Ардын намын сонгосон пиар буюу “Хүчээ нэгтгэе” уриа замынхаа талд хүрэлгүй сульдаж, унаж тусч эхэллээ. Захын "бөбөөчин" энэ самбаруудыг нь хараад “65 суудал хүчгүй байсан хэрэг үү? Хүчтэй байхдаа юу хийснийг харсаан” хэмээн хөмхийгөө зууж байна.
Зүү орох завсаргүй 65-уулаа гараад дөрвөн жил засаглахдаа амьдралд нь нэг ч нэмэр болоогүй байж өнөөдөр гэнэт сэрсэн мэт “хүчээ нэгтгэе” гээд саналын гуйлга хийхийг харсан гуйлгачин ч атугай цэрвэх нь аргагүй.
Дарханы замын там болгож орхичихоод, жилдээ 200 хүн замын ослоор үхэж байхад МАН-ын дарга дээгүүр нь нисдэг тэрэг хөлөглөөд, төсвийн мөнгөөр намынхаа сурталчилгааг хийгээд явааг харвал “ард түмэн”, “Ардын нам” хоёр яавч нэг тал биш нь тодорхой. Тэгэхээр "Хүчээ нэгтгэе" гэдэг нь яг хэнийг онилоод, юу хүсээд байгааг ойлгоход бэрх.
Ердөө хоёрхон жилийн өмнө ЖДҮ, 60 тэрбумаараа хуваагдаад “чи их идсэн үү, би их идлүү” хэмээн зодолдож байсан МАН одоо ирж “Хүчээ нэгтгэе” гэснийг “Илүү ихийг хулгайлья” гэснээс өөрөөр унших аргагүй. Жил жилийн сонгуулиар нэг иймэрхүү "оньсого" таалгасаар байгаад бүр гаршчихлаа л даа, МАН...
Хан-Уулд нэр дэвшсэн Д.Сарангэрэл, О.Алдаржавхлан л гэхэд дээрээ ч, доороо ч засаглаад явж байгаа нөхөд. Өөр хаанаас ямар хүч дутлаа гэж, бас юу хийсэн гэж Хан-Уулчуудаас дахиж санал гуйх ёстой вэ?
“Үхэх мөрөөрөө үхэхгүй хүүхдийн малгаа өмсч үхлээ” гэгчээр хаа хамаагүй, гэм зэмгүй тэнэж явсан нэг залууг чирж ирээд, “Шарк” энэ тэр гэж хөөргөж байгаад шавар балчигтайгаа хутгачихдаг нь бас юув. Нөгөөх нь гадаад эхнэртэй, гадаад улсын иргэншилтэй энэ тэр энэ тэр гэгдээд, бараг л Монголын нутагт гишгэх эрхгүй болж байх шиг. Заавал нэг хүнийг гишгэлж, шороо тоостой нь хутгаж байж өөрсдөө дээшээ гардаг нь угаасаа МАН-ынхны араншин.
Д.Сарангэрэл нь ядаж салбар толгойлж байгаа сайд хүн шиг харах хэрэгтэй л дээ. "Дэлхийн нийтээр коронавирусын аюул нүүрлэчихлээ, дэглэмээ барь" гэж иргэдээ гэрт нь хорьчихоод өөрөө юу ч болоогүй юм шиг сонгуульд нэр дэвшээд, сурталчилгаа хийгээд явж болох уу? Эрүүл мэндийн сайд хүн.
Түүнийхээ оронд “Тойргийнхондоо баярлалаа. Намынхандаа талархлаа. Энэ удаагийн сонгуулиас би нэрээ татлаа. Нам ялбал сайдынхаа ажлыг үргэлжлүүлээд хийнэ, эхэлсэн ажлаа дуусгана” гээд хэлчих зоригтой, нуруутай байх ёстой. Түүнээс биш нөхцөл байдлыг ашиглаж, коронавирустай тэмцсэн гэж нэр төр олоод, түүнийгээ сонгуулийн сурталчилгаанд ашиглана гэдэг бол улстөрчийн хувьд ч, салбарын сайд хүний ч хувьд ёс зүйгүй үйлдэл. Хоёр сар сонгуульдлаа, халдвар тархлаа... хариуцлагыг хэн үүрэх вэ?
Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр гэж нөхөр “Сонгуулийн үеэр халдвар тархвал хариуцлагыг би үүрнэ” гэж тэнэгрээд явна билээ. Яг яаж хариуцлагыг үүрэх гээд байгаа юм? Өвдсөн хүмүүсийн өмнөөс үхэж өгөх үү? Эсвэл эрүүл мэндийн салбарынхны өмнөөс эмчилгээ үйлчилгээг нь хийх юм уу? Хариуцлагыг үүрэх ёстой хүмүүс нь үүрдэг болохоос биш хэн дуртай нь "Би үүрье" гээд үүрчихдэггүй.
Төв аймагт нэр дэвшиж байгаа Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өчигдрөөс "Авилгачид тэнд нэгдэж байгаа бол Ард түмэн энд нэгдье" гээд уриалаад эхэлсэн байна лээ. Ингээд нэг мөсөн хоёр талдаа гараад, тус тусынхаа мөрийг хөөвөл аштай юу.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (2)