Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссоос нэг, хоёр удаагийн шуурхай мэдээлэл хийснийг эс тооцвол Цагаан сарын баяр амар жимэр, ажин түжин өнгөрөв. Баярын өдрүүдэд нийтийн тээврийг хэрэгслийг түр хугацаагаар зогсоосон нь нүдээ олсон хэрэг болов. Холын гийчин, ойрын “дайсан”-гүй гэр бүлээрээ шинэлнэ гэдэг нэг ёсны сайхан амралт юмсанж. Харин амралтын өдрүүдийг далимдуулаад хөдөө гадаалсан хэд маань хөл хорио сунгагдаад нэг хэсэгтээ бачуурах бололтой. Нэгэнт аюулт өвчин хаалга тогшоод ирчихсэн энэ үед хөл хориог хэзээ мөдгүй сунгах нь ойлгомжтой байсан болохоор эрсдлээ тооцоод гарсан гэж найдахаас.
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлснээр баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн захиргааны байгууллагуудын 6000 орчим албан хаагчид нийслэлийн гудамж талбайгаар эргүүл, хяналтын ажил хийсэн. Харин бусад нь баярын орой нөгөө муу хэдийгээ гоочилсон хошин шогийн нэвтрүүлэг үзсэн шиг гэр гэртээ. Гол дүр нь дахиад л нөгөө муу цалин багатай замын цагдаа, мэргэжлийн хяналтын ааш муутай байцаагч... Сануулахад хошин шогийнхон маань хандлагаа жаахан ч болов өөрчлөхгүй бол зурагдсан пянз шиг л боллоо. Хошигноно гэдэг доромжлохын нэр биш.
Мэргэжлийн хяналт гэснээс тэдэнд очихгүй газар хийхгүй ажил ч гэж алга. Коронавирус Хятадад анх илэрлээ, хүний амь эндлээ гэсэн анхны мэдээлэл цацагдсанаас хойш хилийн боомтууд дээр халуун хэмжигч бариад зогссон. Шахмал түлшний хэрэглээ, савлагаанд хяналт тавина гээд өмнө нь гэр хорооллоор баахан таваргасан. Үйлдвэр дээр нь очиж түлш савлаад хүртэл явж байсан. Хутгалдахгүй хар бор ажил ч гэж алга. Улсын хэмжээнд 2200 орчим алба хаагч байдаг юм уу даа.
Олон жилийн өмнөөс, энэ байгууллагыг байгуулсан цагаас нь “Мэргэжлийн хяналтыг мэргэжлийн холбоодод нь өгөөч ээ. Бас нэг хүнд суртлын аппарат бий болчихлоо” хэмээн шүүмжлэх хүн олон ч байсан. Харамсалтай нь тэр үед манайд мэргэжлийн холбоод гэж юм бараг байсангүй. Тэр шалтгаанаар өнөөдрийг хүртэл үйлдвэрлэл, технологийн бүхий л салбарт стандарт сахиулах хяналт шалгалтын ажлыг энэ байгууллага нуруундаа үүрч ирэв. Хяналт тавьдаг чиглэл, обьектуудыг нь тоолоод үзвэл толгой эргэсэн тоо гарна.
Давхардсан тоогоор сая орчим обектод 20 гаруй чиглэлээр 1400 орчим байцаагч хяналт тавьдаг юм байна. Цөмийн болон цацрагийн хяналтаас өгсүүлээд уул уурхай, барилгын техник, харилцаа холбооо, боловсролын, соёлын гээд явж өгнө. Та жишээ нь нэг цайны газар түрээслээд ажиллууллаа гэхэд мэргэжлийн хяналтаас хэдэн байцаагч ирдэг билээ. Галын хяналт, эрчим хүчний хяналт, эрүүл ахуйн хяналт гэх мэтчилэн...
Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналт тавих ёстой 77079 обьект /2019 оны сүүлийн тооллогоор/ байхад орон нутагт 60 орчим, Улаанбаатарт 60 орчим байцаагч ажиллах жишээтэй. Нэг байцаагч ажлын найман цагаар тооцоод өөрийн хяналт тавих ёстой бүх обьектоо эргэж тойроход 24 жил шаардлагатай гэл үү дээ. Нэг тиймэрхүү тооцоо гарч байсан санагдана. Тэтгэвэртээ гартлаа явах нь байна. Ингээд бодохоор бид хэтэрхий цөөхүүлээ юм даа. Хүн амдаа ноогдож байгаа цагдаагийн алба хаагчдаа тоолбол бүр нулимс гарна.
Он гарсаар буюу 2020 оны нэгдүгээр сарын 07-ны өдрөөс хоёрдугаар сарын 12-ныг хүртэл сар гаруйн хугацаанд Хилийн мэргэжлийн хяналтынхан Буянт-Ухаа боомтоор орж ирсэн 148 агаарын хөлөг, 21128 зорчигч, хуурай замын боомтуудаар орж ирсэн 24028 тээврийн хэрэгсэл, 91574 зорчигчид эрүүл мэндийн хяналт тандалт хийж, 87 сэжигтэй тохиолдлыг илрүүлэн эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн байна. Хилийн постоор орж ирэхэд чинь халуун хэмждэг багаж бариад угтаж байгаа нөхөд чинь нөгөө л Мэргэжлийн хяналтынхан. Халдвар тархвал хамгийн түрүүнд өртөх магадлалтай, эрсдэлтэй бүлэг...
2000-аад онд, холери гэдэг өвчин анх гарахад одоогийнх шиг электрон хэмжигч байсангүй. Тиймээс зорчигчийн халууныг үзэхийн тулд суганыхаа булчирхайг цочтол термометр сэгсэрдэг байж. Өдөр шөнө, өвөл зун, халуун хүйтний алинд ч хойш суух эрхгүй өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа энэ хүмүүстээ ядаж уурлаж уцаарлаж, харааж загналгүй асуумж судалгаанд нь хариулт өгөөд, аядуухан инээмсэглээд зөрөхөд ч гэсэн нэг төрлийн урам юм даа.
За тэгээд энд сургуулийн хүүхдүүд хоолондоо хордлоо, хүнсний бүтээгдэхүүнээс хортой бодис илэрлээ, тэнд барилгын тулгуур нурлаа, уурхайд хүн осолдлоо, тог цахилгаанд цохиуллаа, төв цэвэрлэх байгууламжийн бохирт хүн унаж амиа алдахад ч тэнд мэргэжлийн хяналтынхан л явж байдаг. Цагдаа, Онцгойгийн аврагч нартай нэг эгнээнд явдаг.
Халдварт коронавирусийн аюул хаалга тогшсон сүүлийн сар гаруй хугацаанд монголчуудын хамгийн ихээр мэдэрсэн зүйл гэвэл бид хэтэрхий цөөхүүлээ. Цөөхүүлээ байгаа маань гадаад талдаа бидний давуу тал болж, халдвар авах эрсдлийг бууруулж байгаа хэдий ч халдвар нэгэнт хаалга даваад ороод ирвэл бидний сул тал болж хувирна.
Зөвхөн мэргэжлийн хяналт гэлтгүй нэгэнт халдвар тархаад эхэлбэл онцгой байдал, эрүүл мэндийн салбарынхан маань ч үүнийг зогсоож чадахгүй. Хүн хүч, техник, технологийн хувьд ч хүрэлцэхгүй. Тиймээс өөрсдийгөө хамгаалах хамгийн зөв арга зам нь өөрсдөө хариуцлагатай байх явдал гэдгийг өглөө оройгүй сануулж, анхааруулж, сэрэмжлүүлж байна. Ядаж л мэргэжлийн болон төрийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагаж мөрдөж, цаг алдалгүй хэрэгжүүлэх хэрэгтэй юм даа. Маскаа зүү гэвэл нь зүүгээд, гараа сайн угаагаад, хөдөө гадаа битгий яв гэвэл нь явахгүй байхад л болчих юм. Замыг хаалтыг хаахын тулд тавьсанаас давуулах гэж тавиагүй нь лав. Эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгийн үнэ цэнийг энэ цаг үед л гаргацгаая.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (2)