Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Морин хуур” наадмын шилдгүүдийн Гала тоглолт маргааш буюу гуравдугаар сарын 02-нд Соёлын Төв Өргөөнд болно. Хөгжмийн зохиолч, дуучдын чансаагаа сорьдог “Морин хуур” наадмын 2018 оны шилдгүүдийг Гала тоглолт дээр тодруулах юм.
32 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Морин хуур” наадмын шилдэг бүтээлийг нийтийн, эстрадын, мэргэжлийн дуу гэсэн гурван төрлөөр шалгаруулна. Гурван шаттай явагдах уг наадамд оролцож буй чансаатай, мэргэжлийн түвшинд бичигдсэн бүтээлүүдээс чанар, хийц, агуулгаараа онцгойлон тодорсон бүтээлийг алдаршуулдаг билээ.
Наадмын эхний шатны шалгаруулалт өндөрлөж, дараагийн буюу хоёр дахь шатны шалгаруулалт энэ сарын 14,15-ны өдрүүдэд МҮОНТ-ын “600 студи”-д болсон юм.
“Морин хуур” наадам нь 1987 оноос хойш олны хүртээл болж байгаа бөгөөд анхны эзнээр УГЗ, хөгжмийн зохиолч Ч.Сангидорж “Монгол далай” дуугаараа тодорч байжээ.
Наадмын түүхэнд хамгийн олон “Морин хуур”-ын эзнээр тодорсон хүмүүс болох Төрийн хошой шагналт Н.Жанцанноров 1990 онд “Хүн тэнгэр”, 2001 онд “Амраг минь дээ”, 2013 онд “Бурхан халдун” дуугаар, Төрийн шагналт Б.Шарав 1990 онд “Монгол туургатны гал голомт”, 1995 онд “Хайрхан уулын бараа”, 2012 онд “Монгол газар шороо мину” дуугаар, УГЗ Б.Бямбабаяр 1992 онд "Орхон түшээ мөрөн”, 1996 онд "Эзэн заяа", 2000 онд "Эрхлэхийн заяатай хорвоо" бүтээлүүдээрээ тус бүр гурван удаа хүртэж байжээ.
Харин энэ жилийн наадамд ид авьяас билгээ гэрэлтүүлж яваа залуу уран бүтээлчид болох Цэн.Эрдэнэбат, Ш.Өлзийбаяр, Г.Түвшинтөр нарын шинэ соргог бүтээлүүд хойморлох нь ээ.
Жил жилийн “Морин хуур” наадмаас үзэгч, сонсогч түмний зүрхэнд үүрд үлдэх бүтээл, дуучид, дууны яруу найраг төрсөөр байсныг дурдах ёстой билээ.