Хичээлийн шинэ жил эхэлсний дараа, ердөө арав гаруйхан хоногийн өмнө Нийслэлийн 133-р сургуулийн багш нар хэвлэлийн бага хурал зарлаж, тус сургуулийн 1800 хүүхэд дөрвөн ээлжээр, өдөрт хоёр цагаар хичээллэж байгаа тухай мэдээлсэн.
Тус сургууль өөрийн байргүйн улмаас 1-12 дугаар ангийн 43 бүлэг “Монгол Тэмүүлэл” сургуулийн 13 анги танхимд дөрвөн ээлжээр хичээллэдэг. 6-7 цагийн (ахлах, дунд анги) хичээлийг хоёрхон цагт шахаж ордог гэсэн үг. 133-р сургуулийн 1800 хүүхэд сургуулийн 1-2 дугаар давхарт, харин “Монгол Тэмүүлэл”-ийн 200 гаруй хүүхэд 3-4 дүгээр давхарт (анги танхимын тоо бол мэдээж ижил) хичээллэж байна. Үүнийг л бид “боловсролын ялгаварлал” гээд байгаа юм. Яагаад ингэж ялгаварлагдах болов?
133-р сургууль ч, “Монгол Тэмүүлэл” сургууль ч яг адилхан улсын сургууль. Бүх зардлыг нь улсын төсвөөс санхүүжүүлдэг. Хувийн, хувьсгалын гэсэн ялгаа байхгүй. Сурагчдаасаа төлбөр авдаггүй.
Ялгаатай нь “Монгол Тэмүүлэл” сургууль Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэдэг. Ё.Отгонбаяр Боловсролын сайд байхдаа 2012 оны сонгуулийн өмнө гурван сургууль дээр Кембрижийн хөтөлбөрийг туршиж эхэлсний нэг нь. Одоо найм дахь жилдээ явж байна. Ердийн сургуулийн нэг хүүхдийн хувьсах зардал (хүүхэд нэг бүрт жилд зарцуулж байгаа төсөв) 400 мянган төгрөг байхад Кембрижийн хөтөлбөртэй гурван сургуулийн хувьсах зардал тэднээс 10-20 дахин их, багш нарынх нь цалин өндөр. Орчлон сургуулийнх гэхэд 10-20 сая төгрөгөөр /нэг хүүхдийн хувьсах зардал/ хөтөлбөрийг хэрэгжүүлдэг гэсэн байх. Тэнд мэдээж нийгмийн “элит анги” буюу чинээлэг хэсгийн хүүхдүүд суралцдаг.
Дашрамд сануулахад 133-р сургуулийн багш нар хэвлэлийн бага хурал зарлаж, Боловсролын сайдаас хариулт нэхсэнээс хойш даруй арав гаруй хоног өнгөрчихлөө. Сайд ямар нэг хэлбэрээр хариу өгсөн тухай мэдээлсэнгүй.
Уг нь бол сургуулийн багш нар Ё.Баатарбилэг сайдаас “Сарын дотор сургууль бариад өг”, эсвэл “Багшийн цалинг нэмээтэх” гэж шаардаагүй. Сайд ч шидтэн биш учраас тэгэх боломжгүй нь тодорхой. Тэд зүгээр л “Манай сургуулийн хүүхдүүдийн хичээллэдэг анги танхимыг нэмээд өгөөч ээ. Энэ байдлаар бол хүүхдүүдэд сурах боломж алга аа. Адилхан төсвөөс санхүүждэг улсын сургуулиуд ийм ялгаварлал гаргаж болохгүй ээ” л гэсэн юм.
Хүний эрхийн үндэсний комиссийнхон хүртэл байр байдалтай нь танилцаад “Хоёр адилхан сургуулийн хүүхдүүдэд ийм ялгаварлал гаргаж, тэгш бус хандаж байгаа зохисгүй байдлыг залруулах, цаашлаад сургуулийн барилгын асуудлыг яаралтай шийдвэрлэх” үүргийг БСШУС-ын сайдад өгсөн байдаг. ХЭҮК гэдэг чинь УИХ-аас томилогддог, хүний эрхийн хяналтыг улсын хэмжээнд тавьдаг цорын ганц байгууллага. Ё.Баатарбилэг сайдын дэргэд “хөх тэнгэр” байхгүй юу, базарваань. Харин сайд гуай чацав ч гэсэнгүй ээ.
Саяхан АН-аас зохион байгуулсан “Хүний эрх ба улс төрийн намын үзэл баримтлал” сургалт дээр “Чинээлэг айлын хүүхдүүд өндөр төлбөртэй сургуульд сурч, сайн боловсрол олж аваад нийгмийн бүх баялгийг булаах түвшинд хөгжиж байна. Нийтийн боловсрол шалан дээр уначихлаа” гэж яригдаад өнгөрнө лээ. Нэгхэн жишээ нь “Монгол Тэмүүлэл” сургууль дээр өнөөдөр бий болоод байгаа нөхцөл байдаг. Сургалтын хөтөлбөр, багшийн ур чадварын тухай бүр ярихаа больё. Зүгээр л нэг ангийн 60 хүүхдэд хичээл заах, арван хүүхэдтэй хичээллэх, нэг хэсэг нь өдөрт зургаан цагаар, нөгөө нь хоёрхон цагаар хичээллэх хоёрт үр дүнгийн ялгаа бий юу?
“Монголын боловсролын системийн хоёр туйлыг эндээс нь хар аа” гэсэн шиг үүдэн хоймрын зайд хүүхдүүд ялгаварлагдаж байна. Амьдрах гэж байгаа нийгмийнх нь анги, давхаргын ялгаа, заагийг хүүхдүүдэд тийм багаас нь, ийм ил тодоор харуулна гэдэг ядаж л боловсролын салбарт байж болох үзэгдэл үү? Эсвэл энэ ч гэсэн нэг төрлийн “сургалтын хөтөлбөр” юм уу?
Энэ тухай хөндөхөөр зарим нь “Хаана байна, тэр ардчилал чинь. Социализмын үед илүү сайхан байсан. Хэн ч хэнээсээ илүү, дутуугүй, бүгд ижил тэгш байсан. Ардчиллын жилүүдэд л ийм боллоо” гэх байх. Ялангуяа 70-аад оноос өмнөх үеийнхэн.
Яг үнэндээ ардчилал өөрөө эд хөрөнгө, баялгийг бий болгодоггүй, хуваарилдаггүй. Баялгийг бий болгодог, хүмүүст хуваарилдаг тогтолцоо нь чөлөөт зах зээл. Хүн бүр өөр өөрийн чадвар чадавхи, өөрт байгаа нөөц боломжийн хэрээр баялаг бүтээж, зах зээлээс хувь хүртдэг. Харин тэр чадвар, чадавхийг бий болгодог зүйл нь боловсрол буюу боловсролын тогтолцоо.
Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн сурч боловсрох, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гээд заачихсан. Мөн Монгол Улсын иргэн хэн ч бай яс үндэс, шашин шүтлэг, нийгмийн гарал, үзэл бодлоосоо болж ялгаварлаж гадуурхагдахгүй гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээ ялгаварлалгүй, тэгш байх ёстой гэсэн үг. Боловсрол ч гэсэн төрийн үйлчилгээ. Төрөөс санхүүжиж байгаа л бол тэнд ямар нэг ялгаварлал байх ёсгүй. Иргэн Дондог хувийн сургууль нээгээд, Дорж нь Дондогт мөнгөө төлөөд сурч байгаа бол өөр хэрэг. Энэ бол зах зээл.
Харин ардчилал бол олонхи нь цөөнхөө хүндэлж, цөөнх нь олонхио дагадаг, харилцан ярилцдаг, ярилцаад гаргасан шийдвэрээ хэн хэн нь дагадаг тийм л тогтолцоо. Социализмын үеийнх шиг төр буюу цөөнх бүхнийг шийддэг, иргэд буюу олонхи нь тэр шийдвэрийг нь үг дуугүй хүлээн зөвшөөрдөг, хүлээн зөвшөөрөхгүй бол бурууддаг биш, иргэд өөрсдөө төрөө сонгож байгуулдаг, төлөөллөөрөө дамжуулж эрх мэдлээ хэрэгжүүлдэг тогтолцоо. Ардчилал бидэнд сонгох эрх өгсөн, харин сонголтыг бид хийдэг.
Тухайлбал, МАН Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалтыг хэлэлцүүлгийн дундуур хулгайгаар шургуулсан. “Дийлэнх гэдэг нь 66-аас дээш хувийг хэлнэ. МАН стратегийн ордын 66 (+) хувийг төрд авах юм байна” гэдэг тайллыг манай нэг улстөрч хийсэн байна лээ. Ер нь бол төр бүгдийг өөртөө авна, төр хуваарилалтыг хийнэ ээ л гэсэн үг. Мэдээж нөгөө ЖДҮ-чин, 60 тэрбумчингууд юунд хоцрох гэж.
Сая УИХ-ын намрын чуулганы нээлттэй зэрэгцүүлээд “Итгэлийн зээл” нэртэй бас нэг хуулийн төслийг УИХ дахь МАН-ын гишүүд өргөн барилаа. Хуулийн төслийн танилцуулгад “Итгэлийн зээлийн дээд хязгаар 20.0 сая төгрөг тул нийт зээлдэгчийн 90 хувь буюу давхардсан тоогоор 3.0 сая иргэн, хуулийн этгээдэд урт хугацаатай, бага хүүтэй, барьцаагүй зээл авах боломж бүрдэнэ” гэсэн байна. Монгол Улсын 3 сая иргэнд нэг удаа 20 сая хүртэлх төгрөгийн хүүгүй (бага хүүтэй) зээл өгөх нь л дээ. Дундачлаад 50 хувиар нь (10 сая төгрөг) бодоход 30 их наяд төгрөг гарч байна.
Монгол Улсын төсвийн орлогыг (Засгийн газар 2020 оны төсвийн орлогыг 11,8 их наядаар төлөвлөсөн) гурван жилийн турш цуглуулж байж, эсвэл хоёр жил бид юу ч идэхгүй, өмсөхгүй (төсвийн зарлагыг 13,9 их наядаар тооцсон) байж энэ мөнгийг хураах нь ээ. Яах вэ, цагаа тулахаар “Нэг дор бүгдийг нь өгөх гээгүй шүү дээ”, эсвэл “Нэг сая төгрөгийн зээл авах хэрэгцээтэй хүн байж ч болно шүү дээ” гэх мэтээр бултах л байх л даа. Гэхдээ төсөв хөрөнгөтэй холбоотой ийм том амлалт авч байгаа нам ямар ч тооцоололгүйгээр ярьж болохгүй. Хууль, шийдвэр гаргах бүрт эдийн засгийн тооцоо судалгаа нь хамт явж байх ёстой. Ямар зургаан сарын дотор ашгаа хийгээд гараад явчихдаг сүлжээний залилан биш.
Энэ ч гэсэн бидэнтэй тулгарч байгаа бас нэг сонголт. Та 20 саяыг сонгох уу, сонгосныхоо дараа юутай нүүр тулах вэ?
Бид аливаа зүйлийг ерөнхийгөөс тусгай руу хүлээж авдаг, тусгайгаас ерөнхий рүү барагтай боддоггүй. Засгийн газрын гадаад өр тэдэн их наяд төгрөг болжээ... гэнгүүт нэг их анзаарахгүй. “Өрийг Монгол Улсын 3 сая иргэнд хуваавал нэг хүнд 6000.000 төгрөг..." гэнгүүт сая сэхээ орно. Түүн шиг “Танд Засгийн газар 20 сая төгрөг хүүгүй зээлнэ гэнээ” гэвэл хошуураад гүйнэ. Тэр чинь Монгол Улсын гурван жилийн төсөвтэй тэнцэх мөнгө шүү дээ... гэхэд нэг их санаа зовохгүй.
Эргээд нөгөө боловсролынхоо асуудал руу орьё. Яагаад үргэлж сайн боловсролын тухай яриад байна вэ? гэхээр боловсрол бидэнд сонголт хийх боломжийг олгодог. Боловсролтой хүн дээрх тохиолдолд аль нь зөв бэ гэдгийг үргэлж мэддэг. Харин тэр боломж бидний, бидний үр хүүхдийн олонхид нь байхгүй байна аа л гэсэн хэрэг. Цөөнх болсон чинээлэг давхаргынхны хүүхдүүд л сонголт хийх боломжтой, нийгмийн бүх баялгийг булааж авах хэмжээнд хөгжиж байна гэсэн үг.
Олонхи нь 20 сая төгрөгийн хүүгүй зээл нэг удаа аваад эргээд сонгосон төрөө зүхэх тэр сонголтыг хийдэг. Хэн илүү их боломж амална, түүнд ямар ч эргэлзээ, шүүмжлэлгүйгээр итгэдэг. Энэ нь манай попуудад юу ч хамаагүй амлаад, ямар ч хяналтгүйгээр эрх мэдэл, дур зоргоо хэрэгжүүлэх боломжийг олгодог. Боловсролгүй, харанхуй масс тэдний хамгийн үржил шимтэй хөрс болж, боловсролтой хэсэг нь дайсан болдог. Яагаад гэвэл боловсролтой хүнд сонголт үргэлж байдаг.
Тэгэхээр ардчилал гэдэг бүх зүйл биш байх нь. Ардчилал зүгээр л явах ёстой зам болохоос хүрэх ёстой газар биш. Юунд хүрэх вэ? гэдэг нь харин бидний хийх ёстой сонголт юм. Ядаж л "баялгийнхаа үр шим"-ийг бүгдээрээ хуваагаад хүртчих үү, боловсрол, эрүүл мэнддээ хөрөнгө оруулах уу? гэдэг ч бас бидний өөрсдийн сонголт.
Үргэлжлэл бий
Б.СЭМҮҮН