Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ирэх тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд бичсэнээр Ерөнхий сайдыг оролцуулаад Засгийн газрын дөрвөн гишүүн л УИХ-ын гишүүний ажлыг хавсрах буюу “давхар дээл өмсөх” боломжтой.
Гэтэл одоогийн Засгийн газрын бүх сайд нар УИХ-ын гишүүний ажлыг хавсран хийж байгаа нь Үндсэн хуулийн зөрчил үүсгээд байна. Яг өнөөдөр биш л дээ, тавдугаар сарын 25-наас хойш тийм болно.
Тиймээс сөрөг хүчин болон хуульч мэргэжилтнүүдийн зүгээс “У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж дахин томилох ёстой” гэдэг шаардлагыг тавьж байгаа. Учир нь Засгийн газрын гишүүдийн 50 хувь, эсвэл Ерөнхий сайд огцорсон тохиолдолд Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулдаг хуультай. Чөлөөлсөн тохиолдолд мөн ялгаагүй Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулна гэсэн үг.
Харин эрх баригч намын зүгээс “Энэ асуудал дээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ирэх сарын 25-наас мөрдөх шаардлагагүй. Ирэх сонгуулийн дараа шинээр байгуулагдах Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилохдоо хэрэгжүүлнэ” гэж мэдэгдээд байна. Засгийн газрын тухай хуульдаа өөрчлөлт оруулаад, хэрэгжилтийг нь ирэх сонгуулийн дараа шинээр байгуулагдах Засгийн газартай зэрэг мөрдөөд явчихья гэж байна. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн үйлчлэлийг Засгийн газрын тухай хуулиар хойшлуулна гэсэн үг.
Тэгвэл одоо үйлчилж байгаа Засгийн газрын тухай хуульд Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудлаар хоёрхон заалт орсон байдаг нь,
- 4.1 “Засгийн газрыг Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, гучин есдүгээр зүйл, УИХ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйл, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зургадугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эмхлэн байгуулна
- 4.2 “Засгийн газар огцрох, шинээр байгуулагдах, Засгийн газрын гишүүний огцрох, чөлөөлөгдөх, нөхөн томилогдох болон Засгийн газарт итгэл хүлээлгэх тухай асуудлыг Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зургадугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу УИХ шийдвэрлэнэ” гэсэн байна” гэсэн байна.
Үндсэн хуулийн 25.1.6:
- Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах асуудлыг УИХ өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ;
39-р зүйл:
- Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
- Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
- Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилно.
Эндээс үзвэл нэгдүгээрт, Засгийн газрын гишүүнийг огцруулах, чөлөөлөх, томилох асуудал нь УИХ-ын бүрэн эрхэд байна. Хоёрдугаарт, Ерөнхий сайд өөрөө Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн мэдүүлэх юм байна. Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадахгүй байсан ч Ерөнхий сайд өөрөө шууд УИХ-д авч ороод батлуулах эрхтэй.
Тэгэхээр Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж болохгүй буюу “Давхар дээлтэй” холбоотой заалтаас зугтах хуулийн үндэслэл, шалтгаан бол алга. Харин сонгууль болохоос сарын өмнө сайд нараа чөлөөлөх, танхимаа шинээр бүрдүүлэх хүсэл сонирхол л Ерөнхий сайдад алга. Улс төрийн нөхцөл байдлын хувьд тохиромжгүй гэж харж байгаа байх.
Тэгвэл өөр арга зам бас байна. Хэрвээ сонгуулийн өмнө Засгийн газраа хөдөлгөхгүй гэж байгаа бол сайд нараа УИХ-ын гишүүнээс нь чөлөөлүүлээд сонгуульдаа орж бас болно. Тэглээ гээд парламент дотор хүчний харьцаа өөрчлөгдөхгүй. Нөхөн сонгууль ч явуулахгүй. МАН эрх барьдгаараа эрхээ бариад, асуудлаа олонхиороо шийдээд явна.
Ингэвэл нэгдүгээрт, Үндсэн хуулийн зөрчил үүсэхгүй. Хоёрдугаарт, Үндсэн хуулиар зохицуулсан харилцааг дагалдах хуулиар өөрчиллөө гэдэг ялд ч бас унахгүй. (Угаасаа ингэвэл Цэц дээр дахиад маргаан үүснэ) У.Хүрэлсүхийн Засгийн газар ч гэсэн бүрэн бүтэн, төсвөө бариад сонгуульдаа орно. Хонь бүрэн, чоно цатгалан гэдэг билүү?
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл (1)