x

Монголын нутаг давчдаад мордсон зүгтэй арилмаар байна

Олны мэдэх “Харийн нутаг давчдаад байна, харсан зүгтээ гүймээр л байна” гэдэг үгтэй дууг “Чингис хаан” хамтлаг дуулдаг. Харьд байгаа элэг нэгтнүүдийн минь хамрын самсааг шархируулдаг энэ дуу одоо арай өөр утгатай болсон. Одоо бол “Монгол нутаг давчдаад байна, мордсон зүгтээ арилмаар байна” гэж дуулах бас уйлмаар болж байна. Эх орны минь байж байгаа царай, энэ Төрийн улс орноо авч яваа байдлыг харахаар уйлах ч багадам. Бүр цаанаасаа яаж ард түмнээ хулхидах вэ, хэрхэн хуурч хэдэн төгрөг халааслах вэ л гэж өдрийн бодол шөнийн зүүд болж байх шиг. 

Оны эхний хагас жилийн байдлаар Монголын 236 иргэн харийн есөн орны иргэншлийн паспорт авч, албан ёсоор эх орныхоо данснаас хасагджээ. Энэ нь ноднингийн мөн үеэс 117-оор нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Энэ сайн уу, муу юу. Бас ямар нэг санаж сэрэх зүйлийг хэлж байна уу. Хүн амьдрах газраа өөрөө сонгох эрхтэй гэдэг.

Тэгвэл манайхыг яагаад ийм олноороо сонгож, амьдрахаар ирэхгүй байна вэ. Манайхаас гэвэл арай дөнгүүр нь л гадагшаа гарчихаад байна. Тэдний очих ажиллах чадамж нь ч өндөр. Төрсөн царай, төгс биетэй нь харь эрийн эхнэр болоод одож байна. Энэ чигээрээ байвал “Хүүхний царайлгийг та зөвхөн Монголдоо бус”, хүний нутгаас сайхан монгол бүсгүйгээ олж харах болох нь.
Монголын бөхчүүдээс Кёкүтэнзан Б.Энхбат, Асакэкирюү Б.Дашням, их аварга Хакүхо М.Даваажаргал нар нэгэнт Япон улсын иргэн болсон. Мөн мисс О.Оюунтуяа, Б.Түмэнхүслэн, Ц.Сансармаа, топ модель Ч.Уранбилэг, олимпийн хошой хүрэл медальт, мэргэн бууч Д.Мөнхбаяр гээд харьд одсон сайхан бүсгүйчүүд зөндөө.

Ер нь бол Монголын иргэн иргэншлээ солих асуудал нээлттэй. Хуулийн дагуу Шалгуур нөхцөл: Харьяатын тухай хуулиар тогтоосон журмын дагуу Монгол Улсын харьяат өөрийн хүсэлтийн дагуу Монгол Улсын харьяатаас гарч болно. Монгол Улсын харьяатаас гарахдаа гадаад улсын эрх бүхий байгууллагаас тухайн улсын харьяатаар хүлээн авах тухай урьдчилсан зөвшөөрлийг авсан байна гэсэн нөхцөлтэй. Харин “Монгол Улсын харьяат нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн заалттай. Хэрвээ “Гадаад улсын харьяат нь Монгол Улсын харьяат болохыг хүсвэл тухайн улсынхаа харьяатаас гарсан байх шаардлагатай. Хэрэв тухайн гадаад улсын хууль тогтоомжид өөр улсын харьяат болсноор иргэний харьяаллаа алдахаар зохицуулагдсан бол тухайн улсынхаа харьяатаас гарсан байхыг шаардахгүй бөгөөд энэ тухай холбогдох байгууллагын тодорхойлолт авсан байвал зохино” гэсэн заалт Харьяатын хуульд бий.

Ер нь улсынхаа иргэншлээс татгалзах хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Тухайлбал, 2014 онд 85, 2015 онд 129, 2016 онд 307 хүн Монголын иргэншлээс гарсан баримт байна. Зөвхөн 2018 онд 490 иргэн Монгол Улсын иргэний харьяаллаас татгалзжээ. Энэ бол хүсэлтээ албан ёсоор шийдвэрлүүлсэн иргэдийн тоо шүү дээ. Харин үүний цаана хүсэлтийг нь хүлээн аваагүй, бичиг баримтын зөрчилтэй, нөгөө улсынхаа иргэншлийг авч чадаагүй ч хэдийнэ харьд очоод амьдарч байгаа хүмүүсийн тоог нэмбэл хэдэн мянгаар яригдах болно. Зөвхөн 2015 оноос хойш гэхэд Шенгений орнуудын цагаачлалын албанд бүртгүүлсэн монгол иргэдийн тоо 10 мянгыг хэдийнэ давжээ. Хүмүүс яагаад эх орноо орхин одоод байна вэ. Энэ тухай асуух нь илүүц биз. Агаарын бохирдол нь аюулын улаан шугамнаас хэд дахин давсан, автобусанд суух гэж алалцсан, автомашины түгжрэлд бухимдсан, ажилгүйчүүд, архичдаар дүүрсэн, дээд дарга нар нь авлигад идэгдсэн энэ улсад хэн амьдрахыг хүсэх юм бэ. Ард иргэд нь улсаасаа дайжиж, цагаачилна гэдэг төр засгийг удирдаж байгаа эрхмүүдийн бодлого, шийдвэртэй шууд холбоотой. Хөдөөгийн иргэдийн 75 хувь нь хотод амьдрах хүсэлтэй гэсэн судалгаа гарсан шиг боломж нь олдох юм бол монголчууд бөөнөөрөө гадаадад дүрвээд гарах хүсэл, сонирхолтой байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Тэгвэл Монголд гадаадын харьяат хичнээн хүн оршин суудаг юм бол.

Монгол хүнтэй гэр бүл болсон БНХАУ-ын 413 иргэн байна

Хариулт нь энэ. Монгол Улсад нийт 118 орны 19159 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Урьд жилүүдтэй харьцуулахад, коронавирус гарсантай холбоотойгоор гадаад иргэдийн тоо 4000-5000-аар буурсан. Хөдөлмөр эрхэлж байгаа 3989, оюутан 2825, хөрөнгө оруулагч 2096, цагаач 1882 иргэн байна. Цагаач иргэдийн ихэнх буюу 95 хувь нь БНХАУ, ОХУ-ын иргэн байгаагаас Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, манайд амьдарч байгаа 1376 хүн бий.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд гадаадын иргэдийн байж болох тоон хязгаарыг Монгол Улсын иргэдийн гурван хувиас хэтрэхгүй гэж заасан. Мөн нэг улсын иргэн нэг хувиас хэтэрч болохгүй гэсэн заалт бий. Тэгэхээр нэг улсын иргэн хамгийн олондоо 33710-аас хэтрэх ёсгүй.
БНХАУ-ын иргэн 7500 гаруй байгаагаас “Петрочайна Дачин Тамсаг” компанийн нефть боловсруулах салбарт 1483 нь хөдөлмөр эрхлэгчээр, 2207 оюутан, 1278 хөрөнгө оруулагч, 1233 иргэн цагаачлан оршин сууж байна. Түүнчлэн Монгол Улсын иргэнтэй гэр бүл болон амьдарч байгаа 413 хятад иргэн бий.

Сүүлийн үед олон улсын үрчлэл багасчээ

Энд нэг баримт байна. 2001-2020 оны хооронд 17 улсын гэр бүлд 271 хүүхэд үрчлүүлжээ. АНУ-д 156, ХБНГУ-д 35, Францад 22, Италид 20, Нидерландад долоо, БНСУ-д зургаа, Бельгид тав, Австралид дөрөв, Их Британид дөрөв, Канадад гурав, ОХУ-д хоёр хүүхэд байна.
Эдгээр хүүхдүүд ихэвчлэн асрамжийн газруудад байхдаа үрчлэгдсэн ажээ. Тэгээд ч сүүлийн жилүүдэд олон улсын үрчлэл багассан байна. Энэ нь дотоодын үрчлэл нэмэгдсэнтэй холбоотой юм. Гэр бүлийн тухай хуулиар дотоодын үрчлэлийг эхний ээлжинд тавьдаг. Дотоодод үрчлэх боломжгүй хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх бодлого баримталдаг байна. Мөн хүүхэд үрчилж авах гэж байгаа гадаадын иргэн, гэр бүлд тавигдах шаардлага өндөр байдаг.
Манайд ийм үйл ажиллагаа явуулдаг 4-5 байгууллага бий. Эдгээр төрийн бус байгууллага тухайн гадаадын иргэний амьжиргааны түвшин, хүүхэд үрчилж авахад харшлах шалтгаан байгаа эсэхийг судалж, дүгнэлт гаргадаг.
2017 онд АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн 10 гэр бүлийн 12 хүүхдийг эцэг эхийн хамт Монголд урьж, авчирсан байна. Гадаадын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүдийн нэлээд нь суурь өвчтэй байдаг. АНУ-д гэхэд хөгжлийн бэрхшээлтэй 10 орчим хүүхдийг үрчилж, одоо тэд эрүүл болсон ажээ. Үрчлүүлсэн хүүхэд буцаж ирсэн тохиолдол байхгүй юм байна.

Монголд ял эдэлж байгаа есөн улсын 15 иргэн бий

Монгол Улсад хорих ял эдэлж байгаа есөн улсын, 15 иргэн байна. Мал хулгайлах хэргээр ял шийтгэгдсэн дөрвөн хүн байсны хоёр нь суллагдсан аж. Тэд Увс аймгаар орж ирж, мал хулгайлдаг тува иргэд. Тагнуулын хэргээр нэг хүн ял эдэлж байгаа. Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл зүй бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гадаадын гурван иргэн ял шийтгэгджээ. Хүнийг санаатайгаар амь насыг нь хохироосон таван хүн байна.
Манайхан гадаадын иргэн гэхээр мөнгөтэй гэж хууртаж, хамтарч бизнес эрхлээд, мөнгөө алдах, залилуулах хэрэг олон гарч байна. Монгол Улсын шүүхэр ял шийдэгдсэн гадаадын иргэн, харьяалалгүй иргэнийг ялаа эдэлж дууссаны дараа Монгол Улсаас албадан гаргаж, тодорхой хугацаагаар дахин Монгол Улсад зорчихыг хязгаарладаг.Тухайлбал, 2020 он гарснаас хойш 15 улсын 112 иргэнийг албадан гаргажээ. Эдгээр иргэний 89 нь БНХАУ-ынх, Узбек, ОХУ, Тайланд тус бүр хоёр, Энэтхэг, Иран, Канад, Филипини тус бүр нэг иргэн байна. 2001-2019 оны хооронд 17 мянга гаруй хүнийг албадан гаргасан байна.

Жилд ердөө арваад хүн л Монголын харьяат болдог байна

Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, харьяаллаа сэргээхийг хүссэн хэн нэгний эцсийн шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж шийддэг байна. Хэрэв харьяатын асуудлыг сэргээхээс татгалзвал захирамж гаргадаг. Харьяатаас гарах хүсэлтэй иргэдийн олонх нь казах иргэн байна. Казахстан Улс манайтай адил хоёрдмол харьяаллыг хүлээн зөвшөөрдөггүй.
Мөн Европт Монгол Улсын иргэд суурьшиж, тухайн улсынхаа харьяалал авч байна. Сүүлийн жилүүдийн дунджаас үзэхэд, жилд гаднын арав орчим иргэн Монгол Улсын харьяат болдог тоон үзүүлэлт бий. 2016-2020 оны хооронд Монгол Улсын харьяатаас 634 хүн гарсан.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнгийн саяхан хэвлэлд өгөхдөө дурдсан баримт энэ байна. Өөрөөр хэлбэл, албан ёсны эх сурвалж гэсэн үг.
Энд нэг зүйл анхаарал татна. Манай улс Монгол Улсын харьяаллаас гарч байгаа иргэддээ хязгаар тогтоодоггүй аж. Тийм болохоор хичнээн ч монгол хүн эх орноосоо татгалзаж болох нь. Цагаачлах боломжийг нь үнэхээр чөлөөлөөд өгчих юм бол Монголд хүн үлдэх, эсэх нь эргэлзээтэй. Хатуухан хэлэхэд эмчилгээ тэжээлийн цэгийн эргүү хэдэн төлөг шиг юм үлдээд л, арай чадалтай дөнгүүр нь боломжтой газраа сонгож одох биз.

Энд нэг баримт хэлье. Нэгэн цагт Оросын бүрэлдэхүүнд багтаж явсан Латви цагаачлалын урсгалыг манлайлж буй улсын нэг. 2004 онд тус улс Европын холбоонд нэгдэн орсноос хойш иргэд нь баруун Европ руу бөөн бөөнөөрөө нүүсээр байна. Хэрэв энэ урсгал цааш үргэлжилсээр байвал 100 жилийн дараа Латвид хүн үлдэхгүй, энэ улс мөхөж алга болно гэх зүрх шимшрүүлэм мэдээ дуулдсаар. Зөвхөн газрын зурагт л Латви, Литва, Эстон үлдэнэ гэдгийг өчигдөрхөн дэлхийн хэвлэл мэдээлж байх жишээтэй. Мөн Америкаас Канад руу зүглэсэн урсгалыг нэрлэж болно. Трампыг засгийн эрхэнд гарсны дараа буюу 2017 онд АНУ-ын иргэншлээ Канадаар сольсон иргэдийн тоо зургаа дахин өсөж, 3000 гаруйд хүрчээ.

Хэрэв Төр, засгийнх нь бодлого шийдвэр таалагдахгүй, удирдагчийн үзэл бодолтой санал нийлэхгүй бол иргэд нь ийнхүү улсаасаа татгалздаг аж. Үнэндээ ийм арчаагүй төртэй, ажлаа мэддэггүй сайдуудтай, авлигач гишүүдтэй учраас энэ улс чинь уруудан доройтсоор байгаа юм. Мэдээж хэрэг, улс нь уруудаад байгаа болохоор иргэд нь гадаадад цагаачлахыг хүсэн тэмүүлэх боллоо. Тэгэхээс ч аргагүй, хувийн хэвшлээ огт дэмждэггүй, харин тэдний дэмжлэх болох сангаас өөрсдөө халаасаа дүүргэдэг, далд бизнесээ хөгжүүлдэг, шүүхийн өмнө эрх тэгш байж чаддаггүй, ялгаварлан гадуурхдаг, хүнд сурталд идэгдсэн, юм л бол гар хардаг төрийн албан тушаалтнуудтай байхад хэн Монголдоо амьдрахыг хүсэх вэ дээ. Ингэсээр байгаад шүүрэн шанаганы нүхээр аль л өөдтэй, авьяастай боловсролтойгоо бусдад алдчихаад дугаар хорооны Дугар, Дулмаа нартайгаа үлдэх вий дээ.
Уг нь дэлхий нийтэд хүнийг хамгийн том капитал гэдгийг үнэлдэг болчихсон цаг сан. Үнэндээ Монгол нутаг давчдаад байна, мордсон зүгтээ арилмаар байна.

Н.Саранчимэг "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 4 цаг 48 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 5 цаг 10 мин 1924 оны Үндсэн хууль 6 цаг 51 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 7 цаг 1 мин Энгийнийг ухаалгаар 7 цаг 8 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 8 цаг 37 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 9 цаг 49 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 10 цаг 3 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 10 цаг 10 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 11 цаг 16 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 11 цаг 37 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top