УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа. Чуулганыг завсарлуулахдаа “улс төрийн шинэ нөхцөл байдал үүссэн” гэв.
Тодруулбал, Ард нийтийн санал асуулга болон санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, мөн ээлжит бус сонгуулийн тухай гэсэн гурван асуудлаар АН-ын зөвлөл МАН-ын бүлэгтэй зөвшилцөх санал ирүүлсэн юм байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлэг АН-ын зөвлөлтэй хэлэлцээрийн ширээнд дахин сууна аа гэсэн үг.
Ингээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн агуулгаас илүү түүнийг хэлэлцэж буй процесс нь тэр чигээрээ “бантан” болов.
Уг нь бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэж эхлэх үед АН-ын дарга С.Эрдэнэ, намын бүлгийн даргатайгаа зэрэгцэж суугаад “УИХ-ын олонхи болох МАН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёс суртахууны эрхгүй” хэмээн зарлаж, төслийн хэлэлцүүлэгт АН оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.
Гэтэл төслийн эхний хэлэлцүүлэг дууссаны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төсөлд санал өгч (санал өгөх хуулийн хугацаа дууссаны дараа), араас нь УИХ дахь АН-ын зөвлөл бас нэг санал өргөн барьсан билээ.
Мэдээж АН-ын зөвлөлийн өргөн барьсан саналаас нэг нь ч дэмжигдэж, хэлэлцүүлэгт ороогүй. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналаас хүлээж авч болохуйц бүх саналыг унагаад хамгийн болохгүй гэсэн саналыг нь дэмжээд АНСА руу оруулчихлаа. Мэдээж АН-ын дарга С.Эрдэнэ энэ удаа ч гэсэн АНСА-ыг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн. Харин АН-ын зөвлөл МАН-ын бүлэгтэй зөвшилцлийн ширээнд суух хүсэлт тавилаа. Яг үнэндээ АН-ын хэн төлөөлөөд байгаа нь тааварлашгүй зүйл болж үлдэв. Намын дарга уу, албан бус зөвлөлийн дарга уу? Эсвэл энэ нам эхнээсээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр “хос морьтой” гарч, хоёр тийшээ харсан улс төр хийгээд байна уу? Улс төр хийдэг байлаа гэхэд үр дүн нь юунд чиглээд байгаа нь бас л сонирхолтой.
Хамгийн нэгдүгээрт гэхэд АН-ын зөвшилцлийн ширээнд суух шалтаг болгоод байгаа УИХ-ыг тараах буюу ээлжит бус сонгууль явуулах асуудал УИХ-д албан ёсоор өргөн баригдаагүй, хэлэлцүүлэгт ороогүй байгаа. Өргөн баригдаагүй асуудлаар намууд хоорондоо зөвшилцөл хийнэ гэдэг байж болох үйлдэл үү? Эрх барьж байгаа нам дотооддоо хоёр хуваагдчихаад нэг нь засгаа огцруулна гээд, нөгөө нь УИХ-аа тараана гээд харилцан дайтаж байхад АН-ын зөвлөл тэнд юу хийж явна аа?
Яг үнэндээ бол МАН засгаа огцруулсан ч бай, УИХ-аа тараасан ч бай АН-д түй ч хохиролгүй асуудал. Тэр тусмаа иргэдийн хувьд алдах юм бүр ч байхгүй. Сонгууль зургаан сарын өмнө явсан, дараа явсан нийгмийн амьдралд нэг их ялгаа гараад байхгүй. Ямартай ч дээшээ явахгүй. Харин МАН-ын хувьд зургаан сар ч болтугай үлдэж байж ирэх сонгуулийнхаа мөнгийг ядаж цуглуулах нь бол наад захын хэрэгцээ. Тиймээс аль ч тохиолдолд засгаа ч унагаахгүй, УИХ-ыг ч тараахгүйн төлөө үхэн хатан зүтгэж таарна. Яаж ийгээд нам дотроо учраа олохыг л бодно. Харин АН-ын бүлэг ямар сонирхлоор, юуны жийрэг болох гээд МАН-ын дотоод зодоон руу гүйж ороод байна вэ?
Хоригийн тухайд ч мөн ялгаагүй. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээгээд авчихвал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр АНСА явуулахгүй, УИХ шууд гурав дахь хэлэлцүүлгээ хийгээд нэмэлт өөрчлөлтийн төслийг батлах хуулийн орчин бүрдэнэ гэдгийг МАН-ын бүлгийн дарга хэлсэн, АН-ын гишүүд ч мэдэж байгаа. Хүлээж авахгүй бол бас л АНСА явдгаараа яваад нэмэлт өөрчлөлтийн төсөл батлагдана. Иргэд нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжихгүй гэдэг санал өгвөл энэ асуудал парламентын хувьд дахиад наймар жилээр хаагдана. Батлагдсан байлаа гэхэд процессийн хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчсөн гэдэг утгаараа шууд Цэц дээр очино. Эхнээсээ хуульчид үүнийг нь эсэргүүцээд Цэц рүү өргөдөл бичээд эхэлчихсэн гэсэн.
Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг энэ сэдэв анхнаасаа буцах газаргүй “мухар гудмаар” алхсан байхад АН-ын бүлэг тэнд явахын шалтгаан ч алга. Үүнийхээ оронд Засгийг нь огцруулдаг санж уу, УИХ-ыг тараадаг санж уу, аль нэг талд нь гараад Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг зогсоох нь АН-ын хийж чадах нийгэмд тустай ганц зүйл болоод байна. Тэгж чадвал дараачийн парламент энэ асуудлыг дахиад авч үзэх боломж үлдэнэ.
Б.ЗАЯА