Уг нь ухаан бодол гэж асуух ёстой байх. Гэвч уг хүн нь өөрөө ийм мэтийн зүйлээс ангид хэмээн үнэлэгддэг учраас зүгээр “мөрөн дээр толгой бий юу?” л гэж асууж буй хэрэг.
Өчигдөр “Улаанбал”-ын сэтгүүлч Монгол Улсын Ерөнхий сайдыг “амьд уу?” хэмээн эрэн сурвалжлав. Хүнд хэцүү энэ үед ачааны хүндийг үүрэх ёстой Ерөнхий сайд хаана явна аа? гэж. Сэтгүүлчийн лайв явснаас хоёр цагийн дараа мэдээллийн сайтууд ХӨСҮТ-өөс шууд мэдээ дамжуулж эхэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх коронавирусын халдвараас сэргийлэх ажилтай анхны “танилцах уулзалтаа” хийв. Яаж ингэж тааруулдаг байна аа, Ерөнхий сайд аа?
Гэвч харамсалтай нь манай Ерөнхий сайдын тус эмнэлэг дээр очоод шийдсэн зүйл нь тун "жижиг" л дээ. Тэр “Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа эмч ажилтнуудад илүү цагийн мөнгө олгоно. Энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулна” гэв. Энэ бол коронавирусын халдвараас сэргийлэх ямар нэг арга хэмжээ биш. Зүгээр манай эрүүл мэндийн салбарын байж байгаа байдал л юм. Эрүүл мэндийн үйлчилгээ нь хүн амдаа хүрэлцдэггүй, эмч ажилтнуудынх нь цалин амьдрал ахуйдаа хүрэлцдэггүй. Ядаж байхад илүү цагаар ажилласан мөнгөө ч бодуулж авч чаддаггүй.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Ерөнхий сайдын хэлсэн үгний хариуд нэг үг хэлсэн. “Энгийн үед зарцуулсан нэг доллар ийм үед зарцуулсан 10 доллартай тэнцдэг юмаа” гэж. Ухаантай хүн бол ойлгохоор хэлэв. Эрүүл мэндийн салбартаа яаж хандаж ирсний чинь үр дүн энэ өдрүүдэд гарна аа гэж анхааруулж буй хэрэг. Харин манай “ЕС” юу гэж ойлгосныг бүү мэд.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ч бас сэтгүүлчид цугласан завшааныг ашиглаад ХӨСҮТ-д гурвын зэрэг УАЗ-фургон автомашин өгөхөөр болсноо эмнэлгийн хамт олонд дуулгалаа. Өчигдөр санадаг нь ч бас л сонин.
Ерөнхий сайдын “танилцах аяллынхаа” үеэр хэлсэн бас нэг зүйл нь “Мэргэжлийн байгууллагын зохион байгуулалт, зөвлөгөөний дагуу Засгийн газар, УОК оновчтой шийдвэр гаргаж ажилламаар байна” гэв. Хэн хэнд үүрэг өгөөд байгааг тааварлах ч арга алга. Уг нь бол хөрш оронд халдварт өвчний нөхцөл байдал илэрсэн үеэс эхлэн Ерөнхий сайд өөрөө удирдлагыг гартаа авч ажиллах ёстой хүн. Парламентын засаглалтай аль ч улс оронд гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн нь энэ үүргийг өөртөө авдаг. Харин манай Ерөнхий сайд үйл явдал дундаа орчихоод байхад “хэзээ мөдгүй хаалга тогшоод орж ирэх нь байна шүү” хэмээн хэнд анхааруулаад байгаа нь мэдэгдэхгүй харайлгаж явна. Атал энэ хооронд Ерөнхийлөгч хэдэн удаа иргэдийн өмнө гарсан билээ. Ингэхэд энэ хоёр хүний байр солигдчихоод байна уу? Эсвэл Монгол Улс хоёр Ерөнхийлөгчтэй, эсвэл хоёр Ерөнхий сайдтай болсон уу?
Шинэ коронавирусийн халдвар авсан иргэнийг эмчлэх эмчилгээний явцад хоногт 20-25 ширхэг нэг удаагийн халдвар хамгааллын иж бүрэн хувцас хэрэглэл шаардагдах бөгөөд энэ нь их хэмжээний нөөцийг шаардаж буй тухай Эрүүл мэндийн сайд өчигдөр дуулгалаа. Гэхдээ үүнд хэдий хэмжээний төсөв хөрөнгө шаардлагатай талаар, Засгийн газарт тэр хэмжээний нөөц хөрөнгө байгаа эсэх талаар мөн л яригдсангүй. Эрүүл мэндийн сайд хэдийгээр "олон улсын байгууллагуудаар дамжуулж ирэх долоо хоног гэхэд бүрэн хангалт хийнэ" гэж байгаа боловч энэ ч гэсэн эргэлзээтэй. Тэр байтугай маскныхаа хангалтыг хийж чадахгүйд хүрээд байхад шүү дээ.
Гадуур эмийн сангуудаар яваад үзээрэй, нэг ч маск байхгүй. Алдаг оног оруулж ирж байгаа цөөн эмийн сангуудад 5-10 мянгаас давсан үнэтэй. Эмийн сангуудад байхгүй маскийг хүнсний мухлаг, ТҮЦ-үүдээр худалдаалж байна. Тэдгээр нь эрүүл ахуй, халдваргүйтлийн наад захын шаардлага хангаагүй, гэрийн нөхцөлд оёсон даавуун маскууд. Нөгөө “алгын чинээ маск хийчих бандааш олдохгүй байна уу?” гэдэг шиг л юм болж байна.
Тийм байхад “Маскаа сайн зүүгээрэй. Иргэд өөрсдөө эрүүл мэндээ хамгаалаарай” гэж мянга хэлээд ямар үр дүн байх билээ.
Өчигдөр мэдээлэгдсэнээр өнгөрсөн хугацаанд халдвартай улс оронд зорчоод ирсэн манай улсын 132 иргэнийг сэжигтэй тохиолдоор бүртгэж, тусгаарлан шинжилсний 87 нь Улаанбаатар хотод, 45 нь 15 аймагт бүртгэгдсэн байна. Шинжилгээний хариугаар сэжигтэй тохиолдлууд бүгд үгүйсгэгдэж, вирусээр халдварлагдаагүй болох нь тогтоогдсон гэх ч тайвшрах шалтгаан биш. Халдвар тархсан орнуудаас анхааруулснаар уг вирусын шинжилгээгээр илрэх хугацаа улам уртсаж, халдвар тархах замууд нэмэгдсээр байна.
Тиймээс халдвар нэгэнт хаалга өшиглөөд ороод ирсний дараа эрүүл мэндийн байгууллагууд маань энэ өвчний тархалтыг барьж дийлэх үү? гэдэг л хамгийн том асуулт. Тэр цагт “Маскаа зүүгээрэй” гэж мянга хэлээд нэмэргүй.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэл "Болзошгүй эрсдлийн үед /халдвар ороод ирсэн тохиолдолд/ ашиглахаар ХӨСҮТ-д 200 ор, Цэргийн төв эмнэлэгт 50 ор, Нэгдүгээр эмнэлэгт мөн 65 орыг тус тус бэлдсэн" гэж байгаа ч энэ хангалттай юу? Ийм байдлаар хуваагдаж ажиллах эмч, эмнэлгийн ажилтнууд манайд хүрэлцээтэй юм уу? Эдгээр эмнэлгүүдэд эмчлүүлж байгаа бусад өвчтөнүүдийг яаж халдвараас хамгаалах юм бэ? гэх мэтчилэн олон асуулт хариултгүй байна. Харин манай Ерөнхий сайдын толгой “Эмнэлгийн ажилтнуудад илүү цагийн мөнгө олгох” дээр л явж байна шүү дээ.
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл (5)