- Ядуурлаа өхөөрдөөд ч байх шиг -
Харьцуулалт дүн шинжилгээ хийлгэх үүднээс жүжгийн зохиомжтой адилтгая. Монголын бүх ард түмэн БИД нэгэн инээдэмт, эмгэнэлт жүжгийн гол дүрд тоглож байна. Бүх дэлхийг үзэгчид гээд төсөөлчих. Жүжгийн гол санаа нь жүжгийн гол баатруудад эрх чөлөөг нь эдлүүлэх, зоргоор нь байлгах, юу хүссэнийг нь хийлгэх. Эдэлж байнаа, хийж байнаа, үзэгчид алга нижигнэтэл ташаад л, улам дэвэргээд байх аж.
Ийм нэгэн жүжигт бид яг одоо тоглоцгоож байна, ард түмнээрээ.
Үндсэн сэдэв. Монгол маань нэг л өөдөлдөггүй, ямар дайрлага дайрчихсан юм бүү мэд? Эсвэл ямар тахил нь буруу өрөгдчихсөн юм бол бүү мэд? Санаатайгаар, хэний ч алдабалгагүйгээр өөрсдийгөө, улс үндсээ, үр хүүхдээ, хойч үеэ сөнөөх гээд ч байгаа юм шиг. Бараг сөнөөж байна даа!
Хүн төрөлхтөн дотор Монгол гэж нэг улс үндэcтэн байх нь байнaа, дэлхийн хамтын нийгэмлэг дотор хүндтэй гэмээр алдрыг олоод авсан, дэлхийн 187 улстай албан ёсны харилцаатай.
Хязгааргүй том нутаг дэвсгэрт 84 сая толгой малаа адуулан гуравхан саяулаа аж төрөх, хөрсөн дороо хязгааргүй их баялагтай хэмээн алдаршсан, ийм нэгэн улс үндэстэн. Ертөнцөд биднийг тэгж л ойлгодог.
Гэтэл хүн амынх гуравны нэг байнга ядуу дорой, ажилгүй хүн асар ихтэй, ажилд тэнцэх хүн ховортой, байгаль орчин, хот суурин, агаар усаа санаатайгаар бохирдуулдаг, нийслэл нь машин-хот болчихсон, ер нь гадаадынхан бол хэлж тайлж чадашгүй оньсого таавар мэт ийм нэг улс Азийн цээжин дээр хахир хүйтэн өвлийг яг одоо туулж явна.
Дэлхий дахин ч бас үгссэн аятай биднийгээ зоргонд нь хаячихжээ. Яагаад зоргонд нь гэж? Энэ монголчууд Зөвлөлтийн дарлалаас гараад ардчиллыг сонгоод гуч дахь жилийнхээ босгон дээр байна, энэ 30 жилд монголчуудыг тэгэхээс тэгэх гэж дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, ёстой тэгээд хаа хүрдэг юм түүнийг нь үзье гэсэн шиг гадаад улс орнууд аашилсан мэт. Монгол хүний ур чадвар, ур ухаан, мөс, ухаарал, тэнэглэлийг эцэст нь тултал харъя гэсэн юм шиг дургиулаад л.
Зөвлөлтүүд зааж зааварлаад даргалаад хүчлээд Монголыг 70 жил аваад ирсний шанд эрх чөлөөг нь бэлэглүүлээд ардчилал, зах зээлийг сонгуулиад, эцэс төгсгөлгүй дураар нь дургиулж байгаа нь тэр юм. Зааж зааварлах гадаад нэг ч “эзэн”-гүй, хувь заяаг нь өөрсдөд нь даатгаад орхижээ.
Үр дүн нь дан муу үзүүлэлт. Сая хагас хавтгай дөрвөлжин км-тээ тархан суугаад хөгжил дэвшлээ жигдлэх нь үү хэмээн хартал байдагггүй. Нийслэл рүүгээ 28 жилийн турш их нүүдэл хийгээд нийслэлээ утаанд хордуулаад нийслэлийнх нь хөрс, ус, агаар, орчин нуль хор, хордлого, сэхэл авахаасаа өнгөрсөн. Улаанбаатар хотоо монголчууд өөрсдөө тартагт нь тултал, сөнөөтөл нь дэлхий ажиглаад суучихсан аятай.
Гол баялаг болох нийслэлийн хүн ард нь эдгэшгүй архаг өвчинд нэрвэгдсэн. Уушигны эмнэлгүүд олныг бариарай хэмээн гадаадын нэг нөхөр ятгаж байсан нь санаанд бууж байна. Өөрсдөө өөрсдийгөө хэний ч оролцоогүй тамлаж байгаа хэлбэр нь энэ юм. Монголчуудыг тэгэхээс тэгэх гэж эцэс төгсгөлгүй дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, ёстой тэгээд хаа хүрдэг юм түүнийг нь үзье гэж байгаа бол нийслэлийн үнсэн хөх энэ их утаа униар, үнэр танар, гэр хорооллын тамын амьдрал, эмнэлгүүдийн ачаалал, замын түгжрэл бэлхнээнүднээ ил байна. Хот байгуулалтын гашуун муу сургамжийн дэлхийн томхон жишээ болон Улаанбаатар маань олон улсад мөнхрөв өө.
Ардчиллын жилүүдэд хэт их тунгаар нүүдэллэжээ. Ганцхан чигтэй, нийслэл рүүгээ. Их нүүдлийг зогсоодог ид шидтэй эрх баригч, улс төрч ганц ч заяасангүй. Хөдөө нь эзгүйрсэн, хөдөө хүн тогтохоо больсон, уламжлалт малчид нь хөгширсөн, ингээд Монголын хөдөө хаягдсан үр дүнтэйгээр 28 дахь жилээ үдэж байна. Гадаадынхан гайхаад л, учрыг нь тайлж үл чадна. Төвлөрлийг сааруулах нэртэй хэдэн төсөл сургалт хэлбэрээр явагдсан, нэг чихээр ороод нөгөө чихээр нь гараад явчихсан. Төв суурингаас усан тэнэг л биш бол буцаж нүүнэ гэж гонж.
Ардчиллын үнэт зүйлс, үзэл санааг нэвтрүүлээд ардчилсан төр засгаа сонгоод, чөлөөт сонгуулиараа гялалзаж байна уу гэтэл тэр бас байдаггүй. Монголчуудыг тэгж ингэж сонго гэсэн гадны ямар ч зааваргүйгээр сонгуулиа явуулаад адагт нь ард түмэн нь улс төрөөсөө баахан залхаж, зүрхшээж, улс төрчдөө үзэн ядсан үр дүнтэй. Гол нь тэр олон ардчилсан сонгуулиуд монголчуудад өгсөн үр дүнгээр тун бага, ард түмнийхээ ядуурал ажилгүйдлийг шийддэггүй учраас ард түмний залхалтыг хүлээн зөвшөөрч байна.
Зах зээл рүү чөлөөтэй шилжих эрхийг нь өгчихсөн, дураар нь дургиулсаар өнөөг хүргэжээ. Зах зээл рүү яаж шилжиж, зах зээлийн ямар нийгэм байгуулдаг юм бол гэдгийг нь эцсийг нь тултал үзэхээр даян дэлхий шийджээ. Тэгэхээс тэгэх гэж ёстой дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, юу дуртай есөн хүслийг нь биелүүлж зоргоор нь байлгалаа. Өмнөд хөршөөсөө барагдахгүй их бараа, бүтээгдэхүүн авчраад нийслэлийнхээ зар дэлгүүрүүдийг чигжтэл дүүргэлээ. Араас нь зөөсөөр л байна. Ийм цикл 28 жил үргэлжилжээ. Худалдан авагч байдаггүй, гол нь тэдэнд ньмөнгө байдаггүй, гэтэл зөөгөөд байдаг, зөөгөөд байдаг. Заавал зөөнө, заавал бараагаа зарна гэж зүтгээд, тэмцээд байдаг. Нийслэл маань дэлгүүр лангууны хот болж хувирав аа. Бараа сахисан, худалдан авагч хүсэн хүлээсэн хэдэн түмэн худалдагчтай болоод авлаа. Орлого ашиг гэхээсээ дан гарлага, зарлага, улсад бол ямар ч хэрэггүй, ийм нэг лангуун хоттой болчихоод байж байна. Дураараа дургисаар хүрсэн нэг үр дүн нь энэ.
Хийж бүтээгээд, экспортлоно гэдэг ойлголт ихэнхи монгол тархинаас арчигдчих шиг боллоо. Үйлдвэрлэж, боловсруулж, нэмүү өртөг шингээж байж ашиг өгнө, тэгээд цалин нэмнэ гэдгийн эсрэгээр явцгаалаа, дуу нэгтэйгээр.Ерөөсөө бэлэн байгаа “юм”-аа л тэр “бэлэн”-ээр нь хөршүүд рүүгээ зөөчихье. Одоо бол урд хөрш рүү “урсаж” байна. Тэр “бэлэн юм” нь Тавантолгойгоос ухаад гаргаад ирсэн нүүрс байна. Ямар азаар Хятадтай залгаа хилийн бүсээс тэр нь олдсон юм, бурхандаа л залбирахаас.
Албаны мэдээ: Тавантолгойд нүүрс тээвэрлэгч жолооч нарын гэр бүлийнхэн, Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэг хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлд одоогоор 160 компанийн нэр дээр 13 мянган жолооч нүүрс тээвэрлэдэг. БНХАУ-д нүүрсээ хүргэх урт цуваа хэдэн арван км үргэлжилнэ. Үүнээс болж жолооч нар шатахуунаа барж, сэтгэл санааны гүн хямралд орно. Хамгийн хүнд нөхцөлд нүүрс тээвэрлэлт хийж, ар гэрээ тэжээхийн төлөө зүтгэж яваа. Тэр бүү хэл архинд донтож, осолд орж, гэмт хэрэг үйлдэж, амь насаа алдсан золгүй тохиолдлууд ч гарах болжээ гэжээ.
Зах зээл хөгжүүлж байна гэж дураараа дургисаар хүрсэн үр дүн нь энэ л дээ. Хөөрхий 13 мянган эрчүүдээ зольчихжээ. Гэхдээ нэг логик байна. Тэднийг тэгж зов гэж, элсэн дунд харангадаж үх гэж хэн ч албадаагүй, хэн ч хөөж явуулаагүй, хэн ч дарамтлаагүй, буу тулгаж жолооны ард суулгасан нэг ч тохиолдол байхгүй юм билээ. Өөрсдөө өөрсдийгөө тамлаж байгаа хэлбэр нь тэр юм. Монголчуудын ингэж зовохыг дэлхий харахыг хүсээгүй нь л лав. Гэхдээ дураар нь хаясны гор нь энэ болов уу?
Хатуухан хэлбэл Монгол-Хятадын албан ёсны худалдааны дүр төрх байж байгаа нь энэ. Tөсвийн орлогын дийлэнхийг уул уурхайн салбарын экспортоор (90 хувь) бүрдүүлдэг манай улсын тэр экспортын тал нь угаагаагүй, шороотойгоо ачигдан хэдэн арван км цуваагаар очдог тэр түүхий нүүрс юм.Ажил хэрэгчээр хамтран ажиллахын оронд бэлэн байгаа “юм”-аа зараад солиод, түр зуурын ашиг олохчоон болоод дуусгана, юун чөлөөт өрсөлдөөн, илүү ашиг?
Нүүрс гэлтгүй бусад түүхий эд, өөр юу ч юм бүгдээрээ л нэг иймэрхүү байгаа. Эмээлтийн ойролцоо малын бойн дээр мах овоорч, тэр нь өмхийрч, монголын махны үнийг тэндхийн хятад эзэд тогтоодог тухай зурагтаар бишгүй ярина лээ. Зах зээлд шилжсэн монголчууд өөрсдөө эрх мэдлээ өгчихсөн хэрэг болохоос хятадууд дураараа дайрч орж ирээд эзэн суучихсан юм ерөөсөө байхгүй. Дураараа дургисаар нэг мэдэхнээ өөрсдийгөө, эх орноо, ядаж махны зах зээлээ тийм байдалд оруулчихсан. Арьс, ноос үсний зах зээл ч мөн иймэрхүү байгаа гэж сонссон. Монголын авилгачдын зах зээлд орж байгаа байдал нь энэ. Ингээд эцэс төгсгөлгүй байнгын алдагдалтай эдийн засаг, алдагдалтай худалдаа урсана.
Монголчуудад ардчилал амлуулж өгчихөөд тэгэхээс тэгэх гэж дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, тэгээд хаа хүрдэг юм түүнийг нь үзье гэсэн нэг том салбар бол боловсрол байна. Унасан уу, сэхсэн үү, сэхсээр яваа уу, бүр дампуурч байна уу, би ер ойлгохоо больсон. Энэ салбарт ямагт хэтрүүлэг туйлшрал нүүрлээстэй. Их дээд сургуулийн тоо 200 руу дөхөж, тэр үед гурван сая хүрээгүй байсан хүн амдаа хуваавал дэлхийд цойлсон. Улсаараа нэг ажилгүй, ажилд тэнцэхгүй ромботонгуудтай болж авлаа. Гуравхан сая хүн амтай улс оронд хэдэн арван жилдээ бэлтгэхгүй байхад болохоор “мэргэжилтэн”-гүүдтэй болж авсан, араас нь конвейроор үйлдвэрлэсээр л байна. Социализмын үед гадаад хэлтэн байтугай, орос хэлтэнийг төрийн хатуу бодлогоор бэлтгэж, тэтгэж, тэд нь үнэ хүндтэй байсан чинь одоо гадаад хэлтэнээрээ Монгол Улс дүүрсэн, үр дүн нь улс орныхоо хөгжилд очиж огт наалддаггүй. Ядуурал ажилгүйдэл нь байж л байдаг, гадаад хэлний сургалт зэрэгцэн цэцэглээд л. Зарууд дүүрэн.
Нөгөө жүжгийн тайлал төгсгөл гэж байдаггүй. Дургиулаад л, алга ташаад л. Дургиж дургиж гол үр дүн нь ажилгүйдэл, ядууралдаа дарлуулаад улс эх орон маань босч өндийж чаддаггүй ээ. Хамгийн аймшигтай нь дундаж давхарга нь устгагдчихаж. Дундаж давхарга нь баян ядуу давхаргадаа хамаг “юм”-аа хулгайлуулаад дууссан. 1990 онднурж эхэлсэн энэ эх орон бүрэн нурсан, одоо арай чүү босгож байна. Даан ч удаан.
Социализмын үед зөвлөлтийн зээл тусламж, мөнгөний гачаалын яриа тасардаггүй байсан чинь өр тавиулдаг тэр СССР нь нураад уначихаад байхад дахиад л зээл тусламж, мөнгөний гачаал, нэг хүнд ногдох асар их өрийн тухай яриа 28 дахь жил дээрээ тасралтгүй ярьсаар. Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын амны уншлага, тархины өвчин, хойшдоо ч байнга ярих төлөвтэй. Улс орныхоо доройтол ядууралд улс төрчид нь харилцан хэдэн биенээ яллана. Тэгэхлээр улс төрчид л буруутай, цаад ядуурсан хүнд өчүүхэн ч буруу байхгүй. Бүр сүүлдээ ядуурлаа өхөөрдөөд ч байх шиг. Ядууст хайртайн дүрд 28 жил тоглоцгоолоо. Тоглоцгоох ч болно. Харин ядуурал нь арилахгүй, ойрын хэдэн жилдээ. Төр буруутай гэдэг дээр би маргадаггүй, харин 100 хувийн бурууг тохох гэдгийн эсрэг дуугардаг. Хувь хүн, монгол хүн Та яагаад буруугүй юм бэ гэх “сөрсөн базаа”-г би үргэлж хийнэ.
Лойх, лоймол, лойно гэж нэг хорон үгс дээхнэ яригддаг байсан. Одоогийн залуус бол мэдэхгүй. Арчаагаа алдах, тартагтаа тулахыг нь тэгж хэлдэг байсан даа. Өнгөрсөн 28 жилд монголчуудыг тэгэхээс тэгэх гэж дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, ёстой тэгээд хаа хүрдэг юм үзье гэж хандсаны гайгаар ард түмэн маань бүхэлдээ лойчихоод байна. Бүтээдэг баялаг байдаггүй, байдаг бол тэр нь ард түмэндээ огт нялздаггүй. Мөнгө байдаггүй, мөнгө тогтоодоггүй, юу ч хүлээн авахад бэлэн нээлттэй гэнэн ард түмэн байж байдаг. Өөрөө өөрийгөө устгахад ч бэлэн юм шиг. Хүн бол 50 хувь биологийн амьтан, 50 хувь нийгмийн амьтан. Монголчуудын биологийн амьтны шинж хэт их тунгаар хөгжөөд улс орон маань годройтож унасаар, бид дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсээр ёроол руугаа нэг очих байх даа?
О.Баярхүү /baabar.mn/