бий. Эдгээр нь хоорондоо зохицохгүй заримдаа бүрэн ажиллахгүй, үр ашиггүй зардал гардаг. MIT системийг шинэчилбэл ард нь ажилладаг 10, 20 хүний тоо магадгүй хоёр дахин буурах боломжтой гэж би боддог.
-Та брокерээр хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би санхүүгийн зах зээлд 2007 оноос хойш ажиллаж байна. Сангийн яаманд 10 жил, арилжааны банкинд гурван жил, түүнээс хойш хувийн хэвшилд ажиллаж байна. Яг үнэт цаасны зах зээл рүү 2021 онд орсон, одоо гурав дахь жилдээ үнэт цаасны шинэ компани байгуулаад, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна.
-Монголд хэчнээн брокер, үнэт цаасны компани байдаг вэ?
-Одоогийн байдлаар 51 үнэт цаасны компани (хуучнаар брокерын пүүс) байна. Хуучны компаниуд СЗХ-ны шаардлага, дүрэм журмыг хангахгүй хасагдсан байх. Мэдээж шинээр компаниуд тусгай зөвшөөрөл авч байгаа ч ер нь багасч байна. Хуучин 70 гаруй компани байсан юм билээ.
-Брокер хөрөнгө оруулагч болон үнэт цаасны бирж хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг. Тулгарч буй ямар бэрхшээл байна вэ?
-Өмнө нь бэрхшээлүүд байсан юм билээ. Намайг анх хөрөнгийн зах зээлд ороход маш их төвөгтэй байсан. Жишээ нь, иргэн хүн хөрөнгийн зах зээлд оролцоод, хөрөнгө оруулалт хийхэд данс нээнэ. Заавал Үнэт цаасны компани, Хадгаламжийн төв гээд төрийн байгууллагууд дээр очдог, шат дамжлага ихтэй байсан. Бид үүнийг хүртээмжтэй, амар хялбар, гар утсаараа хийдэг болгоё гээд, зорьсондоо хүрч чадсан. Ямар ч байсан 2021 оноос хойш хөөцөлдөж, тусгай зөвшөөрлөө аваад, программ хангамж хөгжүүлэлтээ хийсэн. СЗХ, Сангийн яамныхантай уулзаад, орон зайнаас хамаарсан асуудлыг шийдсэн. Тухайлбал, Ховд аймагт байгаа хүн хувьцаагаа авахаар заавал аймаг руу очих, эсвэл бүр Улаанбаатар хотод ирдэг байсныг өөрчилсөн. Одоо их амар, гар утас, интернэт байхад л аппликейшнээр дамжаад харилцагчаа бүртгүүлээд, үнэт цаасны дансаа нээлгээд, арилжаанд ордог болж, бүрэн цахимжсан, манай компани. IT, клирингийн шаардлага хангасан бусад компаниудад ч энэ боломжийг нээж өгсөн.
-Санхүү, хөрөнгийн зах зээлийн талаар иргэдийн ойлголт дээшилж байна уу?
-Санхүүгийн талаар иргэдийн ойлголт маш хангалтгүй байна. Саяхныг хүртэл мөнгө өсгөдөг газар бол банк л гэдэг ойлголттой байсан бол одоо бага багаар дээшилж байна. Хөрөнгийн зах зээл, хувьцаа, бонд ямар ашигтай вэ, ямар ялгаатай вэ, ямар эрсдэлтэй вэ, надад ямар өгөөж ирэх вэ гэдгийг маш сайн ойлгуулах ёстой юм билээ. Америк, Япон зэрэг улсуудад хөрөнгийн зах зээл маш өндөр хөгжсөн. Аж ахуйн нэгж нээлттэй компани болж болдог, хувьцаат компани, IPO, эсвэл бонд гаргаж болдог. Аж ахуйн нэгж, иргэд нь ямар ч хүндрэл бэрхшээлгүйгээр сонголттойгоор хөрөнгийн зах зээлээс үр өгөөжөө хүртээд, хөрөнгө оруулалтаа хийгээд явдаг юм байна. Манайхны ойлголт, мэдлэг лавшрахын хэрээр энэ харилцаа гүнзгийрнэ гэж бодож байна. “Эрдэнэс Тавантолгой” ногдол ашиг олгож байна. Нийт 2.5 сая хүн данстай, одоо хүртэл нэг сая хүн дансгүй. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаа авахын тулд заавал үнэт цаасны данстай байх ёстой. Тэр талын ойлголт, мэдлэг хүмүүст байхгүй байна. Ногдол ашгаа авъя, авъя гээд байдаг.
-Санхүүгийн зах зээлийн хамгийн том тоглогчид арилжааны банкууд. Арилжааны зургаан банк IPO гаргасан. Үр дүн гарч байгаа болов уу?
-УИХ-аас хууль батлаад, хөрөнгийн зах зээлийг дэмжиж байна. Нээлттэй компани болсны чухал үр дүн юу вэ гэхээр баялгийн хуваарилалт зөв хийгдэх. Арилжааны банкийг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж бүгд ашиглаж байна. Хүүгийн орлого оруулж байна. Хувьцаат компани болно гэдэг нь хэнд ч банкны хувьцаа эзэмшигч болж, үр өгөөжийг хамтдаа хүртэх боломж олгож байгаа юм. Тэр агуулгаараа маш зүйтэй шийдвэр болсон. Зургаан банк нээлттэй болсон. Одоо тусгай зөвшөөрөлтэй 11 банк бий байх. Шаардлага тавьсны дагуу нээлттэй компани болохыг үгүйсгэхгүй. Нээлттэй болсноор нэг их сайн үр өгөөж өгч байгаа нь харагдахгүй байна. Тэгэхээр бусдад нь нээлттэй болох сонирхол бага байгаа болов уу.
Нээлттэй болчихоор маш олон хүн хөрөнгө оруулагч болж, засаглалын тайлан гаргана, сонгон шалгаруулалт, ТУЗ-ийн шийдвэр гэх мэт бүх юм нь нээлттэй байх ёстой. Нэг нь нээлттэй, нэг нь хаалттай банк байлаа гэхэд нээлттэй нь хууль дүрэм журмын илүү их ачаалал үүрдэг. Хаалттай нь бизнесээ илүү хурдан шуурхай явуулаад байх боломжтой. Энэ боломжийг нээлттэй компаниуд алдаад байгаа юм. Татварын хөнгөлөлт эдлэх гэдэг ч юм уу иргэд, хөрөнгө оруулагчдад нээлттэй байснаараа давуу үр өгөөж хүртэхгүй бол компаниудад нээлттэй болох сонирхол байхгүй болов уу.
Олон улсын хөрөнгө оруулалт талаас энгийн компани байснаас нээлттэй болсон нь хамаагүй давуу талтай. Listed гэхээр санхүү, хөрөнгө оруулалт, хууль гээд бүх юм нь хянагддаг болохоор илүү итгэл төрүүлэхүйц байдаг. Гадны харилцагчдад олгож байгаа компаниудаа нээлттэй болгох ч гэдэг юм уу давуу тал байх шиг байна.
-Нийгмийн баялгийг шударга хуваарилах гол талбар бол хөрөнгийн зах зээл. “Эрдэнэт үйлдвэр” зэрэг томоохон компаниудын хувьцааг иргэдэд эзэмшүүлж болох болов уу. Та энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?
-“Эрдэнэс Тавантолгой”-г 2012 онд хувьцаат компани гэж нэрлээд, хувьцааг нь иргэдэд эзэмшүүлсэн хэрнээ өнөөдрийг хүртэл хоёрдогч арилжаа нь хийгдээгүй. Зөвхөн эзэмшүүлчихсэн. Хааяа нэг, бараг сонгууль болохоор л ногдол ашиг тараадаг. Болдог бол хоёрдогч зах зээлийг нь эхлүүлбэл хөрөнгийн зах зээлийг улам тэлэх боломж бий гэж бодож байна. Хоёрдугаарт, дараагийн төрийн өмчит компаниудыг УИХ, Засгийн газраас зарлаад л байгаа. Гэхдээ ерөөсөө явж өгдөггүй, шийдвэр нь хэрэгжихгүй байна. “Эрдэнэт” сайн жишээ байж магадгүй.
-Төрийн өмчит компаниудыг нээлттэй болгосноор наад зах нь худалдан авалт дээр элдэв хэл ам гарахгүй байх боломжтой байх?
-Тийм. Нээлттэй болоод ирвэл түрүүний хэлдгээр санхүү, хууль, худалдан авах бүх юм нь нээлттэй болоод ирнэ. Мэдээж “Эрдэнэт” Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжид ордог, бас л том аж ахуйн нэгж шүү дээ. Баялгийн хуваарилалт гэж яриад байгаа. Төрийн өмчит компаниудаасаа бүгдээрээ хувь, өгөөж хүртэх боломжтой болж байна. УИХ, Засгийн газар төрийн өмчит ашиггүй компаниудыг татан буулгаж, нэгтгэнэ гэж яриад байна. Нээлттэй болоод ирвэл төрийн өмчит компаниуд дээр илүү үр дүн гарна. Тэгэхгүй бол төрийн өмчит компани ашигтай байсан ч ногдол ашиг гээд, төр лүү ороод алга болчихоод байдаг. Тэгэхээр “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол”-оос эхлээд төрийн өмчит компаниудыг маш нээлттэй компани болгох ажлыг эхлүүлэх хэрэгтэй.
-Хувьцаа бол хадгаламж, бондоос илүү өндөр эрсдэлтэй ч өндөр өгөөж хүртэх боломжтой санхүүгийн хэрэгсэл. Таны бодлоор иргэдэд алийг нь сонговол илүү өгөөжтэй вэ?
-Бонд хөрөнгө оруулалтынхаа хувьд тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалт гэж явдаг. Банкны хадгаламжтай төстэй. Жил, хагас жил, удиралд ч юм уу хүүгээ авна. Нэг сая төгрөг оруулсан бол түүндээ оногдох 18 хувийнхаа хүүг хагас жил, жилдээ, эсвэл улиралдаа авч байгаа юм. Хувьцаа тэгдэггүй. Компанийн хувьцааг худалдаж авсан бол тухайн компани ашигтай ажилласан тохиолдолд ТУЗ-ийн шийдвэрээр ногдол ашиг авч болно. Нэгж хувьцаанд тэдэн төгрөг гэдэг байдлаар. Тухайн жилийн нөхцөл байдлаас хамаарч янз бүр байдаг. Энүүгээр нэг ашиг олж байгаа юм. Хоёр дахь нь, Хөрөнгийн биржээр жишээ авъя. Хөрөнгийн биржийн хувьцааны нэгжийн үнэ анх 100 төгрөг байсан. Өнөөдөр хаалтын ханш нь 370 төгрөг байна. Тэр үед нэг сая төгрөг оруулсан бол өнөөдөр 3.7 сая төгрөгөөр зарах боломжтой гэсэн үг.
Одоогоор ногдол ашиг тараагаагүй байгаа санагдаж байна. IPO хийснээс хойш өнөөдөр харахад 3.7 дахин өссөн байна. Бараг 370 хувь өссөн гэсэн үг. Тэгэхээр сайн компанийн хувьцаанд хөрөнгө оруулбал Хөрөнгийн бирж шиг ногдол ашгаараа ашиг хүртэж болно, мөн хувьцааныхаа ханшаар бас ашиг хүртэж болно. Би хямд аваад, үнэтэй зарна гэсэн үг. Эсвэл зах зээлийн нөхцөл байдлаас болоод алдагдалтай ажиллавал ханш нь унаж болно. Нэг сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн хүн өнөөдөр 200 мянга алдчихсан байна гэсэн үг. Тэгэхээр ногдол ашиг ч үгүй сууж байх боломжтой. Урт хугацаанд хувьцаа ашигтай байдаг.
Өдрийн сонин
Сэтгэгдэл (1)