УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихээ илэрхийлж, 100 саяын дэнчингээ төлсөн нөхдийг АТГ-аас шалгаж эхэлжээ. АТГ уг мэдээллийг баталгаажуулж, "АН-д 100 сая төгрөг өгсөн хүмүүсийг шалгаж байгаа нь үнэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн байна.
Мөн тус намаас нэр дэвшихээр тойргоо тогтоод байгаа зарим гишүүдээс нь тодруулахад "АТГ-аас дуудаж асуусан нь үнэн" гэв.
Сануулахад, АН-ын ҮБХ хороо өнгөрөгч оны арванхоёрдугаар сард хуралдаж, УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр хүсэлтээ илэрхийлсэн хүн бүрээс 100 сая төгрөгийн дэнчин авах замаар сонгуулийн санхүүжилтээ босгохоор шийдвэрлэсэн. Энэ ажиллагаа дөрөвдүгээр сарын 15-наар дуусгавар болсон. Гэхдээ 100 сая төгрөгийн дэнчин төлсөн хүн бүр сонгуульд нэр дэвших баталгаа өгөөгүй.
Одоогоор 150 гаруй горилогч нэр дэвшихээ илэрхийлж, дэнчингийн мөнгөө төлсөн гэх бөгөөд нэр дэвшүүлэх асуудлаар эцсийн шийдвэрийг Нэр дэвшүүлэх комисс гаргаж, Үндэсний бодлогын хороо батламжлах ёстой. Энэ ажиллагаа хуульд заасны дагаа энэ сарын 10-16-ны хооронд явагдана. Үүний дараа АН-аас хэн хэн сонгуульд нэр дэвших вэ гэдэг нь тодорхой болно гэсэн үг.
Дашрамд сануулахад АТГ нь иргэд, байгууллагын гаргасан гаргасан мэдээллийн мөрөөр шалгалт явуулдаг. Харин АН-ын дэнчингийн 100 саяын асуудлаар хэн, ямар учраас гомдол гаргасан талаар мэдээлээгүй байна. Мөн хуульд зааснаар нэр дэвшигчид сонгуулийн зардлаа босгохоор хандив авч болох ч энэ нь сонгуулийн сурталчилгаа эхэлсний дараа боломжтой. Харин улс төрийн намын санхүүжилтийн талаар нарийн тодорхойлсон зохицуулалт байхгүй.
Тиймээс АТГ АН-ын 100 саяын дэнчинг хуулийн ямар үндэслэлээр шалгаж эхэлсэн нь бас тодорхойгүй байна. Ямартай ч өмнө 2016 оны сонгуулиар МАН-аас зохион байгуулсан 60 тэрбумын сүлжээтэй адилтгах үзэх лав боломжгүй юм. Хэдийгээр нэр дэвших хүсэлтэй ч 100 саяа төлж чадаагүй, эсвэл 100 саяа төлсөн ч нэр дэвшиж чадалгүй үлдсэн хүмүүст шударга бус санагдаж болох ч энэ бол нам доторх хэрүүл. Өнгөрсөн цагт үлдсэн гэсэн үг.
Асуудлын гол нь өнгөрсөн гучаад жилийн хугацаанд сонгуульд оролцсон улс төрийн намуудаас сонгуулийнхаа санхүүжилтийг ил тод зарласан нь АН анхных нь болж байгаа. Одооноос гишүүд нь "Биднээс авсан 15 тэрбум төгрөгийг хааш нь, юунд зарцуулнаа ил тод тайлагнах ёстой" гэдэг шаардлагыг урьдчилаад тавиад эхэлчихсэн шүү дээ.
Б.ЗАЯА