Ерөнхийлөгчийн шоудсан Үндэсний бүтээн байгуулалтыг “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлж, РЖД-ийнхэн гүйцэтгэхээр тохирчихоод нисчихлээ. Ердөө гуравхан хоногийн дотор бүх зүйл “ОК” болов. Харин Ерөнхий сайд “мэдсэн” үү?
"Үндэсний" гэж шоудсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг бариулах гэж “РЖД International”-ийн Сергей Столяров Монголд ирж ажиллаад бямба гаригт /2020.02.08/ буцлаа. Тэрбээр өнгөрсөн лхагва гаригт /2020.02.05/ хүрэлцэн ирж эхний уулзалтаа “УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаатай хийхээр товлосон байсан ч тэрбээр эмнэлэгт хэвтэж байгаа тул уулзалт цуцлагджээ. Ингээд “ РЖД International”-ийн Сергей Столяров 2020 оны хоёрдугаар сарын 6-ны пүрэв гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга А.Гансүх, “Тавантолгой майнинг” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Наранхүү, ЗХЖШ-ын төлөөлөлтэй уулзсан байна. Харин баасан гаригийн орой /2020.02.07/ Ерөнхийлөгчийн зөвлөх Ё.Манлайбаяр, ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур нартай уулзаж төмөр замын зураг төсөлтэй танилцсан байна.
Өөрөөр хэлбэл Ё.Манлайбаяр, ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур болон Зүүн Цанхийг хариуцаж буй Тавантолгой майнинг” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Наранхүү, ЗХЖШ-ын төлөөлөл л зөвхөн У.Хүрэлсүхийн Засгийн газрын төлөөлөл байгаа биз? Ингэснээр Эрдэнэс Тавантолгойн олсон хамаг ашгийг энэ оны арваннэгдүгээр сард багтаан Тавантолгойн-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг тавьж өгөөч гэж оросуудыг гуйж авчирч буй нь энэ бололтой.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны арванхоёрдугаар сарын 3-нд ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевтэй уулзах үеэрээ 12 баримт бичигт гарын үсэг зурсан. Үүний дотор “Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын шугам барих, ажил гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмэг болон “РЖД Интернешнл” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг хоорондын гэрээ”-нд Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам хязгаарлагдмал хувьцаат нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа, “РЖД Интернейшнл” ХХК-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Столяров Сергей Алексеевич нар гарын үсэг зурсан байдаг. Мөн Ерөнхийлөгчийн зөвлөх Ё.Манлайбаяр 2019 оны арванхоёрдугаар сарын 19-нд ОХУ-ын Тээврийн дэд сайд Владимир Токараевтэй Москва хотноо уулзсан байдаг.
Эндээс харахад Кремльд гарын үсэг зурснаас хойш Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хяналтаасаа гаргаж хамааралгүй болсон гэх дүр зураг харагдаж байна. Гол халхавч нь ҮАБЗ-ийн шийдвэр гэх байх.
Дашрамд сануулахад Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсан явц, үр дүнгээс харахад ч Монголбанкны эмээгээд хүлээгээгүй эрсдлийг Засгийн газар, Хөгжлийн банк, “Эрдэнэс Монгол” хүлээгээд авчихсан. Банк, санхүү, хөрөнгийн зах зээл ойлгодог зарим нь анхааруулсаар байтал УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар яагаад ийнхүү нэр бүхий гишүүдтэй “тулж ажиллаж” байгаад батлуулав? Монгол Улсыг хэн удирдаад байна вэ?
У.Оргилмаа /baabar.mn/
Сэтгэгдэл (2)