Сонгууль дөхөж, нэр дэвших сонирхолтой этгээд бүр гэр хорооллын дахин төлөвлөлтийг ярих болов. Тэгэлгүй яахав, сонгуульд санал өгөгчдийн 70 орчим хувь гэр хорооллынхон байдаг бөгөөд тэд дахин төлөвлөлтийг хүсэж байгаа, учир нь дахин төлөвлөлтөд орсон хашааны газрын үнэ суга өсдөг учраас.
Биднийг анх дахин төлөвлөлт ярьж байх үеэс улайран эсэргүүцэж байсан МАН хүртэл өдгөө дахин төлөвлөлтөд “хайр зарласан” нь сайн хэрэг. Гэхдээ чин сэтгэлээс биш, сонгогчдын саналыг авах зорилгоор ингэсэн нь тун онцгүй.
Жинхэнэдээ, гэр хорооллын дахин төлөвлөлтийг ойшоодоггүй нь ганц МАН биш. Ер нь манай нийгмийн, өөрийгөө боловсролтой хэмээн ихэрхдэг хүмүүсийн хандлага. Өндөр хөгжилтэй орнуудын нэр хүндтэй дээд сургуулийн тэмдэг зүүсэн залуучуудын дунд энэ ихэрхэл ямар их байдаг гэж санана?! Тэд, гэр хорооллыг халамж хүссэн ядуусын хороолол хэмээн хөөрхийлөхөөс цааш хэтрэхгүй. Боловсролоороо ихэрхдэг залуусын сохор боловсрол нь гэр хорооллын хашааны газар нуугдаж буй капитал нь Оюутолгойгоос дутахгүй капитал болохыг хардаггүй. Өнөөгийн өндөр хөгжилтэй бүх улс орнууд хашааны газар мэт нуугдмал капиталыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар өдий зэрэгт хүрсэн гэдгийг тэд ойлгодоггүй юм.
Дипломоороо дээрэлхэх өвчин аль социализмын үед бий болсон. Уг нь диплом тодорхой хэмжээний боловсрол олгох сургалтад суусныг гэрчлэх гэрчилгээ төдий, түүнээс биш жинхэнэ боловсролыг нь илтгэж чадахгүй. Дипломтой харанхуй хүмүүс хар мянга байдаг байлаа.
Ардчиллын нялх үед их, дээд сургуулиуд, нэн ялангуяа хувийн их, дээд сургуулиуд диплом зардаг “лангуу” маягтай болон боловсролыг алж эхэлсэн. Дунд сургуулийн багш нарт доктор, профессор цол тараан олгож бий болсон хувийн их сургуулийг төгсөгчид дунд бичиг үсэг мэдэхгүй шахуу хүн цөөнгүй байв. Дипломтой атлаа бичиг үсэггүй хүн арай л хар мянгаараа төрөх шахсан. Шинжлэх ухааны нэр хаягтай дээд сургууль төгсөгчдийнх нь үг хэлийг сонсохоор шашны дээд сургууль төгссөн юм болов уу хэмээн андуурмаар.
Дотоодын дээд боловсролын тогтолцоо нь диплом зардаг “нарантуул” мэт болсон энэ үед барууны оронд сурахаар одсон залуустаа итгэл тавьж байв. Гэтэл тэд маань Харвард, Стэнфорд, Токиогийн Их Сургууль мэтийн сургуулиас боловсролыг нь өвөртлөхөөс илүүтэй нэрийг нь зүүж ирэх төдий.
Харвардад мэргэжил дээшлүүлсэн гэх Оюун-Эрдэнийн “Алсын хараа 2050” хөтөлбөрт нийгмийн дундаж ангийг үржлийн мал шиг, Монгол улсыг үржлийнх нь ферм шигээр тооцсон байгааг хар л даа. Үнэндээ, гэр хорооллын газрын эзэд чинь капитал нь үнэгүйдчихээд байгаа мөнөөх дундаж анги чинь юм шүү дээ. Ядахдаа үүнийг эхлээд мэдчих хэрэгтэйсэн. Энэ тухай зөндөө онолын бүтээл бий. Ийм мэдлэг ахдаад байгаа юм бол Билл Гейтс, Стив Жобс, Илон Маск нар мэтийг бий болгох ямар ч 30 жилийн төлөвлөгөө АНУ-д байгаагүй гэдгийг Харвардад сурч байхдаа үзмээр дээ.
Манай улс их, дээд сургуулийн дипломтой хүмүүсийн тоогоороо дэлхийд толгой цохидог. Гэтэл улсын маань хөгжилд энэ их диплом нэмэр болохгүй байна. Яагаад гэвэл диплом нь ихдээд боловсрол нь дутаад байна. Бүр тэгээд зогсохгүй, бусдыгаа “хөөрхий минь боловсролгүй юм” хэмээн сэхээтэнлэгээр дээрэлхэх ихэрхэл нь улсын хөгжил дэвшлийг хойш чангаасан “хавх” болоод байна.
Эвгүй үнэр танараа оо энгэсгээр даран чамирхдаг байсан дундад зууны язгууртнууд, бусдыг “дорд харц” хэмээдэг байсан ихэрхэл нь нийгмийн хөгжлийн хавх болж байсныг соён гэгээрүүлэгчид олж хараадхувьсгал хийсэн юм. Чухамдаа, тэдгээр “дорд харц” нар л хөгжил дэвшлийг бий болгож ирсэн хэмээх соён гэгээрлийн үзэл санааг Гегель нэгтгэн дүгнэж, нийгмийн хөгжил дэвшлийн тухай философидсон байдаг.
Хүн төрөлхтний түүхэнд капитализм шиг хөгжил дэвшлийг авчирсан тогтолцоо үгүй. Үүнийг Маркс хүртэл хүлээн зөвшөөрсөн.
Капитализм тухайн улсыг хөгжил дэвшилд хүргэдэг явдлын нууц нь хүнийг ялгварлан гадуурхах явдлыг тэвчдэггүй эдийн засгийн тогтолцоо гэдэгтээ байгаа юм. Капитализм бий болмогцоо хүмүүсийг язгууртан ноёд, харц дорд албат гэж ялгаварлах явдлыг үгүй хийсэн. Дараа нь шашнаар ялгаварлан гадуурхахыг, тэгээд хүйсээр ялгаварлан гадуурхахыг, эцэст нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг халж устгасан юм. Гайхамшигтай нь тухайн хэлбэрийн ялгаварлан гадуурхалтыг устгах бүрийд нийгмийн хөгжил дэвшил урагшилж байсан байдаг.
Чөлөөт зах зээл хүнийг дээдэс доодос гэж харахгүй, хар цагаан гэж үзэхгүй, эр эм гэж салгахгүй, буддист христч гэж үнэрлэхгүй, зөвхөн хэрэглэгч гэж л мэднэ. Ялгаварлан гадуурхалт л зах зээлд гай уддаг. Хэрэглэгч хэн ч байлаа төлбөрийн чадвартай байвал боллоо шүү дээ. Энэ бол капитализмын мөн чанар юм.
Капитализмаас бусад нийгэмд бол иргэдийнхээ нэг хэсгийг ялгаварлан гадуурхсан байдаг агаад түүнээсээболж тухайн нийгэм дампуурдаг юм. Феодализм нь хүмүүсийг шашин болон гарал үүслээр нь гадуурхдагаасаа болж устсан, фашизм үндэстэнгээр нь ялгаварлаж байгаад нурсан, нацизм еврей болон бусад угсаатнуудыг хөнөөж байгаад сөнөсөн, коммунизм чинээлэг иргэдээ ангийн дайсан болгож байгаад дампуурсан билээ.
Өдгөө ядуурлын гинжинд хүлэгдээд байгаа хөгжиж буй олон орнуудын эдийн засгийг судалсан Эрнандо Де Сото, тэдгээр орнуудын ядуурлын шалтгаан нь бас л ялгаварлан гадуурхалтын үр дагавар болохыг олж тогтоожээ.
Хөгжиж буй орнуудад ялгаварлан гадуурхсан хуулийн тогтолцоотой. Нийгэм нь зах зээлийн үйлчилгээг хүртэх давуу эрхтэй олигархи, сүүдрийн эдийн засагт гадуурхагдан нуугдсан олонхи болон хуваагдсан байдаг. Сүүдрийн эдийн засагт буй асар хэмжээний актив эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй байгаагаас болоод улсынх нь хөгжил гацаж зогсдог аж.
Хөгжиж буй орны энэ гажиг манайд бас бий. Сотогийн баг газар дээр нь ирж судалгаа хийн 7 тэрбум орчим доллартай тэнцэх хөрөнгө манай сүүдрийн эдийн засагт буйг тогтоосон. Хууль ёсны эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй байгаа хөрөнгийн зонхилох хэсэг нь гэр хорооллын хашааны газар. Ингээд бодоход иргэдийн хашааны газрын үнэ цэнэ Оюутолгойгоос дутахгүй аж.
Үхмэл хөрөнгө болоод байгаа энэ их хэмжээний активийг эдийн засгийн эргэлтэд оруулсан монетари политик явуулбал Монголын эдийн засаг багадаа ойрын 20 жилийн турш өндөр өсөлттэй байна. Уул уурхайтайгаа хөтөлцөж чадвал хоёр оронтой тооноос буухааргүй юм.
Гэтэл манай итгэл найдвар болсон боловсролтой залуус, инноваци хэмээн чамирхал сураад ирчихсэн, хийтом яриад явцгааж байна. Үгүйдээ, инновацийн эдийн засаг чинь 3-хан сая хүнтэй бичил зах зээл дээр бий болж чадахгүй гэдгийг ойлгохгүй байна шүү дээ. Инновацийн эдийн засагтай Израйль, Швейцарь зэрэг жижиг орнууд гадаад зах зээл дээр зориулсан эдийн засгийн бүтэцтэй. Хэрэв зээ манайх үнэхээр инновацийн орон болох гэж байгаа юм бол хоёр хөрштэйгөө дор хаяж чөлөөт худалдааны гэрээ хийх хэрэгтэй билээ.
Муу боловсрол хүмүүсийг их зантай л болгодог. Их зан бол рационал сэтгэлгээг үгүй хийдэг. Дипломоо боловсрол хэмээн эндүүрсэн их зантнууд фантаазлахдаа л гаргуун болж, улстөрд тэр нь популизмаар илэрдэг юм. Популизм бол хөгжлийн дайсан билээ!
Үнэтэй сургуулийн дипломоороо дээрэлхэж, гэр хорооллыг ярвайн харах манай сэхээтэн дээдсүүд Монголын хөгжлийн локомотивийг сэтгэлээ чилээн олж харчихгүй байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг сонгогчдын саналыг авах популизм төдийхөн болгон завхруулж байна. Сохор боловсролын ихэрхлийн гай. Түүнийг хөгжлийг хойш чангаагч “ихэрхлийн хавх” гэмой!
Э.Бат-Үүл /baabar.mn/