Халдвар судлалын үндэсний төв буюу ХӨСҮТ-ийн хашааны үүдээр ороход цагаан өнгийн хамгаалах хувцастай цагдаагийн хоёр албан хаагч хаашаа орох, хэнтэй уулзах, хэрэг зориг юунд эсэхийг тодруулж оруулах аж. Хашаагаар орж гарах иргэдийн хөдөлгөөн хэвийн үргэлжлэх бөгөөд амбулаториор үйлчлүүлэх иргэд багагүй хөвөрнө. Хашааны зүүн хэсэгт эмнэлгийн “Шинэ ба дахин сэргэж буй” халдварын VII тасаг гэх хаягтай барилгыг цагдаа нар хамгаалалтад авч орохыг хориглосон бүс татсан байв. Товчхондоо тэр бүсээр хүн нэвтрэхийг хориглох бөгөөд энэ хаалганы цаана л коронавирусийн халдвартай иргэд, тэднийг үхэл амьдралын заагаас аварч маргаашийн нартай золгуулахаар эмч, эмнэлгийн ажилтнууд нойр хоолгүй хагас жил зүтгэж байгаа юм. Үүний үр дүнд бид халдварыг дотооддоо алдаагүй цорын ганц улс хэмээн дэлхий нийтийн анхаарлыг татаад буй. Мөн одоогоор гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 194 хүнээс 85 хүнийг ХӨСҮТ-ийнхэн эмчилж эдгээгээд байна. Голомтот бүс буюу халдвартай хүмүүсийг эмчлэхийн тулд давхардсан тоогоор 298 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж байгаа юм байна. Өчигдрийн байдлаар нэг ээлжинд 35 эмч, ажилтнууд халдварын бүст ажиллаж байв. Тэд халдварын бүс рүү орохдоо халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд сахиж ажилладаг бөгөөд эмчилгээний 14 хоногийн хугацааг дуусгаад дахин тусгаарлалтад 14 хоног байдаг аж. Халдварын голомтод орж ажилласан эдгээр эмч, ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт оруулж хамар залгиурын шинжилгээ зэрэг хэд хэдэн шинжилгээ авч ямар нэг шинж тэмдэг илрээгүй тохиолдолд гаргадаг байна. Ингээд эргээд ажилдаа орно гэсэн үг. Үүнээс гадна тусгай үүргийн онгоц тосч шинжилгээ авах, сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ рүү зөөж авчрах үүрэгтэй 5-6 отряд гаргажээ. Нэг отряд эмч, халдвар судлагч, эмнэл зүйч эмч, жолооч гээд таван хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг байна. Уг багийнхан онгоцны буудал руу шинжилгээнд яваад ирэхдээ хувцсаа солино.
Үүнийг камераар халдвар судлагч хянаж ариутгал, халдваргүйтгэлийг хийдэг байна. Өчигдөр Сэлэнгэ аймгаас батлагдсан нэг тохиолдлыг авчирчээ. Тухайн хүнийг аль тасаг руу оруулах эсэхийг хоорондоо утсаар холбогдож зааварчилгаа өгнө. Улмаар тус тасгаас сувилагч халдвар хамгааллын хувцсаа өмсөж гарч ирээд хүлээж авах аж. Ингээд тухайн өмссөн хувцсаа дараагийн өвчтөн дээр орохдоо тайлна. Өдөрт арван өвчтөн дээр орж үзлэг хийх бол арван удаа хувцсаа сольж өмсөнө гэсэн үг. Нэг өмссөн хувцсыг дахин хэрэглэдэггүй гэв.
М.ТУНСАГ: АРД ТҮМЭНДЭЭ ХАНДАХАД ОДОО ӨӨРСДИЙГӨӨ Л САЙН ХАМГААЛ
Ингээд ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсагтай ярилцлаа.
-хөсүт хагас жилийн хугацаанд хүнд нөхцөл байдалд ажиллаж ирсэн. Яг дотоод зохион байгуулалтыг хэрхэн зохицуулж ажиллаж байна вэ?
-Энэ оны нэгдүгээр сарын 3-наас БНХаУ-ын Ухань хотод шалтгаан нь тодорхой бус уушгины хатгалгаа өвчин бүртгэгсэн талаар мэдээлснээс хойш Монгол Улс бэлэн байдлаа хангаад ажиллаж ирсэн. Энэ өдрөөс хойш ХӨСҮТ сэжигтэй, ажиглалт, тусгаарлалт, батлагдсан тохиолдлуудыг хүлээж авсаар өнөөдрийг хүрлээ. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 283 сэжигтэй тохиолдол, 194 батлагдсан тохиолдол байгаагаас нэмж 10 хүн эдгэрч гарч байна. Нийтдээ манайхаас халдвартай батлагдсан 85 хүн эдгэрээд гарлаа. Эмч, ажилтнуудын хувьд давхардсан тоогоор 298 хүн халдварын голомтод ажиллаж байна. Нэг багт хоёр эмч, нэг сувилагч, нэг ариутгагч, нэг үйлчлэгч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр батлагдсан тохиолдолд орж ажилладаг. Сүүлийн үед манай эмч нарын хүний нөөц ойрхон эргэлттэйгээр голомтын бүс рүү орж ажиллаж байна. Хэн халдварын бүст орж ажиллах уу, хэн бусад халдварт өвчний тасагт ажиллах уу гэдэг зохицуулалтыг Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал миний бие болон Чанарын албаны дарга хамтран зохион байгуулдаг. Мөн хоногтоо есөн эмч жижүүрээр ажилладаг. Энэ хуваарилалтыг бас хийнэ. Хөдөө орон нутгийн алсын дуудлага, халдвартай холбоотой ажиглах, тусгаарлах байртай холбоотой дуудлагуудад ажиллах ажилтнуудыг зохицуулна. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд эмч, сувилагч, асрагч, ариутгагч, үйлчлэгч бүгд орно. Захиргааны нярав, арга зүйч нар болохоор үдээс хойш бүгд эргэлт зөөдөг. Даваа, лхагва, баасан гаригийн 14:00-16:00 цагийн хооронд эргэлт зөөдөг. гэх мэтчилэн энд гар оролцохгүй хүн нэг ч байхгүй.
-Сүрьеэ, улаанбурхан, томуу, томуу төст зэрэг бусад халдварт өвчний байдал хэр байгаа вэ?
-Ганц коронавирус асуудал биш. Сүрьеэгийн өвчлөл өндөр байна. ХӨСҮТ-д сүрьеэгийн 200 ортой. Уушгины тасагт сүрьеэгийн хүнд хүн өдөр болгон ирж байна. Хөдөө орон нутгаас, аймаг дүүргүүдээс бас ирдэг. Халдвартын клиникийн сэхээн амьдруулах тасагт хурц гепатит өвчин, вирусийн гаралтай цочмог гепатит өвчнүүд хүндрэх шинж ажиглагдаж байна. Тухайлбал, комын байдалтай хоёр гурван өвчтөн орж ирлээ. Өнөөдрийн байдлаар 43 настай нэг эмэгтэй эмчилгээ хийлгээд сэргэсэн байна. Мөн дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр хачигт халдварууд их байлаа. Бага насны хүүхдүүд маш хүнд орж ирсэн. Нэг хүүхэд бүр ухаангүй ирээд эрчимт эмчилгээний тасагт орж одоо эдгэрээд гарсан. Энэ бүхэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд ажиллаж буй бүх хүмүүсийн нөр их хөдөлмөрийн үр дүн юм гэдгийг дашрамд хэлмээр байна. Ер нь манай бүх багийнхан л сайн ажиллаж байна. Бид өнгөрсөн хугацаанд Сарс, N1H1, шувууны ханиад, улаанбурхан зэрэг халдварт өвчний үед ажиллаад туршлагажиж, бэлтгэгдсэн нь одоо коронавирусийн цар тахлын үеийн үр дүнгээр харагдаж байна
Тухайлбал, Сувилахуйн алба 205 сувилагчийг зохицуулаад ажиллаж байна. Эм зүйн алба бол коронавирусийн эсрэг вирусийн эмийн тендерүүд дээр Баярцэцэг, Одноо эмч маш сайн ажиллаж байна. Эм зүйч гантуяа бас эмийн тал дээр сайн ажиллаж байна. Онош зүйн тасаг байна. Явуулын аппаратаар зураг авч байна. Рентген техникч Хүрэлбаатар ахлагчтай баг маш сайн ажиллаж байна. Сая Засгийн газраас манай эмнэлгийн тусламж үйлчилгээнд компьютер томографик , геомодиализийн аппарат, хувийн хамгаалах хэрэгсэл, цалин урамшуулал гээд бүгдийг шийдэж өгсөн. Үүнд манай хамт олон маш их баяртай байгаа. Ингэснээр бид эмнэлгийн тусламж, үйлчилгээг илүү хялбар, хурдан хүргэх болсон гээд дурдаад байвал маш их ажил хийгдэж байна.
-Коронавирусийн халдвартай нэг өвчтөнийг эмчлэх баг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байдаг бол?
-Нэг эмч стандартаар 7-8 хүн үзэх ёстой. гэхдээ эмч нарын хүрэлцээнээс хамаарч өнөөдөр нэг эмч 15 хүнийг үзэх байдлаар зохицуулж байна. Ер нь эмч нарын бүх хуваарилалтыг батлагдсан тохиолдол дээр 14 хоног ажиллаад 14 хоног тусгаарлаж байгаа. Буцаад гараад ажилдаа ордог. Жишээ нь, Франц иргэнийг эмчилсэн эмч 50 гаруй хоног тусгаарлагдаад одоо буцаад ажилдаа ороод явж байна.
-Эмчилгээний тухайд онцолж хэлэхгүй юү?
-ДЭМБ-ын стандарт, зөвлөмжийн дагуу ажиллаж эмчилгээг хийж байна. Эрүүл мэндийн яамны Эмнэл зүйн багийн зөвлөсөн, судалсан эм, тариаг хэрэглэж байна.
-Нэг өвчтөнг эмчлэхэд дунджаар хэд хоног шаардагдаж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар 85 хүн эдгэрээд гарлаа. Эмчилгээний хугацаа дунджаар 26 хоног байна. Өмнө нь 30, 31 хоног байсан. Яг өнөөдрийн статистик үзүүэлэлтээр 26 хоног гэж гарсан байна.
-Бараг хагас жилийн хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана гэдэг амаргүй. Ажилчдын зүгээс ядрах, цөхрөх байдал ажиглагдаж байна уу?
- Одоо тусгай үүргийн хэд хэдэн нислэг байна.Энэ нислэг болгонд нэг эмч хамт явах ёстой. Улсын онцгой комиссоос нэр авах байх. Тусгаарлалтад ажиглалт гээд нэг эмч бараг гурав дахиа орж байна. Манай эмч нар шөнө, оройн цагаар хэзээ ч утасдаад “За чи тэр нислэгээр явахаар боллоо. гадаад паспортоо бэлдээрэй”, “За нисэх рүү онгоц тосох отрядын багт ажиллахаар боллоо” гэхэд нэг ч эмч би тийм асуудалтай, ар гэрийн шалтгаан байна гэж гомдоллож байгаагүй. Энэ олон сар болоход нэг ч эмч “үгүй” гэж хэлж үзээгүй. Эмч, ажилтнууд инээгээд л “Дажгүй болж байна” л гэдэг. Тиймээс би энэ ажилчдаараа үнэхээр бахархаж байгаа. Удирдах, удирдуулах ёсоо мэддэг. Халдварт өвчин судлалын энэ том төвд ажиллаж байгаагаа мэдэрдэг үүргээ ухамсарласан эмч нараараа үнэхээр бахархаж байна.
-Эмч нарын хувьд хамгийн түрүүнд халдвар авах эрсдэлтэй. энэ тухайд?
-Санаа зовж байгаа зүйл бол эмч, ажилчид өөрсдөө халдвар авахгүй байх. Ингэхийн тулд халдвар судлагчийн хяналтан дор камераар харж хувийн хамгаалах хэрэгслээ дүрэм журмынх нь дагуу тайлж, өмсөж байна уу гэдгийг хянадаг. Энэ тал дээр Клиникийн халдвар судлагч Оюунгэрэл эмч маш сайн ажиллаж байгаа. Шөнө өдөргүй ажиллаж байна. Одоо ард түмэндээ хандаж нэг зүйлийг захимаар байна. Өөрийгөө л хамгаал. Хүүхдээ дагуулж айл битгий хэс. гадуур битгий яв. Дэлгүүрээр бага хэс. амны хаалтаа зүүгээд гараа сайн ариутгаад халдвар хамгааллын дэглэмээ бариад яваарай гэж хүсэх байна.
Халдварын голомтод ажиллаж буй эмч нарын төлөөлөл
“НЭГ СУВИЛАГЧ ТУСГААРЛАЛТАД ОРОХДОО ГУРВАН ХҮҮХДЭЭ НЭГ НЭГЭЭР НЬ АЙЛД ҮЛДЭЭГЭЭД ОРЖ БАЙСАН”
Монголд бүртгэгдсэн халдвартай иргэдийг эмчлэхийн тулд эмч, эмнэлгийн ажилтнууд ар гэр, үр хүүхэд хайртай бүхнээ орхиод 28 хоног буюу сар гэртээ харилгүй тусгаарлагдан ажилладаг. Хүн л болсон хойно ар гэрийн амьдрал нь энэ хооронд мэдээж үргэлжилнэ. Гэвч эмч, сувилагч нар ар гэртээ зовлон, гачигдалтай байсан ч үүргээ биелүүлж ажлаа хийсээр байна. Ажлаа дуусгаад тусгаарлалтад орно. Зарим үед эмч сувилагч нар гэртээ нас өндөр аав, ээж, үр хүүхдээ орхиод ирэх нь энүүхэнд. Тухайлбал, нэг сувилагч гурван хүүхдээ нэг нэгээр нь айлд үлдээгээд тусгаарлалтад орж байжээ. Хүүхэд харах хүнгүй үед хамаатан садныдаа үлдээгээд ирдэг байна. Эмч, сувилагч нар сарын хугацаанд гэртээ харьж амрах боломжгүй учраас эмнэлгийн зүгээс ихэд анхаарч тусдаа хоолны зэс гаргаж өгсөн байна. Их ядрах, тусгаарлалтад байх хугацаанд зарим эмч нарын архаг хууч өвчин сэдэрдэг учир түүнийг нь эмчлэх, тэдэнд зориулсан хоол ундаар үйлчлэхийг анхаардаг аж. Хэрэв ингэж эмч, ажилтнууддаа анхаарал тавихгүй бол хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс амархан ядарч, дархлаа нь суларч ажлын чадамжгүй болох эрсдэлтэй. Ингэснээр хүний нөөцийн асуудал үүсэх магадлалтай. Тиймээс халдварын голомт руу, халдвартай өвчтөнийг эмчлэхээр орж байгаа багийнхантайгаа харьцахдаа хүртэл таагүй сэтгэгдэл төрүүлэхгүй сэтгэл санааг нь өргөж өгдөг хэмээн М.Тунсаг дарга онцлов.
ХАЛДВАРТАЙ ИРГЭДИЙН ХООЛЫГ ТУСГАЙ ХАЙРЦГААР ЗӨӨДӨГ БАЙНА
Одоогийн байдлаар халдвартай 109 хүнийг эмчилж байгаа билээ. Эдгээр иргэдийн ихэнх нь оюутнууд байна. Насны хувьд харьцангуй залуу 20-24 насныхан байгаа бол дээд тал нь 64 настай эмэгтэй байгаа аж. Саяхан 40 орчим настай ажиглалт тусгаарлалтад байхдаа амаржиж охинтой болсон нь ХӨСҮТ-ийнхний хувьд нэлээд сэтгэл догдлуулсан үйл явдал болжээ. Энэ тухай мэдээлэл цахим орчинд ч нэлээд хандалт авсан юм. Тэгвэл халдвартай иргэдийн дунд удахгүй амаржих бас нэг эмэгтэй байгаа аж. Халдварын бүс болон тусгаарлалтын бүсэд байгаа хүмүүс хоол, цайг тусгай хайрцганд хийж хүргэдэг байна. ХӨСҮТ-ийн гал тогоо их ачаалалтай ажилладаг бөгөөд өдөрт дунджаар 400-500 хүний хоол хийдэг ажээ. Тусгаарлагдаж эмчилгээ хийлгэж буй хүмүүс хоолны чанарын тал дээр ам сайтай байдаг аж.
ВИРУС СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИД 13 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ БАГ 24 ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА
ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораториор орох гэсэн боловч гадны хүн дотогш нэвтрүүлэх хориотой аж. Ажилчид дөнгөж цайндаа ороод байгаа бололтой байв. Вирус судлалын тасгийн эрхлэгчээр анагаах ухааны доктор Б.Дармаа ажилладаг байна. Тус тасаг 13 хүний бүрэлдэхүүнтэй. Б.Дармаа, Ц.Наранзул, г.Нямаа, Н.Баясгалан, С.анхбаяр гэсэн вируслогчид ажилладаг бол лаборантаар Д.Отгонбаяр, У.Наранчимэг, Б.Цэрэндулам, Х.Батчимэг, Б.Лхагвасүрэн нар ажиллаж байгаа бол ариутгагчаар П.Золзаяа, шил угаагчаар Болормаа, үйлчлэгч Ч.Ундрах гэсэн багийн бүрэлдэхүүнтэйгээр нэгдүгээр сараас хойш 24 цагаар ээлжилж байгаа гэлээ. Тус багийнхан өдөрт дунджаар 300-500 хүн шинжилгээ хийдэг байна. гэхдээ энэ тоо харилцан адилгүй. Учир нь тусгай үүргийн онгоцоор иргэд ирвэл ачаалал эрс нэмэгддэг байх жишээтэй.
Эх сурвалж. Өдрийн сонин