Энэ хүний толгойг эргүүлж тойруулж их л мөлжих юм, МАН-ынхан. АН С.Эрдэнээсээ болоод ялагдана л гэнэ. Ялах, ялагдахыг нь мэдээгүй байж хэнээс болж ялагдахыг бас мэдэх үү?
Харин МАН Хүрэлсүхээсээ болоод ялагдаж мэднэ. Хүрэлсүх бол ЖДҮ, Хүрэлсүх бол 60 тэрбум, Хүрэлсүх бол Монголын “Хар”, “Саарал” жагсаалт, Хүрэлсүх бол Хүрэлсүх л юм.
Хүрэлсүх МАН-ын дарга болохоосоо өмнө хэн байсан? НАМЗХ-г удирдаж байхдаа намынхаа залуустай нийлж Хадгаламж банкны 14 тэрбумаар казинодсоныг мартсан уу? Төрийн ордны ард байрлах 9 давхар обектыг “Солонгост ажилладаг эгчийнхээ цалингаар бариулсан” гэж ярьж явсанд бас итгэсэн үү? М.Энхболдыг газрын наймаачин гээд буулгахад тэр “Байшин барьсан газрыг чинь хэн өглөө?” гээд мушийж суусан.
Ж.Эрдэнэбатыг “намайг тагнаж чагналаа” гээд огцруулсны дараа өөрийнхөө төрсөн дүүгээр өөрөө ийм ажил хийлгэсэн нь ил болж байсан хүн л дээ. У.Хүрэлсүхийн Монголын төрд хийсэн ганц сайн зүйл нь Онцгой байдлын сайд байхдаа Хөвсгөл далайд төөрсөн Л.Гүндалайг зургаан давхар бандааштай нь цуг аварсан явдал. Бусад нь дандаа хутгуур.
Ардын намын даргыг авахдаа хүртэл юу хийснийг нь сана. М.Энхболдыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлчихээд араас нь хутга барьж очоод Женкогийн тэжээврүүдтэй нийлж намынхаа нэр дэвшигчийг унагасан. Ярианых нь бичлэг хүртэл цацагдсан. Шалтгаан нь зүгээр л МАН-ын даргын суудлыг авах байсан. М.Энхболд Ерөнхийлөгч болчихвол өөр шиг нь хутгуурт намаа өгөхгүй гэдгийг ухамсарласан учраас урьтаж хөдөлсөн.
Байгаа байрандаа ахадсан нэгэн байхад байр сууриндаа үргэлж жижигдсэн хүн бас байдаг. Хурандаа Хүрэлсүх бол тийм л хүн.
Хүрэлсүх атаман болохоороо, аймшиггүй болохоороо төсвийн мөнгөөр нисдэг тэрэг унаад тойрог болгон дээр нисч буугаад яваа ч юм биш. Ямарч үнээр хамаагүй сонгогдож байж ялаас мултарна гэдгээ мэдсэний үндсэн дээр ингэж хоолойдоо хутга тулгуулаад явж байгаа хүн. Ардын намын 65 гишүүний 54 нь дахиж нэр дэвшсэн. Талаас илүү нь ЖДҮ-чин. Гишүүний бүрэн эрх нь дууслаа л бол бүгд шорон луу ачигдана.
Ачигдахдаа мөр мөрөө хөөгөөд дуугүй явна гэж үү? Хүрэлсүхийг намын дарга, Ерөнхий сайд болгосны төлөөс юм шүү дээ... гэж хэн нэг нь хэлж л таарна. Хүрэлсүхийн амласан “шударга ёс” ийм л үнэ цэнэтэй байсан. Мөнгөгүй бол тэр хэн ч биш. Тэр мөнгө нь харин хэнийх вэ?
С.Эрдэнийг намынхаа нэр дэвшигчдээс 100 саяын татвар авсан л гэнэ. АН-ын гишүүд ядаж л тал талаасаа татаад намынхаа сонгуулийг санхүүжүүлчих сэтгэлтэй байна. Харин МАН яасан бэ, хэний мөнгөөр сонгуульдаж байгаа билээ? Төсвийн мөнгө гэдэг эзэнгүй мөнгө байсан уу? С.Эрдэнийн 100 саяыг цагдаж суухаар Хүрэлсүхийн шатаасан мөнгө хаанаас гарч байгааг эхлээд асуух хэрэгтэй. Энэ зэрэгтэй ялгааг мэдэж байж Ардын намын пиарчид ажлаа хиймээр байна аа.
Хүрэлсүхийн хажууд С.Эрдэнэ хэн юм гэл үү? С.Эрдэнэ бол алдаатай, оноотойгоо бичигдсэн ардчиллын амьд түүх. Унаж үзсэн, босч зогссон жирийн нэг эр хүн. Та биднээс юугаараа ч өөр биш. Андын журмыг эвдээгүй, арчаагаа алдаж Н.Энхбаярын хөлд сөгдөөгүй. Хүрэлсүх шиг хутга барьж намын тамга аваагүй. Байгаа бүхнээ өөрийн гараар босгосон...
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл (2)