Монгол Улсын гавьяат жүжигчин, соёлын элч, баритон Э.Амартүвшин ирэх тавдугаар сард ХБНГУ-ын Мельбурн хотын Улсын Театрт алдарт “Риголетто” дуурьд гоцлон дуулах болсон тухай УДБЭТ-ын хэвлэлийн ажилтан Ж.Отгонжаргал мэдээллээ.
Дуучин Э.Амартүвшин энэ сарын 9, 12, 14, 16-ны өдрүүдэд Италийн Торино хотын “Театро Рэжио” театрын тайзнаа Ж.Вердийн сонгодог бүтээл болох “Риголетто” дуурийн гол дүрд дөрвөн удаа дуулжээ.
Өнгөрсөн онд Э.Амартүвшин Итали улсын Наполи хотын “Сан Карло”-гийн нэрэмжит их театраас эхлэн Франц улсын нийслэл Парис хотын “Champs-Élysées” театр, Испани улсын Валенсиа хотын дуурийн театр, Израиль улсын нийслэл Тел Авив хотын их театр, ОХУ-ын нийслэл Москва хотын "Большой театр" зэрэг дэлхийн алдартай тайзнаа тоглосон байна. Энэ жил түүнийг бас дэлхийн алдарт тайзууд ийнхүү уриад байгаа юм байна.
Э.Амартүвшин нь сонгодог урлагийн “олимп” гэгддэг И.П.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны мөнгөн медаль, Пласидо домингогийн нэрэмжит “Plаcido Domingo’s Operalia” дуурийн дуучдын олон улсын уралдаанд тэргүүн байрт шалгарч алтан медаль, Испанийн алдарт тенор Франческо Венасын нэрэмжит уралдаанаас мөнгөн медаль хүртсэн нэгэн.
Тэрээр өнгөрсөн оны Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс аваргуудыг тодруулдаг дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучинд нэр дэвшиж “BraVo” шагналын эзэн болсон билээ.