Татварын ерөнхий газрын мэдээлснээр, 2024 онд үл хөдлөх хөрөнгийн албан татвараас 245.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь 2023 онтой харьцуулахад 8.5 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Анх 338.6 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоотой байсан ч гүйцэтгэл 72.5 хувьтай гарсан байна.
Нийслэлд гурав дахь орон сууцнаас татвар авдаг журам хэрэгжиж буй
2022 оноос эхлэн нийслэлд гурав ба түүнээс дээш орон сууцтай иргэдийн эхний хоёр орон сууцыг татвараас чөлөөлж, гурав дахь орон сууцанд татвар ногдуулах хууль хэрэгжиж эхэлсэн. 2024 оны байдлаар нийслэлд 11,350 иргэн хоёр ба түүнээс дээш орон сууц эзэмшиж байгаа бөгөөд тэдний нийт 21,153 орон сууцанд 16.8 тэрбум төгрөгийн татвар ногдуулжээ.
Татварын хувь хэмжээ ба хэрэгжилт
Нийслэл дэх үл хөдлөх хөрөнгийн татвар 0.6-1 хувь байдаг бол орон нутагт орон сууцанд татвар ногдуулдаггүй. Иргэд татварын хугацаагаа 1-2 жилээр сунгах боломжтой ч хүсэлт гарган татвараас зайлсхийх боломжгүй.
Үл хөдлөх хөрөнгийн албан татвар 0.6-2.0 хувийн хооронд тогтоогддог ба тухайн хөрөнгийн байршил, зориулалтаас шалтгаалан ИТХ хувь хэмжээг тодорхойлдог. Харин татвар төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд ТЕГ-аас мэдэгдэх хуудас хүргүүлэх, банкны данс битүүмжлэх зэрэг арга хэмжээ авахаар мэдэгдсэн байна.