x

Бид уг нь шударга байсан юмаа

Ерэн оны залуучууд бид өөрсөндөө эрх мэдэл эд хөрөнгө хүсээгүй юм шүү. Ердөө л дэлхий даяар өрнөж буй шинэчлэл, ил тод байдал, өөрчлөн байгуулалтыг Монгол орондоо хэрэгжүүлэхийг хүсэж байсан. Тэр утгаараа Горбачёвын хүүхдүүд байлаа. Социализм буруу замаар явсан гэж Горбачёв зарлаад үүнийг засна гэж тунхагласан.

Бидний тэмцэл социализмыг сайжруулан, жинхэнэ утга руу нь оруулахын төлөө байсан. Улс орныг удирддаг Улс төрийн товчооны хөгшчүүл тусгай хангамжинд амьдарч ард түмнийг ядууруулан мөлжиж байна гэж ойлгож байсан. Тэднийг өөрчлөн шинэ залуу жинхэнэ коммунистуудад эрх мэдлийг шилжүүлбэл бүх юм зөв тийш эргэнэ гэж горьдож байлаа. Тиймээс ч Ленин багшийн нас барсан өдрийг дурсан нийтээрээ өвлийн хүйтэнд малгайгаа аван хүндэтгэл үзүүлж байв шүү.

Бид социализмын төлөө байлаа. Тиймээс улс орныг удирдан хөтөлж буй одоогийн Улс төрийн товчоог огцруулж оронд нь шинэ залуу жинхэнэ коммунистуудыг гаргаж ирэн МАХН-ынхаа удирдлагын дор улс орноо жинхэнэ ёсоор удирдан социализмыг жинхэнээр нь байгуулахыг шаардан өлсгөлөн зарлаж байв.

Гучаад оны үед дэндүү олон хүн алсан, дал наяад оны үед зогсонги байдалд орсон гэж Горбачёв заралсан. Зөвлөлтийн бүх юмыг хуулбарлаж байсан манайд асуудал бүр ч хүнд байсныг бид ойлгосон. Зөвлөлт холбоот улсын нийт хүн амын нэг хувь нь социализмд таарахгүй байна гэж буудуулсан бол монгол эрчүүдийн 20 хувь нь алуулсныг бид тэгэхэд мэдсэн.

Бидний амьдралын төвшинг шуудхан гурав дахин нэмэгдүүлнэ гэж сурталчилж байсан Эрдэнэт үйлдвэр Монголыг маань дааж давагдашгүй өрөнд оруулсныг бид анх удаа сонссон. Монгол хонь хил давахдаа зургаан рублиэр үнэлэгдэж гараад хүүхдийн тоглоомын эрзээнэн хонь болж эргэж орж ирдэгийг бид мэдсэн. Монголд суурьшсан 100 мянган зөвлөлт цэрэг монгол хүүхнүүдийг тэмбүүтэй гэж сонссон учир сургуулийн охид хүчинддэг, тэрийг нь КГБ орос дэлгүүрийн пороомсогоор аргалж өнгөрөөдгийг бид дуулж мэдсэн.

Чухам иймээс бидний шүүмжлэлийн бай Зөвлөлтийн колончлолын эсрэг эргэн үндэсний үзэл рүү хэлбийсэн юм. Огт социалист коммунист замаар замнаагүй мөртөө биднээс хавьгүй дор байсан орнууд хамаагүй түрүүлээд давхичихсныг гэнэт мэдлээ. Чухам ийм юм сонссон болохоор хар аяндаа зөвлөлт маягийн социализмаас татгалзаж эхэлсэн. 

Өнөө харж үзсээр сармагчин монголчуудыг хүн болгосон зөвлөлтүүд гэнэт бидний асар их өртэйг дуулгаж 9,8 тэрбум шилжих рубль буюу 17 тэрбум доллар нэхэх нь тэр. Монголыг Хятадад, Зүүн Германыг Баруун Германд нь үнэ хүргэж худалдаад Зөвлөлт гүрнээ босгоё гэсэн дуу хоолой ч хүчтэй сонсогдож эхэллээ. Ерэн оны цуглаан жагсаал тэр чигээрээ зөвлөлтийн эсрэг чиглэх нь тэр.

Жагсаал цуглаан болгон өдөр бүр “бид өргүй” гэсэн уриан дор болох болов. Сүүлийн зуун жилд Монголын нийгэмд анх удаа үндэсний үзэл сэргэсэн юм. Үй олон цэрэг нутаг дээр маань байрлуулсны шанд 5 жил тутамд 3 тэрбум рубль зээлдүүлдэг, тэр хэрээрээ бүрэн хараанд нь амьдарч байгаагаа бид ойлгов. Коммунизм задран бутрахын хэрээр Зөвлөлт гүрэн туйлдан бидэнд зээл олгохоо болиут бид шууд л гачигдалд орон хоол хүнсээ ч картаар олгох болсон юм. 

Бидний тэмцэл, шахалт шаардлагыг улс орныг толгойлж байсан МАХН-ын удирдлага шууд дэмжсэн. Тэр даруй Монголын ард түмэн нийтээр дэмжсэн. Бидэнд өөрсөдөд маань хуулийн хүрээнд ямар ч эрх мэдэл байгаагүй. Олж авсан ганц эрх чөлөө маань гудамжинд жагсах, цуглаан хийх л байлаа. Бид тэр зэвсгээ л хэрэглэсэн. Бидний шахалтын үр дүнд МАХН өөр дотроо өөрчлөлт хийж, улс орныг нам биш төр удирдах явдлыг даруй хуульчилсан.

Ингэж нам, төр хоёрыг салгаж үүрэг ролийг нь тусгааралсан. Улс орныг МАХН монопольчлон удирдаж социализм байгуулна гэсэн заалтыг Үндсэн хуулиас хасаж, олон намын тогтолцоог зөвшөөрч, үүнээ ард түмний шууд сонгуулиар шийдэн засаг төрөө байгуулна гэж тогтсон өөрчлөлтийг МАХН, түүний гишүүдээс бүрдсэн Ардын их хурал шийдвэрлэсэн юм.

Ийм том өөрчлөлт хийн шийдвэр гаргахад тэдний дотор бидний ганц ч төлөөлөгч багтаагүй. Иймээс улс орноо цоо шинэ тогтолцоонд оруулахыг тухайн үеийн МАХН шийдвэрлэж ардчилсан хүчнийхэн уухайлж, Монголын нийт ард түмэн дэмжсэн билээ.

1990 оны 5-р сард адил тэгш эрхтэй улс төрийн 5 нам төрдөө бүртгүүлж хууль ёсоор оршин тогтнох эрхээ олж авсны нэг нь 70 жилийн турш хэнд ч бүртгүүлээгүй хууль бусаар эрх мэдэл атгасан байсан МАХН багтсан юм. Долдугаар сард Монголд анх удаа чөлөөт ардчилсан сонгууль болж иргэдийн 94 хувь нь оролцон олон нам, олон хүмүүсээс өөрийн үзэмжээр сонгон саналаа өгсөн. Үр дүнд нь төрийн дээд эрх барих Ардын их хуралын нийт суудлын 80 гаруй хувийг МАХН-ын төлөөлөгчид авсан юм.

Анх удаа байгуулагдсан парламентийн нийт суудлын 60 гаруй хувь нь мөн энэ намд ноогдсон. Бүхэл бүтэн нийгмийн тогтолцоогоо шинэчлэн өөрчилсөн энэ аугаа шилжилтийг монголчууд бид тайван замаар нийтийн зөвшилцлөөр амжилттай гүйцэтгэсэн болохоор бүгд сэтгэл хангалуун байсан.

Тухайн үед бидний хэн нь ч албан тушаал хөөцөлдөж байгаагүй. Шадар сайд болох хүн олдохгүй тойрч татгалзаад нэгнийгээ дургүйцээд байхад нь хүчээр түлхэн сайд болгож гомдоож байлаа. Оройлогчдын нэгийн хувьд нийгмийн өмнө ил тод байж шударгаараа үлгэрлэж байх ёстой гэсэн үзэлтэй байсан. Парламентийн гишүүний цалинг 1200 төгрөгөөр тогтооход ийм өндөр цалин авах гэж ардчилсан хувьсгалд оролцоогүй гэж татгалзаж байсан.

20-р тогтоол гарсны дараа бидний нэг нь бусдаас мянган төгрөг зээлж аваад магнетофон дэлгүүрээс худалдаж авсан нь илэрмэгц өөрсдөө санаачлаад мань эрийг парламентаас хөөж гудамжинд гаргаж байв. Японы Ерөнхий сайд айлчлахдаа сайд, хурлын дарга, байнгын хороон дарга нарт зургийн аппарат бэлэглэхэд тэрийг нь үнэлж хурааж аваад цалингаас илүү гарсных нь үнийг төлүүлж байв.

Нийгмийн үнэт зүйлээ монголчууд бид хамтдаа цогцлоосон. Нээлттэй нийгэм, ардчилсан тогтолцоо бол монголчууд бидний хамтын бүтээл. Эрх чөлөөгөө бид хамтдаа олж авсан.

Одоо байгаагаа хар даа. Хулгайч, худалч, хуйвалдаанч, луйварчин, алуурчин, дээрэмчин, хахуульчин, жидүүчин, тонуулчин, шамшигдуулагчин, тоглоомчин, мэхчин гохчин, попчин, авилгач нараар удирдуулсан эх орноо хар даа.

Эх орныхоо өөрчлөлт шинэчлэлд итгэж, ёс суртахуунд хөтлөгдсөн шударга нийгэм байгуулж байна гэдэгтээ мянгаараа, түмээрээ бумаараа өндийн сэргэсэн хүмүүсийн итгэл зүтгэлийг хогийн саванд хийгээд үрэн таран болгож байна. Тунхаглан заралсан үнэт зүйлс маань шил архины үнэд хүрэхээ больжээ. Бид бүгд нийгмийн өмнө, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэх боловч “илүү тэгш эрхтэй” гахай сүргээрээ бий болон үе удмаа үлдээх боллоо. Эрх чөлөө маань ердын наймааны хэрэгслэл болжээ.

Тэртээ гучин жилийн өмнө ардчилсан тогтолцоог дэмжиж, тэмцэж явсан үй олон монголчууд өнөөдөр гомдож гасалж сууна. Улам бузартаж буй нийгмээсээ эрүүл саруул хүмүүс, ялангуяа залуус дөлөн зайгаа барьж үл оролцогч, үл сонсогч, үл ажиглагч болсоор. Бүр мянгаараа түмээрээ, бумаараа шүү. Үлдсэн хэдийг нь мөнөөх улстөрийн луйварчид хуураад хулхидаад худалдаж аван өөрийн дэмжигч болгоно. Үүнийгээ тэд “тойргоо услах” гэж нэрэлдэг юм.

Одоо тэд улигт дуугаа дуулж, босгоно бүтээнэ, харж үзнэ, тэжээнэ тэтгэнэ, гэж ам уралдан орилолдсоор. Тэд ч хуурч дуусахгүй, манай ард түмэн ч хууртаж ханахгүй. Тэд усалж дуусахгүй, манай ард түмэн норж ханахгүй.

Алив нээлттэй ардчилсан нийгэмд улс төрийн нам гэдэг нь ард түмэн өөрийн төр засгаа байгуулахад олон түмний идэвхийг сэргээдэг хүчин зүйлийн үүрэгтэй болохоос хэд гурваарааа хуйвалдан эд мөнгө эрх тушаалын төлөө зодоо хийж төрийг зайдалдаг мафийн бүлэг биш юмсан. 1990 онд байгуулагдсан, дээр дурдсан улс төрийн намуудын арга механизм шинэ зуун гэхэд барагдаж тамираа барсан. Үүгээр тэдний нийгэмд гүйцэтгэсэн үүрэг роль дуусгавар болсон.

Шилжилтийн эхэн үеийн бэрхийг туулахад тэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн нь үнэн боловч гавъяа нь ингэж барагдаж гай дагуулсан он жилүүдээ эхлүүлсэн. Ирж буй шинэ цагийнханд эрх мэдлээ шилжүүлж өөрснөө хэмхэрч эвдрэн хог дээр хаяхаар болсон муухай бүтцээ тараах цаг болжээ. Нийгмийн аль л шаар шавхруунуудын орогнодог газар, идэж ууж шамшигдуулж хулгайлах нэн таатай оромж болсон энэ байр савыг засаж янзлаад бүтэхгүй, улам л дордуулна.

Яг л 1989-90 оны өвлийн хүйтэнд тухайн үеийн залуус нийгэм удирдаж буй үеэ өнгөрөөж муудсан аппаратыг зайлуулж шинэ тутам урган соёолж буй шинэ цагийн иргэдэд эрх мэдлийг шилжүүлэхийг шаардаж байсан шиг. Бүр яг тэрэн шиг.

Б.Баабар /2019.12.09/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Уншигч (202.9.40.35)
    Өрөөсөн дугуй нь өөрөө биз дээ
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • ondor nastan (182.160.34.206)
    oodtei baih chini yasan yum be. itgeliig mini mohoochohood yu geed baigaan aan.
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.46.57)
    Shudarga vneniig xeljee bayr xvrgie Baabaid
    2019 оны 12 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 11 цаг 47 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 12 цаг 9 мин 1924 оны Үндсэн хууль 13 цаг 50 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 14 цаг 0 мин Энгийнийг ухаалгаар 14 цаг 7 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 15 цаг 36 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 16 цаг 48 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 17 цаг 2 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 17 цаг 9 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 18 цаг 15 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 18 цаг 36 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top