x

Төрийн албан дахь “Одбаяр”-ууд

ХЭҮК болон Шихихутуг судалгааны хүрээлэнгээс ажлын байрны бэлгийн дарамттай холбоотойгоор есөн байгууллагын 1,120 хүнийг хамруулан санал, асуулга авч судалгаа хийсэн байна.

Онгоцны үйлчлэгч солонгос бүсгүйн биед зөвшөөрөлгүй хүрч, бэлгийн дарамт учруулсан гэх ичгэвтэр асуудалд орооцолдсон Үндсэн хуулийн цэцийн даргын хувь заяа хэрхэх нь бүрхэг байна. Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр Инчеоны Бүсийн цагдаагийн газар хохирогч бүсгүйчүүдээс мэдүүлэг авч, Д.Одбаяр болон А нарыг Индонезоос буцахдаа БНСУ-д ирж мэдүүлэг өгөхгүй бол хэргийг прокурорт шилжүүлнэ гэж мэдэгдэж, энэ төрлийн хэрэгт өндөр хариуцлага хүлээлгэдгийг ч дурджээ.

Гэтэл гадны оронд биеэ цэгнэж чадаагүйгээсээ улсаа бүхэлд нь намагтай хутгаж буй дарга нарын өрөөсөн гуянууд Монголд ч олноороо үүрлэжээ. Төрийн албанд “Одбаяр”-ууд олон байгааг хүмүүс мэддэг хэр нь ойшоодоггүй. Харин ч ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэх бүсгүйчүүдийг ад үздэгээс ам нээдэггүй хэвшмэл ойлголт бий болсон. Ам дамжин ярьдгаас албан ёсоор гомдол гаргах нь тун ховор.

Хохирогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг учраас ёстой л зориг зүрхтэй, хат суусан нэг нь л эрхээ хамгаалуулахаар ханддаг гэсэн.Тиймээс төрийн албаны ёс зүйг уландаа гишгэсэн дарга нарын “цуваа” тасрахгүй байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Төрийн албан дахь “Одбаяр”-уудын талаарх ганц нэгхэн жишээ хэлэхэд саяхан ажлаа өгсөн сургуулийн захирал ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой хэрэгт орооцолдож ХЭҮК-оос дээд байгууллагад нь бичиг хүргүүлсэн байна. Харин  тэр дарга дараахан нь ажлаа өгснийг харахад хариуцлагаа хүлээсэн бололтой.

Мөн иймэрхүү ёс зүйн зөрчил гаргасан ч агентлаг удирдаад явж буй нэгэн ч байгаа гэх. Бүр ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн нь нотлогдчихоод байхад л “үгүй” гэж гүрийгээд цүнхээ савчиж зарга хийж явдаг нөхдүүд мэр сэр байдаг гэнэ.

Эндээс харвал Монголд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн нөхдөд хариуцлага тооцох биш харин толгойг нь илээд өнгөрдгийг харуулж байна.

Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой судалгаа мэдээлэл хэд хэд бий. Монголын эмэгтэйчүүдийн сангаас 2016 онд хийсэн цахим судалгаагаар ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн хохирогчдын 97.5 хувийг эмэгтэйчүүд, 2.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байсан.

Ажлын байран дахь бэлгийн дарамт үйлдэгчдийн 97.5 хувь нь эрэгтэйчүүд, 87.4 хувь нь дээд боловсролтой, 69.2 хувь нь удирдах албан тушаалтнууд байжээ. Мөн төрийн бус байгууллагуудын эвслээс хийсэн судалгаагаар 2017 онд ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар 17-70 насны 654 эмэгтэй, 99 эрэгтэй нийт 753 хүнээс судалгаа авахад 79.6 хувь нь “ажлын байрны бэлгийн дарамт их байдаг” гэж хариулсан байна.

Дээрх судалгаануудаас гадна ХЭҮК болон Шихихутуг судалгааны хүрээлэнгээс ажлын байран дахь бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх нөхцөл байдал, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт ямар байгааг есөн байгууллагын 1,120 хүнийг хамруулан санал, асуулга  авч судалгаа хийсэн байна.

Ингэхэд ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой үйлдэл, эс үйлдэхүй гарч байсан гэж 176 хүн буюу 17.9 хувь, үгүй гэж 805 хүн буюу 82.1 хувь нь хариулснаас үзэхэд ажлын байран дахь бэлгийн дарамт байгаа төдийгүй боловсролын байгууллагад хамгийн олон 113 хүн ажлын байран дахь бэлгийн дарамт гарсан гэж хариулсныг дүгнэлтдээ дурджээ.

Тухайлбал, батлан хамгаалах салбар зэвсэгт хүчний хоёр ангиас 28 хүн буюу судалгаанд хамрагдсан хүмүүсийн 14.3 хувь, хууль сахиулах салбар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хоёр ангиас 15 хүн буюу 14.2 хувь нь бэлгийн дарамтад өртөж байсан гэж хариулжээ. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагаас 20 хүн буюу 23.3 хувь, боловсролын байгууллага АШУҮИС, ҮБХИС,ХААИС, МУБИС 113 буюу 19.1 хувь нь “Тийм” гэж хариулсан байна.

Энэ нь боловсролын салбарт ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх илэрсэн даруйд таслан зогсоох талаар бодит ажил хийх шаардлагатай. Их, дээд сургуулиудад бэлгийн дарамт ноцтой асуудал болоод байгаа ч байгууллагын зүгээс ямар нэг үр дүнтэй арга хэмжээ авахгүй байгааг судлаачид онцолжээ. Мөн 246 байгууллагын 179 нь ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх заалтыг хөдөлмөрийн дотоод журамд тусгаагүй байсан зэрэг багагүй зөрчил дутагдалтай байна.

Гэтэл судалгаагаар ажлын байрны бэлгийн дарамтыг ихэвчлэн удирдах албан тушаалтнууд үйлдэж буй нь тодорхой байгаа юм. Ажлын байран дахь бэлгийн дарамт үйлдэгдэж байгаа газар, байршлыг 2004 онтой харьцуулахад удирдах албан тушаалтнууд бэлгийн дарамт үзүүлдэг байдал 18.9 хувиар, хамтран ажиллагсад бэлгийн дарамт үзүүлэх байдал 15.6 хувиар нэмэгджээ.

“Театр, урлаг, спорт, соёлын газруудад тайзны ард буюу бэлтгэлийн үеэр охид, эмэгтэйчүүд бэлгийн дарамтад өртөж, авьяас чадвараа олон нийтэд хүргэж чадахгүй орхиход хүрч байна. Ажлын байран дахь бэлгийн дарамт нь далд үйлдэгдэж, давтагдах тусам даамжирч байдаг хүний эрхийн ноцтой зөрчил. Үүнээс улбаалан хувь хүн, байгууллага, нийгэм бүхэлдээ хохирдог.

Ажлын байран дахь бэлгийн дарамт нь хүн бүрт биеийн болон сэтгэл санааны хүнд дарамт учруулах, хөдөлмөрийн бүтээмж, амьжиргаанд нь сөргөөр нөлөөлөх, ажил, албан тушаалаа орхихоос өөр аргагүй байдалд хүргэх, хохирогчийн нэр төрийг сэвтээх, улмаар амь нас нь хохироход хүргэх хор уршигтай.

Судалгаанд оролцогчийн 67.8 хувь бэлгийн харилцаанд орохыг янз бүрийн байдлаар санал болгох, 70.6 хувь нь зөвшөөрөөгүйн төлөө шахалт дарамт үзүүлэх, заналхийлэх хүч хэрэглэж бэлгийн харилцаанд оруулах гэсэн хариултыг сонгосон байгаа нь ажлын байран дахь бэлгийн дарамт түгээмэл, далд ноцтой хэлбэртэй байгааг харуулж байна . Ярилцлага, санал асуулгаас харахад ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар төсөөлөлтэй байгаа боловч Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн талаар мэдэхгүй байна. Өөр хоорондоо хийсэн тоглоом, наадам, наргиа болон хүний эрхийг зөрчсөн үйлдлийг ялгаж, салгаж ойлгохгүй байх нь түгээмэл байна. Ихэнх нь “хаана хандахаа мэдэхгүй, хамт олны дунд нэр хүндгүй болно, гомдол гаргах боломжгүй дарамт шахалт ирнэ, хандсан ч нэмэргүй эрх зүйн орчин байхгүй” гэсэн хариулт өгдөг гэдгийг хүний эрхийг хамгаалагчид хэлж байгаа юм.

Хамгийн ноцтой нь ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн хүмүүст хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин дутмаг байгааг дээрх кейсээс харж болно. Хуулийн хариуцлагын талаар бид үргэлжлүүлэн хөндөх болно.

 

Газар, байршлыг 2004 онтой харьцуулахад удирдах албан тушаалтнууд бэлгийн дарамт үзүүлдэг байдал 18.9 хувиар, хамтран ажиллагсад бэлгийн дарамт үзүүлэх байдал 15.6 хувиар нэмэгджээ.


Монголд эрх мэдлээрээ далайлгаж нүүрээ хамгаалж дөнгөдөг дарга нар хилийн дээс алхахдаа хэн ч биш болж, эх орныхоо нэртэй хамт шаварт унадгийн сургамж нь Цэцийн дарга Д.Одбаяр боллоо. Хуультай оронд хэн ч байсан дураараа авирлаж чадахгүйг харуулж, улсаар нь шившиг болгодгийн зовлонг энэ хэдэн өдөрт Монголчууд хангалттай амсаж сууна.

Энэ дуулианы эхлэлийг нийгэм сэрдэхдээ цэцийн дарга Сөүлийн онгоцонд суухын өмнөх өдөр Үндсэн хуулийн цэцээс Ашигт малтмал ашигласны төлбөртэй холбоотой заалтуудыг хүчингүй болгосон байдаг.

Гэтэл олон нийтийн эсэргүүцэлтэй тулах хуудуутай шийдвэр гаргачихаад дарга нь яаран сандран хилийн дээс давав уу. Гаргасан шийдвэрийнхээ “шагнал”-ыг аваад олон улсын хурлаас бараг 3-4 хоногийн өмнө амрах гээд явчихлаа гэх хардлага ч байна.

Тэгвэл Солонгосын онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн асуудалд холбогдоод байгаа Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын “хамсаатнууд” Монголд олон бий. Тэр дундаа төрийн албанд олноороо шургалсныг батлах судалгаа, баримт ч хангалттай байгааг ХЭҮК-ын мэдээллээс харж болно. Монголд ажлын байрны бэлгийн дарамт хавтгайрсан ч хариуцлага тооцох механизм байдаггүй.

Энэ төрлийн гомдол хүлээж авч, анхаарал хандуулдаг байгууллага нь ганцхан ХЭҮК. Гэтэл энэ байгууллагад зөвлөмж, шаардлага хүргүүлэхээс илүү эрх мэдэл, хуулийн зохицуулалт алга. Хүч дутаж байгаагаас ажлын байрны бэлгийн дарамт үйлдэгчид хариуцлагаас мултарч сурчээ. Ганцхан жишээ татъя.

Хоёр жилийн өмнө Увс аймгийн “Ойрад” театрын дарга ажилчдынхаа бэлтгэлийн болон хувцас солих өрөөнд дуу, дүрс бичлэгийн камер байрлуулсан. Мөн ажлынхаа өрөөнд ч байгууллагад болж буй бүх үйл ажиллагааг хянадаг сонсох, чагнах төхөөрөмж байрлуулсныг ХЭҮК шалгаж тогтоосон байдаг.

Улмаар театрын дарга олж авсан баримт, мэдээллээ хувь хүний зөвшөөрөлгүйгээр аймгийн  төрийн байгууллагын дарга нарын хурал дээр дэлгэцээр үзүүлж ёс зүйгүй аашилжээ.  ХЭҮК-оос тус байгууллагын ажилтнуудаас авсан санал асуулгаар “Та ямар нэгэн ажлын байрны дарамтад өртөж байсан уу?” гэсэн санал асуулгад 58 ажилтны  24 нь буюу 41 хувь нь “тийм”,  22 ажилтан буюу 37.9 хувь нь удирдлагын зүгээс ажлын байрны дарамтыг үзүүлдэг гэж хариулсан байв.

Үүний дагуу “Ойрад” хөгжимт жүжгийн театрын даргын дээрх үйлдэлд хариуцлага тооцож өгөх шаардлагыг ХЭҮК-оос тус аймгийн Засаг даргад хүргүүлсэн ч зүгээр өнгөрчээ. Учир нь аймгийн Засаг даргыг очиход өнөөх камер, дуу бичлэгийн төхөөрөмжөө хураачихсан байсан учраас ХЭҮК болон театрын ажилтнуудын хэдэн удаагийн нотолгоонд итгээгүй гэнэ.

Хамгийн хачин нь театрын дарга өнөөг хүртэл  ажлаа хийж байгаа юм. Ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг дарга нар яг л энэ жишгээр хариуцлагаас мултарч, хуулийн хийдэл ашиглаж байна.

Төрийн албаны шинэ хуульд ажлын байрны бэлгийн дарамтыг хязгаарлах заалт оруулсан ч хариуцлагын тогтолцоо нь зөвхөн төрийн жинхэнэ албан хаагч нарт хамаатай. Харин улс төрийн болон үйлчилгээний албан хаагчид зөрчил гаргавал хариуцлага хүлээхгүй байхаар тусгасан байгаа юм. Гэтэл судалгаагаар ажлын байрны бэлгийн дарамт хамгийн ихтэй салбар нь улс төр, хууль сахиулах, үйлчилгээнийхэн байна.

Түүнчлэн өнөөгийн эрхзүйн зохицуулалтаар бол хувийн компанийн захирал дарамт учруулах юм бол ХЭҮК-оос өгсөн шаардлагыг бэлгийн дарамт учруулсан этгээд өөрөө цохож таарч байна.

Тиймээс ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож Эрүү, Зөрчлийн хуульд тусгах нэн шаардлагатай байгаа талаар Хүний эрхийн үндэсний комисс, эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл дуу хоолойгоо хүчтэй илэрхийлж байна.

Т.ИХТАМИР: АББД-ААС СЭРГИЙЛЭХ АСУУДЛЫГ ДОТООД ЖУРМАНДАА ТУСГАЖ ӨГӨХ ЁСТОЙ

ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга 

-Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол сүүлийн хоёр жилд 12 ирсэн. Энэ төрлийн гомдол хөдөлмөрийн харилцаан дахь жендерийн ялгаварлан гадуурхалт гэсэн хүний эрхийн зөрчилд хамаардаг. Жендерийн эрх тэгш байдлын хуулийн хэрэгжилтийн хүрээнд 11 аймагт хяналт шалгалт хийж, сургалт явуулсан. Нэг аймгаас 10 төрийн байгууллага сонгосон.

Санал асуулгаас харахад удирдах албан тушаалтнуудын зүгээс зохисгүй харилцаа гаргадаг гэж хариулсан тохиолдол цөөнгүй бий. Бид дүнгээ нэгтгэж байна. Төрийн байгууллагууд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудлыг дотоод дүрэм журмандаа тусгаж өгөөгүй зөрчил их гарсан. Энэ төрлийн гомдол гарсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг тодорхой заах ёстой.

Мөн ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэхийн тулд үе шаттай сургалтыг тусгайлан хийх үүрэгтэй байдаг ч хэрэгжилт тун хангалтгүй байна. 2019 оны нэгдүгээр сараас мөрдөгдөж байгаа хуульд Төрийн албаны хуульд төрийн албаны харилцаа бусдад давуу тал олгох, ажлын байрны бэлгийн дарамт болон бусад дарамт үзүүлэхийг хориглосон.

Хууль зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулна гэж заасан ч хэрэгждэггүй. Эрүү, Зөрчлийн хуульд ямар ч зохицуулалт байхгүй. Хариуцлагын механизм тодорхойгүй. Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой тусгайлсан хуультай улс орнууд ч бий.

Л.БОЛОРМАА: БЭЛГИЙН ДАРАМТТАЙ ХОЛБООТОЙ ЗААЛТЫГ УИХ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн 
 
-Дэлхийн улс оронд бэлгийн дарамтыг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үздэг. Гэтэл манай улсад энэ талаарх ойлголт иргэдийн дунд тааруу.  Эрх баригчид шийдвэр гаргагчдын олонх нь үүнийг гэмт хэрэг байтугай зөрчил ч гэж үзэхгүй байна.

2015 онд баталсан Эрүүгийн хуулийн 12.4 дүгээр зүйлд Бэлгийн дарамт учруулсан тохиолдолд 1-3 сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, гурван сар хүртэлх хугацаагаар хорино. Хохирогчид дарамт учруулж бэлгийн харьцаанд орсон бол нэг сараас  жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн зүйл заалтыг 2017 оны тавдугаар сарын 11-ны өдөр УИХ хүчингүй болгосон.

Ингэснээр бэлгийн дарамтын талаарх үг, өгүүлбэр зөвхөн Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд л үлдсэн. Гэвч энэ хуулиар ажлын байранд дарамт үзүүлсэн этгээдэд ямар хариуцлага хэн тооцох эсэх нь тодорхойгүй тунхаг төдий байна.

Мөн одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиас дээрх заалтуудыг хассан нь бэлгийн дарамтыг таслан зогсооход хүндрэл учруулж хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал болж байна. Иймээс Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Эрүүгийн хуульд  нэмэлт өөрчлөлт нэн яаралтай тусгахыг шаардаж байгаа.

Н.АРВИНТАРИА: ХАРИУЦЛАГА ТООЦОХ МЕХАНИЗМ БАЙХГҮЙ

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал 
 
-Бидний хамгийн гол зорилго бол бэлгийн дарамт Монгол Улсад битгий байгаасай гэж хүсч, хамтран нэгдсэн. Бэлгийн дарамт нь хувь хүний халдашгүй байдал, нэр төр, аюулгүй байдалд маш их хор хөнөөл учруулдаг.

Тэр болгон хохирогч ил гарч ирдэггүй. Өнөөдөр МИАТ-ын онгоцны үйлчлэгчийн өгзгөнд хэн нэгэн хүрсэн бол олонд нийтэд ил мэдэгдэхгүй. Учир нь Монгол Улсад тэр хүнийг хамгаалах хууль эрх зүйн орчин байхгүй. “Хүний эрхийн Үндэсний комисст мэдээлж болно” гэж байгаа хэдий ч тэр гомдлыг хүлээж авсан ч хариуцлага тооцох механизм байхгүй. Энэ байдал нь ажлын байрны бэлгийн дарамтыг хавтгайруулж байна.

Энэ бол ичгүүртэй явдал шүү дээ. Хэдхэн жилийн өмнө Герман эмэгтэй Монголд аялсан тэмдэглэлээ сошиал хуудаснаа нийтлэхдээ “Монголд хамгийн аймшигтай зүйл нь хүүхдээсээ авахуулаад хөгшин хүн хүртэл миний биед дур мэдэн хүрч байсан. Тэр бол маш аймшигтай байсан” тухайгаа бичсэн байсан.

Бид өнөөдөр XXI зуунд амьдарч байна. Ийм хандлага гаргасан хүнийг бид ямар ч байдлаар хүлээн зөвшөөрч болохгүй. Хүүхдүүддээ эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хувийн орон зайд нь халдаж болохгүй шүү гэж сайн хэлж өгөөрэй. Би хувьдаа Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг БНСУ-ын онгоцны үйлчлэгчээс уучлал гуйгаасай гэж бодож байна.

Ийм үйлдлийг халхаж, хаацайлбал олон нийт байх ёстой зүйл юм байна гэдэг ойлголтыг авах учраас таслан зогсоох шаардлагатай.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 11 цаг 32 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 11 цаг 54 мин 1924 оны Үндсэн хууль 13 цаг 35 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 13 цаг 46 мин Энгийнийг ухаалгаар 13 цаг 52 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 15 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 16 цаг 33 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 16 цаг 47 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 16 цаг 54 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 18 цаг 0 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 18 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top