Саяхан даа, “Хэнтийн аймагт 400 сая жуулчин авна” гэж яриад соошлаар нэг элэг доог болсон Л.Оюун-Эрдэнэ дахиад л амандаа унав. Эхний удаад яахав, залуу хүн зүүд, мөрөөдлөө яриа биз гээд дуугүй өнгөрсөн.
Харин энэ удаад мань хүн хэлж болохгүй үг хэлж, хийж болохгүй үйлдэл хийв. Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй, хүн хэдий цэцэн ч хэлэхээс нааш санахгүй гэдэг болохоор хэлэхээс өөр арга алга.
Өчигдөр Л.Оюун-Эрдэнэ гишүүн /уг нь бас сайд л даа/ хэвлэлийнхний өмнө гэнэт үсэрч гарч ирээд нэгэн цочир мэдэгдлийг хийв. Яг ч цочирдсон гэвэл худлаа болно, түүний үг, үйлдлээс цочирдохоо болиод удаж байна. Харин өөртөө бол тун чиг “лут” мэдэгдэл хийчихлээ гэж бодсон байх. Яагаад ингэж гарч ирсэн шалтгааныг нь бодоод олоогүй ч гэсэн хэлсэн үгийг нь бол сонслоо.
“Сонгууль дөхөж байна. Монгол хүний итгэмтгий гэнэн, өрөвдөмтгий зан дээр дахиад том ажиллагаа явах гэж байна. Яллагдагчаар татагдсан маш олон хүн нэр дэвшигч болж байна. Нэр дэвших эрхээ авангуут хууль хяналтын байгууллага шалгах боломжгүй болно. УИХ-ын гишүүн болчихвол дахиад дөрвөн жил өнгөрч, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусна" гэв, нэгдүгээрт.
Хоёрдугаарт, "60 тэрбумын хэрэг дуусаагүй байтал дахиад 100 саяын асуудал гарч ирлээ. Дахиад төрийн эрхийг хууль бусаар авах гэж байна. Энэ мөнгө уул уурхайгаас гарна, эсвэл банкнаас гарна. 100 сая төгрөгийг тийм олон хүнд өгөх ААН Монголд өөр байхгүй” гэв.
Нэгдүгээрт, Л.Оюун-Эрдэнэ гишүүн зүүдээ ярих гээд хулгайгаа ярив. Өнөөг хүртэл МАН-ын сонгуулийн компаниа санхүүжүүлж ирсэн түүхийг өнгөтөөр ярьж өглөө. “Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон Онц дэглэмийн хугацааг дахин сунгасан ч ийм учиртай байж. Уул уурхай гэдэг нь МАН-ын хувьд “Эрдэнэт”, “Тавантолгой” хоёр л бий шүү дээ. Төрийн өмчтэй өөр компани байхгүй. Генсек нь “МАН нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөг авахгүй” гэж баярхсан нь ийм учиртай байж. Тэгээд одоо “АН-ын 100 сая муухай” гэж ярих нь өөрийнхөө толгой дээрх бухлыг харалгүй, өрөөлийн толгой дээрх өвсийг харав гэдэг боллоо л доо.
Ядаж л тэр 100 саяыг чинь 100 гаруй хүн 100 өөр хүнээс авсан байж таарна. Тэнд нь 100 өөр хүний эрх ашиг, сонирхол байж таарна гэдэг бодол Харвард төгссөн хүний ой тойнд буудаггүй нь сонин. Уул уурхайн ганц компани, эсвэл банк тоноод сонгууль хийхээс огт өөр зүйл. Мөнгөө өгсөн хүн бүр өөр өөрийн шударга ёсыг шаардаж таарна. Ядаж л “Өмчийг чинь хураахгүй, татвараар дарамтлахгүй” гэж амлаж байж хандив авч таарна.
Хоёрдугаарт Л.Оюун-Эрдэнэ гишүүн дахиад л хийх ёсгүй зүйлээ хийж, хэлэх ёсгүй үгээ хэлэв. Тэр хүн ЗГХЭГ-ын дарга У.Хүрэлсүхийн кабинетийн гишүүний хувьд Засгийн газраас гарч байгаа шийдвэр болгоны өмнө хариуцлага хүлээж, тайлбар тавих ёстой хүн. Зүгээр мөрөөдлөө яриад /400 сая ч гэх шиг/, тархи угаагаад суух биш. Эдийн засаг энэ тэрийг нь чаддаггүй, мэддэггүй юм бол ядаж "корона"-тай тэмцэх мөнгө нь хүрэлцэж байна уу, хүн хүч нь хангалттай юм уу, дахиад хэр олон хүнийг тусгаарлах, хэвтүүлж эмчлэх хүчин чадал бүрдүүлсэн бэ? гэх мэтчилэн.
Гэтэл мань хүн шал өөр зүйл яриад, сонгууль угтсан тархи угаалт хийгээд яваа нь ёс зүйгүйн дээр улс төрийн хариуцлагагүй харагдаж байна. Сонгуультай холбоотой элдэв асуудал байгаа бол, намын генсек гэж хүн байдаг бол тэр нь ярих ёстой. Яавч Л.Оюун-Эрдэнийн ярих ёстой зүйл, хийх ёстой ажил биш. Түүний хувьд попрох ёстой цэг нь У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаж, Л.Оюун-Эрдэнэ сайд болсноор дууссан. Одоо бол ажиллах ёстой цаг. Ялангуяа Засгийн газрынх нь бүрэн эрхийг хугацаа дуусах гэж байгаа энэ үед.
Адаглаад аравхан хоногийн дараа Үндсэн хуулийн бус болох гэж байгаа Засгийн газраа яаж авч үлдэх вэ? гэдэг арга замаа ярих ёстой. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед “давхар дээлийг нь тайлуулна” гээд нөмгөн дээлтэй жагсч байснаа бодсон ч, “Үндсэн хуулиар хориогүй учраас болсонгүй ээ” гээд өөрөө давхар дээл өмссөнөө санасан ч тэр. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийн хувьд хийх ёстой ажил нь энэ. Түүнээс биш сөрөг намынхаа сонгуулийн компанид санаа тавих цаг лав Л.Оюун-Эрдэнэд байхгүй. Эрх барьж байгаа нам ийм зүйл ярьдаггүй.
"Яллагдагчаар татагдсан баахан хүн нэр дэвшиж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хамгаалалтад орох гэж байна" гэнэ. Үндсэн хуульд зааснаар “Шүүхээс гэм бурууг нь тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй” зарчимтай. Үнэхээр гэмт хэрэг үйлдсэн нөхөд гишүүний бүрэн эрхээр хамгаалуулах гээд байна гэж байгаа бол сая УИХ-ын тухай хуулийг өөрчлөхдөө гэм хийсэн гишүүдийн хамгаалалт, хана хэрэм болчихоод байгаа Халдашгүй байдлыг дэд хороогоо татан буулгачихгүй яасан байх вэ?
Хараад байхнээ Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн өөрийгөө МАН-ын “хутганы ир” гэж эндүүрдэг бололтой. Гэхдээ "Юу ч хийж чадахгүй хүнээс биш, юу ч хийж мэдэх хүнээс болгоомжил" гэж үгтэй. Л.Оюун-Эрдэнэ бол тийм л хүн юм байна.
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл (14)