Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (НЗДТГ) Их Британийн "Skyral" компанитай хамтран авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор их өгөгдөлд суурилсан загварчлал боловсруулах ажил эхлүүлж байна.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, “Skyral” компанийн захирал Николас Жон Блэр нар уулзаж, хамтын ажиллагааны талаар хэлэлцжээ.
Төсөл, хөтөлбөрүүд
Хотын дарга Х.Нямбаатарын мэдээлснээр, түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах хүрээнд дараах томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:
- Туулын хурдны зам
- Тойрог хурдны зам
- Трамвайн хоёр шугам
- Метроны шугам
Эдгээр төслийн инженерийн төлөвлөлтийг хиймэл оюун ухаанд суурилсан загварчлалаар боловсруулна.
Их өгөгдлийн үүрэг
“Skyral” компанийн дэвшүүлж буй хиймэл оюунд суурилсан загварчлалын тусламжтайгаар:
- Трамвайн өртөөнүүдийг хамгийн тохиромжтой байршилд сонгох
- Тойрог хурдны замын трассыг оновчтой тодорхойлох
- Иргэдийн гар утасны хөдөлгөөн, зорчих маршрутад дүн шинжилгээ хийж, хамгийн үр дүнтэй төлөвлөлт боловсруулах
“Skyral” компани нь орон нутгийн засаг захиргаа болон бизнесүүдэд хиймэл оюуны тусламжтай уян хатан, үр ашигтай шийдэл боловсруулж, нэвтрүүлдэг туршлагатай байгууллага юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулахад чухал нөлөө үзүүлэхээр байна.