Манай улс 196 улстай дипломат харилцаа тогтоосноос одоогоор 32 улсад Элчин сайдын яам, 14-т нь Ерөнхий консулын газар ажиллаж байна. Тэдгээрийн 11 Элчин сайдыг томилж чадахгүй мунгинасаар өнгөрөгч тавдугаар сарын эхээр хоёр улсын Элчин сайдыг томилсноор хаврын чуулган өндөрлөөд байгаа. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан, хошууч генерал Т. Бадралыг, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөх, Хэргийг хамаарагчаар өдгөө хүртэл ажиллаж байсан Н. Эрдэнэтуяаг томилсон билээ. БНСУ-д суух Элчин сайдыг томилж чадахгүй гурван жилийн нүүр үзсэний эцэст ийнхүү Н.Эрдэнэтуяаг томилсон юм. Үүнээс өмнө БНСУ-д суух Элчин сайдаар томилохоор хоёр ч хүний нэр яригдаж байсан. Түүний нэг нь ТЕГ-ын дарга асан Б.Хурц генерал. Түүнийг томилох шийдвэр УИХ-аар гарч, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нарын нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байсан ч ахицтай юм болоогүй. Эцэст нь, Д.Даваасүрэнг ажлын хариуцлага алдсан хэмээн үүрэгт ажлаас нь чөлөөлж, генерал Б.Хурц ч томилогдоогүй хоцорсон. Мөн БНСУ-д суух Элчин сайд Ц.Өнөрзаяаг томилох тухай ч яригдаж байв.
Ер нь Элчин сайдын томилгоо бол Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ хоорондоо зөвшилцөж байж, эцсийн шийдвэрт хүрдэг “арын хаалганы” ч гэж хэлж болохуйц албан тушаал. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс заримыг нь буцаан татаж, томилохоос татгалзвал томилох боломжгүй болчихдог “мест”.
Томилогдсон Элчин сайдууд нь хэн хэн бэ?
Үнэндээ сүүлийн хоёр жил гаруй хугацаанд Монгол Улсаас гадаад улсад суух Элчин сайд нарын томилгоо улс төрийн хүрээнд таг зогсч, энэ асуудал ёстой нөгөө “Зэлтэрийн гацаа” гэдэг шиг л болчхоод байсан. Харин өнгөрсөн оны сүүлчээр хэд хэдэн улсын Элчин сайдын асуудлыг шийдвэрлэснээр “царцсан” асуудал гэсч эхэлсэн гэхэд болно. Ерөнхийлөгч, Засгийн газар хоёрын хооронд тохиролцож чадахгүй байсан асуудал хэд хэдэн удаагийн уулзалтын дараа зургаан улсад суух Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг Ерөнхийлөгч дэмжиж, УИХ-д зөвшилцөх саналаа хүргүүлсэн байдаг.
Жишээлбэл, ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг 2019 оны дөрөвдүгээр сард эгүүлэн татах зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гаргаснаас хойш тус улсад суух Элчин сайдын суудал дараачийн эзнээ хүлээж байсан. Тэр суудалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан Д.Давааг томилсон. Тэрбээр дэслэгч генерал цолтой, 1986 оноос хойш батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос ЗХЖШ-ын даргаар ажиллаж байжээ.
Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаярыг эгүүлэн татаж, түүний оронд Ш.Батцэцэгийг томилсон. Тэрбээр 2016-2017 оны хооронд Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан. 1984 онд Орос хэлний дээд сургууль, 1987 онд Москвагийн А.С.Пушкиний нэрэмжит Орос хэлний дээд сургуулийг төгссөн, боловсролын докторын зэрэгтэй. Төрийн болон төрийн бус байгууллагад 1984 оноос хойш ажиллаж, 2008-2016 онд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан хүн.
Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Батааг эгүүлэн татаж түүний оронд Б.Доржийг томилсон. Б.Дорж нь Гадаад харилцааны яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга, Европын газрын газрын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай дипломатч, яруу найрагч. Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын “Вестминстр” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын харилцааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой. 1989 оноос ГХЯ-нд ажиллаж эхэлсэн бөгөөд 2000-2004, 2013-2016 онуудад Варшав дахь ЭСЯ-нд II нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх зэрэг дипломат ажил гүйцэтгэж байжээ. Харин 2016 оноос хойш ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дэд захирлаар ажиллаж байжээ.
Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Төгсбилгүүнийг эгүүлэн татаж, түүний оронд А.Төмөрийг томилох шийдвэрт хүрсэн. Тэрбээр 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2007 онд Япон улсын “КЮҮШҮ” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын эрхзүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой. 2003 оноос ГХЯ-нд эрх зүйн чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2008-2011 онд Вена дахь ЭСЯ-нд III нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. 2014 оноос хойш ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирлаар ажиллаж байсан залуу.
Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан ажиллаж байхад нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эгүүлэн татах шийдвэр гаргасан. Түүний дараа тус Улсад суух Элчин сайдаар 2018 оны есдүгээр сард О.Энхцэцэгийн томилсон. Гэвч хоёрхон сарын дараа О.Энхцэцэг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байдаг. Тэгвэл тус улсад суух Элчин сайд О.Энхцэцэгийг мөн эгүүлэн татаж, түүний оронд Т.Жанабазарыг томилсон. Тэрбээр 1987 онд хуучнаар ЗХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1989 онд Япон улсын Олон улсын харилцааны их сургуулийг тус тус төгссөн, Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд цолтой юм. Дипломат албанд 34 жил ажиллах хугацаандаа Бүгд Найрамдах Ардчилсан Лоас улсад суух Элчин сайд, Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2015 оноос Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж байсан туршлагатай.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболдыг эгүүлэн татаж, түүний оронд В.Энхболдыг томилсон. Тэрбээр 1989 онд хуучнаар ЗХУ-ын Владимир хотын Техникийн их сургуулийг төгссөн. Техникийн ухааны магистр, олон улсын эдийн засгийн докторын зэрэгтэй, “Тэргүүн шадар” дипломат цолтой юм. Тэрбээр 2001-2004 онд Женев дэх БТГ-т III, II нарийн бичгийн дарга, 2008-2011 онд Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2012 онд ГХЯ-нд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2013-2016 онд Азийн хөгжлийн банкны төсөл, Европын холбооны төслүүдэд Үндэсний зөвлөх, 2016 оноос Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байсан.
Элчин сайдад нэр дэвшигчдээс хэн хэнээс нь Ерөнхийлөгч татгалзсан бэ?
Ажлын хариуцлага алдсан хэмээн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг Канад улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор хэлэлцэж байсан ч Ерөнхийлөгч дэмжээгүй. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайдаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийг танилцуулж байсан ч, Ерөнхийлөгчийн зүгээс БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийг томилохыг дэмжээгүй. Мөн Австрали улсад суух Элчин сайдаар Г.Тэнгэрийг томилсон ч Ерөнхийлөгч дэмжээгүй учраас нэрийг эгүүлэн татаж байсан удаатай. Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирлаар ажиллаж буй Н.Анхбаярыг Австрали Улсад суух Элчин сайдаар томилохоор нэр дэвшүүлсэн байдаг. Түүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү гэдэг талаас нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр онцолж байсан бөгөөд Ерөнхийлөгч мөн л татгалзсан.
Засгийн газраас дэмжигдсэн Элчин сайдууд хэн хэн байв?
2020 оны нэгдүгээр сард Засгийн газраас дэмжигдсэн байсан Элчин сайд нар
1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэгмидийн Цэнгэлийг,
2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Наранбатыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг,
3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормааг,
4. Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг,
5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Маньбадрахын Ганболдыг,
6. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Жамбалдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батмөнхийн Батцэцэгийг,
7. Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чанравын Бүрэнбаярыг,
8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цогтоогийн Өнөрзаяаг,
9. Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чимэддоржийн Баттөмөрийг,
10. Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг,
11. Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг тус тус томилох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжиж байсан юм.
Үлдсэн Элчин сайдуудын томилгоо ирэх есдүгээр сараас нааш шийдэгдэхгүй
Дээр нэр дурдагдсан 11 хүний томилгоон дээр одоо гацчихаад байгаа. Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Би мэргэжлийн сайд нараа томилуулахаар оруулсан. Харамсалтай нь, Ерөнхийлөгч саналаа татаж аваад дараачийн УИХ бүрэлдэхээр оруулна гэсэн. Тиймээс Элчин сайдуудаа томилж чадахгүй байна” гэсэн тайлбарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгсөн. Зөвшилцөж байсан Ерөнхийлөгч яагаад саналаа татсан нь бас сонин. УИХ-ын намрын чуулганаар буюу одоогоос гурван сарын өмнө Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 11 улсад суух Элчин сайдын нэрсийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж дэмжүүлээд зогсохгүй, Ерөнхийлөгчид уламжилж, Ерөнхийлөгч ч дэмжсэн байдаг. Харамсалтай нь, МАН-ын бүлэг дээрх 11 элчин сайдын хоёрыг нь дэмжээгүй. Тодруулбал, МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санал болгосон Энэтхэг Улсад суух Элчин сайд Ч.Бүрэнбаярыг хэтэрхий өндөр настай гэж, БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Өнөрзаяаг туршлагагүй хэмээн шалтаглан дэмжээгүй. Үүнээс үүдэн ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөх саналаа буцаан татсанаар Элчин сайдуудын томилгоо үндсэндээ гацсан. Тиймээс Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хэлсэнчлэн Элчин сайдуудын томилгоо дараагийн УИХ бүрдтэл буюу ирэх есдүгээр сараас наашгүй шийдэгдэхгүй нь тодорхой болж байна.
Дээр нь нэг зүйлийг нэмээд хэлчхэд, Элчин сайдад нэр нь яригдаж байсан нэгнээс эхлээд бүр нэрийг нь дэвшүүлж, Засгийн газраас дэмжигдэн зөвшилцөлд хүрч байсан хүн ч УИХ-ын энэ удаагийн сонгуульд хүчээ үзэж байгаа. Харин тэдний сунгаа талаар болж, төрийн түшээгээр сонгогдож чадахгүйд хүрвэл дараачийн буудаллах өртөө нь томилогдохоо хүлээж буй Элчин сайдын сэнтий байна гэдгийг барин тавин хэлэх хүн ч бас байна, наана чинь. Үгүйсгэх аргагүй юм, үйл явдлын өрнөлийг л харж байя даа.
Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин