Энэ үгийг өнгөрөгч лхагва гаригт болсон Ногоон нам, Гэр хорооллын хөгжлийн намууд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулах үеэр гэр хорооллын иргэд өөрсдөө хэлэв. Хоёр нам гэр хорооллыг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаар болов. УИХ-ын сонгуулийн тухай хууль УИХ-ын хэлэлцүүлэгт орж буй энэ үетэй давхцуулан ирэх сонгуульд нэгдэж орох эхний эвсэл бий болж байгаа бололтой.
Санамж бичиг байгуулах үеэр уг арга хэмжээнд оролцсон гэр хорооллын иргэд, шинэ тутам байгуулагдсан ГХХН-ын гишүүд өнөөх л асуудлаа хөндөж байна. Гэр хороолол руу яагаад дэд бүтэц орж ирэхгүй байна вэ, Яагаад бидний өмчлөлийн газрыг төр дур мэдэн үнэ тогтоож, хямд худалдаж аваад барилгын компаниудтай нэгдэж, орон сууцны бизнес хийгээд байна вэ? гэж.
Хотын дарга С.Амарсайхан гэр хорооллынхныг хотоос гаргаад, хашааны газар дээр нь байшин барих тухай ярьсан нь youtube-д тавигдсан. Дөрвөн айлын газар дээр 120 айлын 16 давхар байшин бариад м.кв-ыг нь 2000.000 төгрөгөөр зарахад долоон тэрбум төгрөгийн ашиг хийж байгаа. Гэтэл энэ газрыг хот м.кв-ыг нь ердөө 60-80 мянган төгрөгөөр иргэдээс худалдаж авч байгаа гэсэн мэдээллийг Гэр хорооллын хөгжлийн намын Удирдах зөвлөлийн гишүүн Я.Мөнгөнцэцэг өгч байна.
Энэ үнэлгээгээр нэг айлын хашааны газар /500x60.000/ 30 саяас 40 сая төгрөг хүрч байна. Гэр хорооллынхон хашааныхаа газрыг байрны 30 хувийн урьдчилгаанд өгөөд үлдсэн зээлээ төлж чадахгүй, эцэст нь газар ч үгүй, байр ч үгүй болж байгаа тухай иргэд ярьж байна. МАН ингэж хашааны газрыг үнэгүйдүүлж байна. Үүнийхээ оронд 100 айл нийлээд 5 га газартаа 120 айлын орон сууц хоёрыг бариад нэгд өөрсдөө ороход нэг нь тэдний ашиг болох жишээтэй. Хэрвээ хотын захиргаа иргэдийг хашаанаас нь хөөж тууж, хүчээр чөлөөлөхийн оронд дэд бүтцийг нь татаад өгчихсөн бол шүү дээ.
Нэг жишээ дурьдахад хотын захиргаа Яармагт барьж байгаа ажилчдынхаа орон сууцыг м.кв-ыг нь 800.000 төгрөгөөр бариулж байгаа. Харин орон сууцны зах зээлийн ханш дунджаар 2000.000 төгрөг гээд тооцохоор зөрүү 1200.000 нь компанийн ашиг, газрын үнэд явж байна гэсэн үг. Хашааны газрын бодит үнэ ийм байна.
Гэр хороолол ба Ногоон хөгжил
Бас нэг иргэн “Бидний өвөө, эмээ, аав, ээж маань гэр хороололд яаж амьдарч ирсэн, яг тэр хэвээр бид амьдарч байна. Үнс, хогоо, угаадсаа гудамжиндаа гаргаж асгаад, түүн дээр нь хүүхдүүд маань тоглож байна. Жаран жилийн өмнө гэр хороололд амьдрал ямар байсан яг тэр хэвээрээ бидний хүүхдүүдтэй золгож байна. Ялгаатай нь бидний аав, ээж, өвөө, эмээгийн амьдарч байх үед гэр хорооллын ачаалал, хөрсний бохирдол харьцангуй бага байсан. Гурван үеэрээ ингэж амьдарсны эцэст гэр хорооллын газрын даац, орчны бохирдол хэрээс хэтэрч халдварт өвчний голомт болж хувирлаа. Хаана, хэний хүүхэд өвдөж байна, тэнд гэр хорооллынхон л байна. Ханиад томуу, халдварт өвчин дэгдлээ гэхэд хамгийн түрүүнд гэр хорооллын хүүхдүүд л өвдөж байна. Гэр хорооллыг хөгжүүлэхийн төлөө, тэдний эрүүл мэнд, амьдрах орчны төлөө санаа зовж байгаа хүн энэ төр засагт алга. Гэр хорооллынхон ядуу учраас, ядуу байлгах нь өөрт нь ашигтай учраас гэр хорооллынхныг мартсан” хэмээн ярив.
Албан ёсны статистикаар гэр хорооллын иргэдийн 60 хувь нь ядуу. Гэхдээ нийслэлийн сонгогчдын цөм хэсэг нь энд амьдардаг. 216 мянган өрх, сая иргэн тэнд амьдарч байгаа. Харамсалтай нь аль ч төрийн үед гэр хорооллын иргэдийг “сонгогч” гэж харж байснаас бус хүн гэж харсан нь цөөхөн. Хотын төвийн ногоон байгууламж, зам талбай, цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай тэнд байхгүй. Тийм сонголт байхгүй. Сонгууль болохоор нэр дэвшигч нар “гэр хорооллынхон боловсролгүй, мэдээлэлгүй, юу ч яриад нэмэргүй, ходоодоороо сонгодог нөхөд шүү дээ” л ярина. Арав, таван төгрөг өгөөд санал авахыг илүүд үзнэ. Тэр нь илүү хямд тусах учраас тийм хэвээр нь л байлгахыг хүснэ. /Тэдний өөрчлөгдөхийн хүлээснээс гэр хорооллынхон өөрсдөө өөрчлөгдөж, өөрсдийнхөө төлөө тэмцэх нь зөв/
Харин гэр хорооллынхны хүсдэг зүйл ондоо. Хашаандаа сайхан амьдрахыг, халуун ус, дулаантай, цэвэр, бохироо шийдчихсэн сайхан сууцанд хотын төвийнхнөөс дутахгүй тав тухтай, сайхан амьдрахыг хүснэ. Асфальтан зам дээр өсгий товшиж алхахыг, анхилуун ногоон цэцэрлэг дунд хүүхдүүдээ тоглуулахыг, хананаасаа халуун, хүйтэн ус авч, хотын төвийнхний адил тав тухыг мэдрэхийг хүсдэг. Харин түүнийг нь бодлого болгож гаргаж байгаа нам, улстөрчид дэндүү цөөн.
Э.Бат-Үүл хотын дарга байхдаа эхлүүлсэн гэр хорооллын барилгажилт хөтөлбөр бүрэн зогссон. Хашааных нь газар луу ус, дулаан, дэд бүтцийг нь оруулаад өгчихвөл гэр хорооллынхон өөрсдөө хотын төвийн апатментуудыг дагуулахааргүй тансаг хаус бариад амьдрах боломж байна. Дэд бүтцийг нь шийдээд өгчихье гэж дөрвөн жил ярьсан, дөнгөж эхлээд явж байсан. Сонгуулийн дараачаас бүгд буцсан. Түүний оронд хашааны газрыг нь орон сууцны зээлийн урьдчилгаанд аваад зээлээ төлж чадаагүй иргэд эцэстээ орон сууц ч үгүй, газар ч үгүй үлдсэн жишээ олон.
Тиймээс гэр хорооллын хөгжлийг төрийн бодлогод оруулахын тулд гэр хорооллынхон өөрсдөө тэр бодлогод нь оролцох хэрэгтэй юм байна гэдэг дүгнэлтэд гэр хорооллынхон өөрсдөө хүрээд байна. Гэр хорооллынхныг “халтар хултар, харанхуй бүдүүлэг” гэж адалдаг, өмссөн хувцас, амьдарч байгаа орчноор нь иргэдээ алагчилдаг төр, төрийн хүмүүс тэдний төлөө гараа хөдөлгөхгүй гэдэгт ойлгомжтой ч болсон байна. Тэр шаардлагаар гэр хорооллынхон өөрсдийн намыг байгуулсан. Тэдэн дээр Монголын ногоон нам нэгдчихлээ. Тэрд Монголын сая иргэн, 600 мянган сонгогч бий. Ирэх сонгуулийн өнгийг өөрчилж чадахаар хүч хуримтлагдаж байна гэсэн үг.
Санамж бичигт гарын үсэг зурсан Ногоон намын дарга О.Бум-Ялагч бас нэгэн сонирхолтой баримтыг дэлгэв. 2006 онд баталсан Газрын тухай хуулиар Монгол Улсын иргэн нийслэлд 007 га газрыг хувьчилж авах эрхтэй. Хэрвээ энэ газарт дээрээ нарны хавтан суурилуулчихвал өдөрт 30 кВт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Жилийн 300 хоногоор тооцвол 90.000 кВт эрчим хүч үйлдвэрлэж чадна. Үүнийгээ улсад 150 төгрөгөөр зарахад сарын сая гаруй төгрөгийн орлоготой байж чадна аа гэж. Хамгийн багаар бодоход шүү дээ. Гэтэл Засгийн газар өнөөдөр энэ эрчим хүчийг хувийн компаниас 430 төгрөгөөр худалдаж авч байгаа. Монгол Улс жилдээ 200 сая ам.долларыг гадаадаас эрчим хүч хуралдаж авахад зарцуулдаг. Энэ хомсдлыг гэр хороолын газар дээрээс олох боломж байна гэж. Ийм хэмжээний орлоготой байхад банк санхүүгийн байгууллага гэр хорооллынхонд зээл өгөхдөө эргэлзэхээ болино, зээлийн хүү буурна гэв.
Мэдээж энэ бол ганцхан жишээ. Хамгийн гол нь эрх баригч намын мартсан, сөрөг хүчний хамгаалж чадаагүй гэр хорооллын иргэдийн эрхийг иргэд өөрсдөө хамгаалахаар нэгдэж, нам байгуулсан, тэдэнтэй эвсэж нэгдэж ажиллахаар улс төрийн гуравдагч хүчнүүд нийлж нягтарч эхэлсэн нь талархууштай хэрэг. Ирэх сонгуулийн өнгө өөрчлөгдөж мэдэх л юм. Нийслэлийн хүн амын талаас илүү хувь нь гэр хорооллынхон шүү дээ.
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл (1)