Энгийн нэг өндөгний зураг like-ны тоогоороо Instagram олон нийтийн сүлжээний дээд рекордыг тогтоолоо. Instagram-ын "world_record_egg" хэмээх нэртэй аккоунт профайлдаа ганцхан "Өндөг"-ний зураг оруулсан нь ийнхүү рекорд амжилтыг эзэмшлээ.
2019 оны нэгдүгээр сарын 4-нд "world_record_egg" нэртэй Instagram хуудас өндөгний зураг нийтэлж, like-ны тоогоороо дээд рекорд тогтоохыг хэрэглэгчдэд санал болгосон байна. Жич: Жирийн л нэг тахианы өндөг.
Уриалгыг дэмжсэн хүмүүс like дарсаар өнөөдрийн байдлаар 36 сая like авсан байна. Ингээд энэхүү "Өндөг" албан ёсоор Instagram-ын бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн их like-тай зураг болж чадлаа.
Үүнээс өмнө энэхүү рекордыг Кайли Женнерийн дөнгөж төрсөн охин Сторми Вебстерийн зураг 18 сая гаруй like цуглуулж рекордыг эзэмшиж байв.
Өндөгний like таныг энэ мэдээг уншиж байхад ч мянгаар мянгаар нэмэгдсээр л байна. Одоо ямар ч хөөрхөн модель, алдартай дуучин, жүжигчин байгаад энэ тоог давахад тун хэцүү боллоо.
Харин Кайли Женнер өчигдөр энгийн нэг өндөг түүний рекордыг эвдэж чадсанд маш сонирхолтой хариу үйлдэл үзүүлжээ. Тэрээр өөрийн "өрсөлдөгчөө" хагалж байгаа хошин видеог Instagram хуудсандаа нийтэлсэн байна.