Өчигдөр “Ялгаварлалыг хариуцлагажуулья” нэгдлээс Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг Цэцийн гишүүнээс огцруулахаар Цэцийн байрны гадаа жагсаал зохион байгууллаа. Үүнийг дэмжсэн залуучууд, хуульчид мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, ярилцлага өгч, мэдээлэл хийцгээв.
Мөн үүнтэй зэрэгцээд Цэцийн дарга асан Д.Одбаярын Цэцийн гишүүн, даргаар томилогдсоноос хойшхи анхны том ярилцлага хэвлэлд нийтлэгдлээ. Харамсалтай нь “болсон явдалд харамсаж байна” гэж хэлсэн түүний ярилцлагаас харамссан, гэмшсэн өнгө тийм ч их мэдрэгдсэнгүй. Аанай л “Солонгосын хэвлэл, цагдаагийнхан намайг хэлмэгдүүлсэн” гэсэн байна. Монголынхоо хэвлэлүүдэд гомдохоо ч бас мартаагүй байна лээ. Солонгосын, бас Монголын шүүхэд хандаж, нэр төрөө сэргээлгэнэ гэсэн.
Яг үнэндээ бол монголчууд түүнийг “Со хүүхний өгзөг барьчихлаа” гээд баярлаж хөөрөөд, алга ташаад гүйсэн зүйл байхгүй. Бухимдсан нь харин хэдэн мянгаараа байх. Солонгосчууд ч гэсэн тийм зүйлд амтшина гэдэг юу л бол. Манайхыг бодвол хууль чангатай улс шүү дээ. “Манай залуучууд автобус, олон нийтийн газар гараа үргэлж дээр өргөж явдаг” гэж цагдаа нь хүртэл хэлсэн байна лээ.
Тиймээс “болсон явдлыг хэвлэл мэдээллийнхэн дэвэргэсэн, давсалсан” энэ тэр гэж ярих нь угаасаа ухвар мөчид зүйл болно. Асуудал юунд байсан бэ гэвэл онгоцон дотор “Би Монгол Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга байна. Би худлаа ярьдаг хүн биш” хэмээн даналзаж, үйлчлэгч нарыг дарамталсан явдал. Ямар Монголдоо байгаа биш дээ. Хүн бас нэлээд халж, хяналтаа алдсаны дараа ингэж хэлэх байх аа. Хэрвээ тэгээгүй байсан бол хэрэг явдал ингэтлээ өндөр аваа ч билүү. Хэрэв тэгээгүй бол Инчеоны цагдаа, Сөүлийн сэтгүүлч нар “иргэн” Д.Одбаярт тэгтлээ анхаарал тавиа ч билүү. Одоо ирж үүнийгээ “Хайхрамгүй зан гаргасан” гэдэг үгээр залруулж байх шиг байна лээ.
Тэгээд нэгэнт өөрөө зохимжгүй газар, зохимжгүй цагт төрийн өндөр албан тушаалын нэр барьсан учраас уг асуудал нь өөрөө өндрөө авах нь жам юм. Инчеоны цагдаа нар нь сэтгүүлчид, соошлынхантай их сүрхий хамтарч ажилладаг юм байна гэж гомдоллох аястай. Гэтэл энэ ч гэсэн сайн хэрэг шүү дээ. Тэгж нийгэм эрүүл байдаг. Солонгос, Японд төрийн өндөр албан тушаалтнууд нь яагаад ёс зүйн ямарваа асуудалд холбогдох бүртээ ард иргэдээсээ уучлал гуйгаад, огцроод байдаг нь ч гэсэн ийм шалтгаантай.
Тиймээс одоо Д.Одбаярт ганц асуудал үлдсэн нь өөрөө өргөдлөө өгөөд Цэцийн гишүүнээс чөлөөлөгдөх явдал. Өөрөө өргөдлөө өгөхгүй гэвэл томилсон байгууллага нь өгүүлэх хэрэгтэй.
Өчигдөр өгсөн ярилцлагадаа “Би тийм үйлдэл гаргаагүй. Намайг хэлмэгдүүлсэн, сэтгэл санаагаар дарамталсан. Ямар ч хамаагүй аргаар Монголдоо ирэхийн тулд торгууль төлсөн” гэсэн байна лээ. Торгууль төлсөн үндэслэл нь “Нислэгийн аюулгүй байдал зөрчсөн, үйлчлэгчийг загнасан, маргасан” гэж хэлж байгаа боловч “гүтгэгдлээ” гээд байгаа үйлдлийг нь ч бас хамруулсан байж болохыг өмгөөлөгч нь хэлсэн юм байна. Өөрийнх нь ярьснаар шүү дээ.
Тиймээс одоо Одбаяр “оонз”-онд хүрсэн, үгүй нь чухал биш болсон. Ямар ч байсан Д.Одбаяр гэдэг хүн “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга” гэдэг нэрээр Солонгосын хуулиар шийтгэл хүлээсэн. Тэр нь Солонгосын байтугай дэлхийн хэвлэлээр мэдээлэгдсэн. Энэ тохиолдолд Д.Одбаяр гэдэг сонгогдсон ч бай, томилогдсон ч бай албан тушаалаа хүлээлгэж өгөх үү? гэдэг гол асуулт. Улс орныхоо нэр хүндийг унагасныхаа төлөө өөрөө тэр хэмжээний хариуцлага хүлээх ёстой гэдэг л нийгмийн шахалт, шаардлага яваад байгаа хэрэг шүү дээ. Солонгосын хуулиар “гэм буруутайд” үзэгдэж, хариуцлага хүлээчихээд Монголд ирэхээрээ “би хэлмэгдсэн, гомдсон” гээд албан тушаалтайгаа зууралдаад, төрийн эрх барих дээд байгууллага нь түүнийг нь өөгшүүлээд, хаацайлаад байвал Монгол Улсын, Монголын төрийн нэр хүнд дахиад хаана хүртэл унах вэ?
Өчигдөр мөн энэ асуудлаар телевизийн ярилцлагад орсон Н.Үүрцайх гэж хуульч хэлж байна лээ. Ажлын байрны бэлгийн дарамт гэдэг зүйл Монголд дэндүү задгайрсан, хууль байхгүй, хариуцлага тооцдоггүй. Хэрвээ энэ удаад бид Д.Одбаяр гэдэг хүнтэй хариуцлага ярьж, суудлаас нь буулгаж чадвал тэр нь энэ төрлийн гэмт хэргийг хуульчлахад (Огт хуульгүй байсан ч юм биш. 2015 онд УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн гэмт хэрэгт тооцсон байсныг 2017 онд хуулиас хасчихсан), гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал нөлөө үзүүлнэ. Одооноос эхлээд, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээсээ эхлээд ядахдаа ёс зүйн хариуцлага хүлээдэг жишиг тогтооё оо. Үүнийг нийгмээрээ шаардъя гэлээ.
Хэрвээ үнэхээр Д.Одбаяр гуай өөрийгөө гэм буруугүй гэж үзэж, нэр төрөө сэргээлгэхийг хүсч байгаа бол эхлээд улсынхаа нэрийг сэвтүүлсний төлөө хариуцлагаа хүлээчих. Дараа өөрийнхөө нэр төрийг цэвэрлэ. Ийм л эрэмбэ дараатай болмоор байна. Түүнээс биш “Үндсэн хуулийн цэцийн гишүүн”-ий бүрэн эрхээр хамгаалагдаад шүүхийн өмнө очино гэвэл өөрийнх нь хүсээд байгаа тэр “шударга ёсыг тогтооход” өчүүхэн ч хувь нэмэр болохгүй.
Харин Цэцийн гишүүнээсээ чөлөөлөгдчихөөд жирийн иргэний хувиар шүүхийн өмнө зогсвол, тэгээд шүүх түүнийг гэм буруугүй болохыг тогтоовол энэ жинхэнээсээ "шударга ёсны“ асуудал болно. Тэр цагт нэр төрд халдсан хэргээр Солонгосын баян хэвлэлүүдээс нөхөн төлбөр ч шаардсан ч болно шүү дээ. Их өндөр төлбөр төлдөг гэнэ лээ.
Б.СЭМҮҮН