Улсын төсөв 2020 онд зэсийн экспортоос 1.1 их наяд төгрөгний орлого олно гэж төлөвлөсөн. Нэг тонн тутмыг нь 5991 ам.доллараар зарна гэж тооцоолсон байсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт зэсийн үнэ ханш огцом унаж 5000 ам.доллараас доош орчихлоо. Судалгааны байгууллагууд 2020 оны зэсийн үнийн таамаглалаа өөрчлөөд эхэлсэн. Одоо бид зөвхөн үнийн өөрчлөлтийн тухай ярьж байна. Үүн дээр экспортын тоо хэмжээний бууралт бий болохыг хэн ч хэлж чадахааргүй нөхцөл байдал үргэлжилж байна. Хэрэв зэсийн үнэ ханш, борлуулалтын хэмжээ хоёул унавал манай төсөвт ямар хэмжээний алдагдал үүсэх бол, урьдчилсан арга хэмжээ авч чадах уу, авахгүй ингээд гүрийгээд байх уу?
Мөн нүүрснээс маш их хэмжээний орлого улсын төсөвт төвлөрүүлнэ гэж эрх баригчид тооцоолсон. Энэ жил түүхэндээ хамгийн их хэмжээ буюу 42 сая тонныг экспортлохоор төсөвт тусгасан. Мөн нэг тонн нүүрсийг 75 ам.доллараар экспортлохоор тооцсон.
Үнэ болон экспортын хэмжээ хоёр бол хоёулаа маш өөдрөг төсөөлөл, сансрын тоо. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн том хямрал эхэлчихлээ. Энэ хямралыг ихэнх шинжээчид, том улс гүрнүүд 1-2 жил, зарим нь гурван жил үргэлжлэх эдийн засгийн хямрал гэж үзэж байна. Төсөв батлахын өмнө АНУ, Хятадын худалдааны маргаан, зах зээлээс шалтгаалж уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурах төлөвийг олон улсын байгууллагын шинжээчид олон удаа сануулсан. Гэсэн хэдий ч Засгийн Газар нүүрсний экспортын хэмжээ, үнийг маш өндөр байх тооцоотойгоор төсвийн хуулинд батлуулж чадсан.
Хэсэг хугацаанд тасарсан нүүрсний тээвэрлэлт эхэлсэн, гэхдээ нэг хэсэгтээ өмнөх шигээ олон машинаар их хэмжээгээр экспортолж чадах эсэх нь бас л эргэлзээтэй. Асар өндөр хяналтын дор, ариутгал хорио цээрийн үеийн нэмэгдэл зардалтайгаар эхэлсэн нүүрсний экспорт эхний хагас жилдээ хэдэн хувиар тасрах талаар ямар нэгэн таамаг гараагүй байна. Энэ тасралтыг жилийн хоёрдугаар хагаст нөхөх ямар ч боломжгүй. Нүүрснээс олох төсвийн орлого төлөвлөснөөс их хэмжээгээр тасалдах нь тодорхой байна.
Эрх баригчид, ялангуяа Сангийн сайд гаалийн шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлснээр гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, байгалийн баялгаас татварыг бүрэн хураах боломжтой болно, ингэснээр төсөвт төвлөрөх мөнгө нэмэгдэнэ гэж ярьж байсан. Онцгой нөхцөл байдал үүссэнээс үүдэн манай гадаад худалдааны эргэлт багадаа 3 сар, цаашлаад хэдэн ч сараар тасалдаж мэдэх нөхцөл үүсчихлээ. Байгалийн баялгийн экспорт буурахаас гадна бусад бүх төрлийн бараа таваарын экспорт, импортын хэмжээ ихээр буурна. Энэ шинэчлэлээс олохоор тооцож байсан төсвийн орлого хэдэн хувиар тасалдах бол.
Бизнес, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татварын шинэчлэлийг хэрэгжүүлснээр төсөвт төвлөрөх татварын орлогыг нэмэгдүүлж чадна гэж ярьж байсан. Гэвч үүссэн нөхцөл байдлаас болж энэ хүрээнд төсөвлөсөн орлого огт орж ирэхээргүй болчихлоо. 2020 онд ашгийн татвар төлж чадах аж ахуйн нэгж, иргэн тэр бүр олдохооргүй нөхцөл байдалтай нүүр тулаад байна. Бизнесийн байгууллагууд ахиад хэдэн сар яаж тэсэх вэ гэдэг дээр бүгд ажиллаж байна. Тиймээс бизнесийн байгууллагаас олохоор төлөвлөсөн татварын орлого маш их хэмжээгээр тасалдахаар болчихлоо.
Төсвийн орлого маш их хэмжээгээр тасалдах нөхцөл байдал үүсчихээд байхад яагаад Засгийн газар "сонгуулийн" төсвөө тодотгохгүй гүрийгээд байгаа нь хачирхалтай. Төсөвт тодотгол хийхгүй мөртлөө 5.1 их наяд төгрөгийн нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэнэ. Бас энэ жилдээ ямар ч бэрхшээлийг даван туулах санхүүгийн нөөцтэй гэж мэдэгдлээ.
Бүр 2021 оноос эхлэн төлөх гадаад өрүүдийг төлөх боломжтой гэнэ, гайхамшигтай. Энэ 5.1 их наядын эх үүсвэр тодорхойгүй байна, мөн үүнээс үүдээс хэр хэмжээний өр үүсэх асуудал бас олон нийтийн анхаарлыг татаж байна. Угаасаа орлого их хэмжээгээр тасалдах нь тодорхой үед яагаад сонгуульд чиглэсэн хөрөнгө оруулалтууд, үргүй зардлуудаа танаж чадахгүй байна.
Сонгууль дуустал төсвөө тодотгохгүй гүрийх нь хувийн жижиг амбийц уу, үнэхээр улс орны эрх ашиг уу. Сонгуулийн дүнгээр байгуулагдах шинэ Засгийн газарт дааж давшгүй алдагдал, өр үлдээхээр тэд шийдээд байгаа юм биш биз.
Дэлхийн улс орнууд хоёр, гурван жилээр энэ хямралыг урьдчилан тооцоолж арга хэмжээ аваад эхэлчихлээ. Манай эрх баригчид гурван сарын дараах сонгуулийг л харж байна.
Тэд ганцхан сонгуулийг угтаж ингэж чичирснээрээ улс орноо, аж ахуйн нэгжүүдээ, иргэдээ маш их эрсдэлрүү түлхэж байна.
Эдийн засагч Рэгзэнгийн ШИНЭГЭРЭЛ
Сэтгэгдэл (2)