Гурван охин хамтлагийн дуучин Г.Анхмаа соло уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Тэрээр анхны сингл болох “Би чиний хайртай бүсгүй” бүтээлээ SoundCloud дахь хуудсандаа байршуулжээ.
Дуучин Г.Анхмаа 2019 онд өөрийн соло уран бүтээл дээр төвлөрөн ажиллах бөгөөд хөгжмийн ертөнцөд цоо шинэ дүр төрхтэйгөөр бие даасан цомгоо гаргах аж. Түүний анхны сингл болох “Би чиний хайртай бүсгүй” дууны үг, аяыг гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших бичжээ.
Г.Анхмаа 2001 онд Хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуурын мэргэжлээр, 2007 онд СУИС-ийн кино драмын ангийг тус, тус төгссөн Г.Анхмаа 2005 онд 3 Охин хамтлагт орсноор нийт гурван тоглолт, 30 гаруй видео клип хийж, зургаан цомог гаргасан билээ. Мөн тэрээр 2009 оноос эхлэн кино урлагийн ертөнцөд хөл тавьж, хэд хэдэн амжилттай бүтээлд гол дүр бүтээгээд амжсан юм. Түүний тоглосон бүтээлүүдээс дурьдвал "Луйврын хот УСК", "Франц үнсэлт УСК", "Сая километр УСК", "Үүр цайгаасай УСК" зэрэг кинонуудад гол дүр бүтээсэн юм. Харин анхны соло уран бүтээлийн талаар тодруулахад Г.Анхмаа "Би чиний хайртай бүсгүй" дууны видео клип тун удахгүй цацагдана гэж мэдэгдлээ.