Америкийн дуу бичлэгийн академийн 2019 оны "Grammy" шагнал гардуулах ёслолыг дуучин, хөгжмийн зохиолч Алиша Киз хөтлөн явуулхаар болжээ. Энэ талаар Америкийн дуу бичлэгийн академи болон Алиша Киз өөрийн биеэр мэдэгдсэн байна.
Дэлхийн дуу хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг "Grammy" наадамд Алиша Киз нийт 29 удаа нэр дэвшиж, 15 удаа шагнал хүртэж байжээ. 61 дэх удаагийн "Grammy" шагнал гардуулах ёслол 2019 оны хоёрдугаар сарын 10-нд Лос-Анжелес хотноо зохион байгуулагдах юм.
Америкийн дуу бичлэгийн академийн дээд шагнал болох "Grammy" нь дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн том шагналд тооцогддог бөгөөд анхны шагнал гардуулах ёслолын ажиллагаа 1959 онд болж байжээ. "Grammy"-ийн шагнал нь алтаар бүрсэн пянзны хөгжим байдаг аж.
"Grammy-2019" шагналд нэр дэвшигчид өнгөрсөн сард тодорсон билээ. Жагсаалтад хамгийн олон удаа нэр нь бичигдсэн уран бүтээлчээр реппер Кэндрик Ламар, Дрэйк нар тодорчээ.