x

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Тав дахь өдөр

Гадаадад байгаа Монголчуудаа авч ирэх үйл ажиллагаа эрчимжиж, олон мянган хүмүүс ирж байгаа тул 3 сард карантинд байхдаа бичиж байсан өдрийн тэмдэглэлүүдээ оруулахаар шийдэв. Эх нутагтаа ирэх гэж хүмүүст бага ч болов мэдээлэл болох байх. Гэхдээ аль 5 сарын өмнөх мэдээлэл гэдгийг анхаараарай.

Өглөө эрт мөн л унтаж байхад орж ирээд оронд байхад халуун үзлээ. 36 хэмтэй хэвийн байлаа. Саяхан ТВ-тэй болсон бол Юнител модем илгээж интэрнэттэй болоод сайхан байна. Манай өрөөнийхөн хэсэг нам сууж компьютер дээрээ ажлуудаа сайхан амжуулж авав. Гол хэдэн имэйлдээ хариу өгч, мөн шалгаж, авч үзэж чадахгүй байсан материал, контентуудаа татаж авлаа.

Өрөөнөөс огт гарахгүй 5 хонохоор яах аргагүй агаар салхи үгүйлж эхэлдэг юм байна аа. Цонхоо онгойлгох гэхээр том шүрүүпээр нам дарсан байсан. Хүн дуудаад онгойлуулах гэсэн ашгүй битүү хамгаалалтын хувцастай залуу дороо гүйгээд ороод ирэв. Шүрүүпийг нь авсан ч цонхыг бүх талыг нь битүү силикондсон байлаа. Дулаан алддаг учраас ингэсэн гэж хэлэв. Бүгдийг задлаад цонхоо онголгойхоор завсраар нь дулаан алдаад хүйтэн өрөө улам хүйтэн болоод хөлдөж үхэх байх гээд түрдээ оролдохгүй орхихоор шийдлээ. Эмч орж ирэхээр нь маскаа зүүгээд 5 минут гадаа зогсож болох уу гэсэн болохгүй ээ, өөр асууж жон жон гэх юм юу байна гэсэн янзтай харав. Яагаад гадаа гаргаж болохгүй гээд байгаа юм бол доо?

Гэснээс бид нараас ямар төлбөр мөнгө авахгүй гэсэн. Хүмүүс байн байн асуугаад байгаа болохоор давтан энд бичлээ. Улсад овоо хэдэн жил татвар төлснийх, 2 долоо хоног улсын мөнгөөр (логикоор улсын мөнгө гэж байхгүй л дээ) карантийлахад ер нь яах вэ дээ. Ямар жил болгон ингэх биш. Бараг амьдралд ганц олдох “боломж” бус уу ккк.

Бидний зарим хааяа найтахаар нийтээрээ ихэд сэжиглэнэ. Пүү паа, чи одоо, наад маскаа зүү л дээ заваанаа гээд л. Нөгөө ах хүү чумдаанаасаа өөрийнхөө солонгосоос авсан маскаа гаргаад бид хэдэд бүр тарааж өгөв. Худлаа ханиагаад байвал чумдаанаасаа өшөө гоё юмнууд гаргаж өгөхөөр л юм билээ. Хаха. Та хэдэд ямар нэг зовиур байна уу гэж асуугаад эмч дахиж орж ирэв. Ашгүй үйл ажиллагаа нь жигдэрч буй бололтой. Одоо цэвэрлэгээ нь жигдрээд явчихвал сайхан болчих гээд л байна.

Фэйсбүүк постыг translate хийгээд манай найзууд гадаадын янз бүрийн улсаас уншаад санаа зовсон мессежүүд нэлээдийг илгээсэн байв. Тэр дундаас цуг сургалтанд суусан Аргентин найзын мэндчилгээнээс надад сайн сайхныг хүссэн чин сэтгэл нь нэвт үнэртэж байлаа. Сургалт дээр байхдаа мэдрэмжгүй наргиа хийгээд мань хүнийг гомдоож байсан ч дараа нь эвлэрээд. Ккк Хүнд хэцүү үе таарвал хадгалж яваарай гээд жижигхэн хөөрхөн кросс өгсөн байсныг нь зургийг нь аваад эргүүлээд явуулсан чинь баярлаж байна гэж жигтэйхэн.

Автобусны ариун цэвэр ба өрөөний мөөгөнцөрийн тухай мэдээллийг түгээснээс хойш хүмүүсийн ерөнхий хандлагыг цухас ажвал бид муу, муухай, сөрөг, сул талуудтайгаа бараг эвлэрчихсэн юм биш үү? Яаж ийж байгаад түүнээс муу жишээг олж гаргаад нөгөө муухай гэж байсан зүйлийг нь бараг сайн, сайхны жишээ болгочих гээд байх юм. Уг нь хүн урагшаа, зөв, сайхан, сайн, цэвэрхэн зүйл рүү үргэлж тэмүүлдэг баймаар юм. Хамгийн эвгүй сэтгэгдэл төрүүлсэн нь “Энэ чинь угаасаа Монгол шүү дээ. Битгий сүржигнэ” гэх. Монгол гэхээр яагаад муу, муухай, болох болохгүйн туйл болоод, бүр жишиг болоод тогтсон юм бэ? Монголыг ийм байх ёстой гээд ямар дурак нь тэр залуусын тархийг ингэтэл нь угаасан байх уу? Хүний эрх, өөрийнхөө эрхийн талаар бараг ямар ч ойлголтгүй байдаг нь үеийн залуусын сэтгэгдлээс мэдрэгдэх юм. Нямсамбуу гавжийн хэлснээр сайн сайхан гэдэг зүйлийг бид мэдрэхээ байгаад хоёр муугийн аль гайгүй мууг нь сайн, сайхан гэж үнэлдэг болсон байх шиг байна даа.

Яг ийм орчинд олон лайк, шэйр авахын омогшуулсан, огшуулсан, попорсон, худлаа цэцэрхсэн, эсвэл уянгын халилтай, эх оронч пост оруулах шиг амархан юм ёстой алга. Өөрөөр хэлбэл, онгирч байгаа юм биш шүү, тэр нэг давалгааг дагуулаад удирдах шиг хялбар зүйл үнэндээ алга. Гэвч бидний ухамсар, сонирхол, хүсэл огт тийм биш л дээ. Сүүлийн хэдэн жил хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа талдаа жаахан ойрхон ажиллаж байгаагийн хувьд олон нийтийг соён гэгээрүүлэх ажил ямар чухлыг цаг тутам мэдэрч байгаа. Нөгөө талаасаа мэдлэг, мэдээллийг креатив, бүтээлч, хошин байдлаар хүмүүст өгөхгүй бол иргэд шингээж авч чадахгүй болсон сорилтыг ч маш сайн ойлгож байгаа.

Өнгөрсөн жил манай ажлынхан Cannes Lions International Festival of Creativity-д бөөнөөрөө оролцсон юм. Ваав л даа гэтэл илтгэл тавьсан хүмүүсийн нэг нь алдарт Ogilvy-н босс Rory Sutherland байсан юм. Түүний энэ онд бичсэн "Ямар ч утгагүй тэнэг санаануудын гайхамшигт хүч" номыг хайсаар байгаад Дубайгаас олж авсан санаж байна. Түүнийг гүйлгэж хараад хэвтэж байна. Энэ номонд хөгийн амттай Red Bull яагаад алдартай хэвээр буйг, галт тэрэг цагаасаа хоцорсон ч цаг зааж буй самбарыг хараад хүн яагаад тайвширдаг, 3 өөр өнгөтэй шүдний оог яагаад хүмүүс авдаг тухай кэйсүүдийг сэтгэлзүйн талаас нь гайхалтай тайлбарлажээ. Хүн ухаалаг бодгаль огт биш. Цагаа тулахаар адгуустай адил биесээ дагадаг сэтгэлийн амьтан гэдэг час хийсэн дүгнэлтийг хийжээ. Бусдад нөлөөлье гэдэг юмны учир шалтгааныг бүү хөө, ухаалаг шийдэл хэзээ ч шилдэг гаргалгаа байдаггүй юм гээд хатуу бичжээ байгаа юм даа.

Роригийн сэтгэхүйн логик, олон нийтийн харилцааны ид шидийг хураангуйлбал:

  • Мундаг маркетер, олон нийтийн харилцааны шилдэг мэргэжилтэн байхын тулд хааяадаа жаахан ч гэсэн мэдрэмжгүй байх ёстой!

  • Сайн шийдлийн шал эсрэг тэнэг шийдэл заримдаа төгс сайн нь байж болдог!

  • Дундаж хүнд зориулж хэзээ ч бүү ПР, маркетинг хий!

  • Ухаалаг хүмүүст ухаалаг шийдэл хэзээ ч ажилладаггүй!

  • Туршлага дагаж анхаарал төвлөрдөг. Эхлээд сайн, муу туршлагыг нь бий болго!

  • Цэцэг бол сурталчилгааны төсөвтэй хогийн ургамал гэдгийг сайтар ойлго!

  • Логик ид шидийг устгадаг! Дандаа ухаантай бүү царайл!

  • Ажиглалт, туршилттай адилхан азтай тохиолдол ч мөн адил шинжлэх ухааны нэг хэсэг гэдгийг санаж яв!

  • Мэдрэмжгүй зүйлсийг байнга турш. Учир хэн ч үүнийг хийдэггүй юм!

  • Асуудлыг дандаа ухаалгаар шийдэх нь байнга гурилтай шөл идэхтэй агаар нэг уйтгартай зүйл!

  • Энгийн байж сур! Энгийн аяглаж зоригло!

  • Хэрэв асуудлыг шийдэх ухаалаг хариулт байсан сан бол бид хэдийнэ олчих байсан!

Намайг зарим хүмүүс хааяа мангар мэдрэмжгүй л гээд байдаг юм:) Энэ салбарыг сонирхон судалдаг хүмүүс уг номыг аваад нэг гүйлгээд харчихад гэмгүй шүү гэж зөвлөмөөр байна.

Хичнээн ном гүйлгэж харж, интернэт орж байгаа ч гэхдээ л бас хийцгүйрч эхэлж байна шүү. Өдрийн хоолоо идчихээд жаахан ажлаа хийж байгаад оройн хоол орж иртэл нам унтсан байлаа. Мобиком зөөврийн станц явуулж сүлжээгээ сайжруулахаар шийдсэн тухай мессеж ирэв. Энэ бүтэн сайн өдөр (Өчигдөр гэсэн үг. Интернэттэй болсон үеэс бичиж эхэлсэн тул энэ постууд 3 хоногийн хоцрогдолтой орж байгаа) ирж суурилуулна гэнэ ээ. Энэ хавийнхан башийлаа шүү:)

Гэснээс өмнөх өдрүүдийн постын сэтгэгдэл дээр хажуу байранд карантийлагдсан залуус орж ирээд холбогдсон байв. Бүр уйдаад байвал байраараар онлайн шефийн харилцаа тогтоох төслийн санааг урлаад сууж байна ккк. Нөгөө цагдаа сэргийлэх болоод байсан хэргийн эзэн ч өөрөө пост дээр би ганц л удаа балкон дээр гарсан ш дээ гээд ороод ирсэн байна лээ золиг чинь.

Ёооё нээх гоё паб энэ тэр сууж цоо шинэ задгай шар айраг уух юмсан. Чингис шар айрагны тэр жижигхэн кози орчин, модон тек, даруулга, шарсан төмс, гахайн өөхийг ямар их санаж байна аа.

Үргэлжлэл бий...

Өмнөх өдрүүдийн тэмдэглэлийг дараах холбоосуудаар орж уншаарай!

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Эхний өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Хоёр дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Гурав дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Дөрөв дэх өдөр

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 4 цаг 42 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 5 цаг 4 мин 1924 оны Үндсэн хууль 6 цаг 45 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 6 цаг 55 мин Энгийнийг ухаалгаар 7 цаг 2 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 8 цаг 31 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 9 цаг 43 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 9 цаг 57 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 10 цаг 4 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 11 цаг 10 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 11 цаг 31 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top