УИХ-ын сонгууль 30 дахь жилийнхээ босгон дээр ирлээ. Монголчууд 30 жил парламентаа сонголоо. Парламентын засаглал хэрэгжиж байна. Болохгүй бүтэхгүй, амин чухал, хойшлуулшгүй, маргаантай будлиантай бүх асуудлаа 76-уулаа хэлэлцэж шийдвэрлээд иржээ. Сайн ч бай, муу ч бай.
Харин тэр “76” хэн байхав гэдэг дээр 30 жил тасралтгүй маргаж мэтгэлцлээ. Тэр нь 76 эрдэмтэн, академич, доктор, профессор байвал улс орны хөгжил жирийлгээд явчих мэт ард түмний үлэмж хэсэг боддог хүсдэг байх. Үнэндээ УИХ-ын индэр, танхим бол эрдэмтдийн цугларах газар огтоос биш.
Одоогийн ба өмнөх, өмнөхийн өмнөх, ерөөсөө УИХ-ын бүх түүхнээ байж ирсэн “76”-г дан хулгайч нар засаглаж байсан мэт хар бараанаар төсөөлөөд итгэл сэтгэлээ үхүүлчихсэн, гэхдээ УИХ-ын сонгууль болгонд горьдлого тавьж сэтгэлээ өгдөг гэнэн цайлган Монголчууддаа би арай өөр өнцгөөс онолдох гэж байна.
Тойрог дээр ажил хийсэнгүй, худаг гаргасангүй, өндөр хүчдэл татсангүй, Цагаан сараар хөгшчүүлд баяр хүргэсэнгүй гэж гомдоллох чинь бас л нэг талын хэтрүүлэг шүү дээ. Тэр бүгдийг чинь амжуулах хот, дүүрэг, хорооны засаг захиргаа гэж байна. Тэд төсөвтэй. УИХ-ыг сонгох мажоритари тогтолцоо гэж хий амлуулдаг, амласныг нь нэхүүлдэг, цаад гишүүн нь популизмддэг, энэ жишиг явцгүй нь 30 жилд эрхбиш харагдсан байх. Юүхэн хээхнээр аргацааж цаг нөхцөөж, өөрсдийгөө тайвшруулдаг монгол зан ахуй чинь л улс төртэй холилдоод өдий хүрснийг 2020 онд ойлгоод цэг тавьчихмаарсан!
Би МУИС-ийн ОУХДС гэж байх үед 1993-2005 онд ахлах багш, дэд профессороор ажиллаж мянга хол давсан шавьтай болсон ахмад багш хүн. Тэдэнд олон улсын харилцаа, дэлхийн улс төрийн бодлогын “А” үсэг зааснаараа бахархдаг багшийн хувьд тэд маань эрийн цээнд хүрээд төр жолоодолцохоор олуулаа олон намуудаас энэ удаагийн УИХ-д нэр дэвшээд явж байгаад баярлаад баршгүй. Тэдэнд ерөөл хэлэхийн сацуу тэднийг минь дэмжиж санал өгүүлэх учир шалтгааныг тайлбарлая. Дөчин хэд гэдэг бол төр түшилцэж явах нас мөн л дөө. Тэд маань нас ид тэгширсэн.
Одоогийн УИХ-д Б.Энх-Амгалан (МАН), Б.Пүрэвдорж (АН) гээд хоёр шавь маань 4 жил сууж, халаагаа өгч байна. Тэд маань дахин сонгогдох эсэхийг сонгогчид нь шийднэ.
Харин өмнө нь УИХ-д суух бүү хэл улс төртэй ч хутгалдаж яваагүй, одоо л өөрсдийгөө таниулах цаг үе нь, нас намба, эр зориг нь тэгширсэн, нэг ёсондоо тэд дэлхийг өөртөө нээгээд дэлхийн хөгжил, эх орны хөгжлийг харьцуулж үзээд, эх орноо дэлхийн энтэй дундаж улс болгох, ард түмнийхээ нүдийг нээх, ухааруулах, араасаа дагуулах хүч чадлыг өөртөө олсон шавь нараараа бахднам. АН-ын Б.Бямбасайхан, МАН-ын Б.Батцэцэг, Д.Өнөрболор, Х.Ганхуяг, П.Анужин, ХҮН-ын П.Наранбаяр, Зүй Ёс Намын Б.Насанбилэг, олны танил Блүмберг ТВ-ийн Э.Долгион, М.Наранбаатар, З.Шагдарсүрэн (“Та бидний эвcэл”) гээд олон шавь нараа төлөөлүүлэн цөөхөн хэдийг энд нэрлэлээ.
Би энд аль нэг намыг буруу муу, аль нэг намыг зөв сайн гэж ер ярих гээгүй. Тиймдээ ч өрсөлдөж буй олон намууд дахь шавь нараа нэрэлхэлгүй нэрлэж байна. Мэдлэг боловсролтой, гадаад хэлтэй, гадаадын сайн дипломтой залуусыг хайр найргүй сонгоосой гэсэндээ тэгж байна. Залуусыг шүү!
XXI зууны энэ цаг үеийг бие сэтгэлгээрээ мэдэрдэг, мэддэг, хөгжлийн хурдны аяыг даах хүсэл зоригтой, түүнд ямар хариу үзүүлэхээ ч зөв тооцдог тийм залуу идэр үеэ сонгох цаг нь болсон гэдгээр би ярьж уриалж байна. Алийн болгон феодалын хоцрогдсон, тэнэсэн, төөрсөн (глобал ертөнц дээр) Монгол яваад байх юм бэ? УИХ-ын сонгууль болгоны дараа л хүн амын тал нь ядууралд бэлхэн гэсэн сануулга дохиотой явдаг, тэр нь дөрвөн жил үргэлжилдэг, дахиад л ядуурал, хоцрогдол, УИХ-ын сонгууль–дахиад л ядуурал, хоцрогдол, УИХ-ын сонгууль–дахиад л ядуурал, хоцрогдол. Энэ тамын тойрог, тамын эргүүлгээс гармаар байна шүү дээ, залуусынхаа хүчээр!
МУИС-ийн ОУХДС-ийн төгсөгч Гадаад хэргийн анхны дэд сайд Б.Батцэцэг гэдгээр монголчууд андахгүй болсон байх. Төгссөн сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж, мэргэжлийн чимхлүүр ажлыг түүртэлгүй хийсэн энэ бүсгүй төрийн түшээ байх бүрэн бололцоотой.
Шавь Э.Долгионыг Блүмберг ТВ гэдгээр анхдахгүй болсон. Тэрээр сайн хөтлөгч төдийгүй дэлхийн (үнэндээ АНУ-ын) энэ том телевизийн салбарыг Монголдоо нээж ажиллуулсан, “Засгийн газрын мэдээ” сонин, мөн хоёр ч сэтгүүлийг эрхлэн гаргахыг зохион байгуулсан гэдгээр үзэгчид, сонсогчид андахгүй. Ахмад багш нь болохын хувьд би “Засгийн газрын мэдээ” сонины редакцын зөвлөлд ажиллаж, “Судлаачийн үг” хэмээх буланг тасралтгүй хөтөлж байна. Э.Долгионы цээл хоолой, донжтой асуулт, ярилцлага, гадаад ертөнцийн тухай өргөн мэдлэг (олон улсын харилцааны мэргэжилтэн) УИХ-д нэмэх оноо авчирна гэдэгт итгэлтэй байна.
Шавь Д.Өнөрболор маань Ялтын бага хурлын 75 жилийн ойд зориулсан баримт кино хийлээ гэдгийг дуулаад би баярлаж бахдан баримтат нэвтрүүлэгт нь оролцож, түүх ярьж байсныг үзэгчид анзаарсан байх. Бизнесийн ертөнцөд бүсгүй хүн хэр хол явж болохыг, дараа нь улс төрд орвол хэрхэн ажиллахыг тэрээр үлгэрлэж чадна гэж би итгэдэг. Сонгогчид “Сөүл” ресторан гэдгээр цэг тавьчих гээд байдаг бол тиймгүй. Тэр чинь олон улсын харилцааны мэргэжилтэй, нэг үгэндээ цаг нь ирвэл дипломат хийчих өлхөөн чадвартай, гадаад харилцааны ангид заавал гадаад хэл үздэг журамтай тул солонгос хэлийг сонгон авч бүр нэвт сурсан, бас хөдөөгийн охин атлаа хөдөөд тун цөөхөн байсан орос дунд сургуулийг гайгүй төгсгөчихсөн, МАН-д улс төрийн албаных нь дарга ч байсан, ТВ-ийн “Бидний цөөхөн монголчууд” нэвтрүүлгийг М.Зоригтын (АН-ын) хамт санаачиллаа. УБ дахь Дипломат корпусын гишүүд –Элчин сайд нартай хэд хэдэн ярилцлагат нэвтрүүлэг хийлээ. Өөр түүнээс юу хүсэх билээ? УИХ-д сонгогдчихсон байлаа гэхэд болох юм биш үү?
Хөтлөгч Анужинг манай сонгогчид ёстой андахгүй болсон байх. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг шиг тийм лут ТВ-ийн баримтат төсөл урьд хожид дуулдаж хэрэгжиж байгаагүй. Монголчууд түүнээс уйдах цаг болоогүй, байнга гарч нэвтэрч байвал үзэгчдэд хэзээ ч дутагдахгүй, Монголын түүх бичлэгийн цоо шинэ төрөл, төсөл, арга барил. Тиймдээ ч Анужин Монголын баримтат дэлгэцийн түүхнээ өөрийн мөрөө үлдээчихсэн. Гэхдээ энд би зурагтын хөтлөгч, теле сэтгүүлч Анужингийн тухай яриад байгаа юм биш шүү. Дээрхи шавь нарын маань нэгэн адил олон улсын харилцааны мэргэжилтэй, нэг үгэндээ цаг нь ирвэл дипломат алба өлхөөн хашчих чадвартай бүсгүй юм шүү. Төрд шинэ нүүр царай, шинэ толь болж өлхөөн чадна.
Б.Бямбасайханы тухайд миний байр суурь хөдлөшгүй. “Дубайн гэрээ” гэдгээр ангуучлах гээд бүтээгүй. Засгийн газрын Ерөнхий сайд нь үүрэгдээд, удирдаад Засгийн газрын 100 хувийн хараат, төрийн өмчит компанийн (“Эрдэнэс Монгол”) захирлаар гарын үсэг зуруулах гэлээ, толгой мэдээд “Хуц!” гэх эр зоригтон гарах юм уу, одоо ч, ирээдүйд ч? Сайханбилэг гэдэг чинь Монголын Улсын Ерөнхий сайд байсан юм шүү дээ. Та бидний сонгосон УИХ-аар батлагдсан Ерөнхий сайд. Бямбасайханыг гуравдугаар курсын оюутан байхад нь би Гэгээрлийн яаманд ажилд оруулж (1996 он), суралцахын сацуу ажиллахын эхлэлийг нь тавьсан. Тэгэхэд Гэгээрлийн сайд, ТНБД нар толгой сэжлэн магтан дуулж байсан даа.Монгол Улсын түүхнээ бараг анх удаа гэв үү, тэр яаманд англи хэлтэй, гадаад харилцаанымэргэжилтэй хүн очлоо гээд л.“Nextop” гэх шинэ жилийн баяраар АНУ-д суралцах урилга хүлээн авч, дараа нь Америкийг зорьж, тэндээ магистр болж, олон улсын байгууллагад (Азийн Хөгжлийн Банк) хариуцлагатай ажил хийж явсаар эх орноо хөгжүүлэх бадрангуй хүсэлдээ хөтлөгдөн Монголдоо ирсэн, одоо Ерөнхийлөгчийн эрчим хүчний хөгжил хариуцсан төлөөлөгч, эх орны эрчим хүчний бодлогыг тодорхойлогчдын нэг, мөн Монголын Бизнесийн зөвлөлийн даргын алба хашдаг энэ залуу УИХ-д шалгараад ороод ирэхэд чухам л нүдээ олсон сонголт болно.
Х.Ганхуяг, П.Наранбаяр, Б.Насанбилэг, М.Наранбаатар, З.Шагдарсүрэн нарын тухайд ч мөн олон улсын харилцааны мэргэжилтнүүд, гэвч өөр өөр салбарт хүч үзээд, тэндээ үлгэрлээд, одоо төр төвшитгөхөөр нэр дэвшиж байгаа гэдгийг тэмдэглэх нь зүй. Наранбаярын тухайд “Шинэ Монгол” сургуульд үр хүүхэд, ач, гуч, зээгээ өгдөг бүх гэр бүл андахгүй болсон болов уу гэж бодож байна. Дипломатад бэлтгэгдчихсэн, олон улсын харилцааны эрдмийн зэрэг цолтой хүн тэр сургуулийг удирдаж байжээ гээд ойлгочих. Гэхдээ ямар ч сурган хүмүүжүүлэгчээс дутахгүй.
МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулиас дээд боловсролынхоо эрдмийн гарааг эхэлсэн, олон нам, эвслийн гишүүд, бие даагч бүх шавь нартаа сонгуулийн кампанийн аз хийморийг дээдлэн өргөмүй!
О.Баярхүү /baabar.mn/