АНУ-ын кино академийн шагнал гардуулах ёслол 30 жилийн дараа дахин хөтлөгчгүй зохион байгуулагдахаар болжээ. Өмнө нь 1989 онд 61 дэх удаагийн Оскарын наадам хөтлөгчгүй зохион байгуулагдаж байсан юм.
Тодруулбал саяхан 91 дэх удаагийн Оскарын наадмын хөтлөгчөөр сонгогдоод байсан жүжигчин Кевин Харт ЛГБТ нийгэмлэгийн гишүүдийг ялгаварлан гадуурхсан хэрэгт буруутгагдсанаар энэхүү үүргээсээ татгалзахад хүрсэн билээ. Тэгвэл энэхүү шуугианаас болж наадмын зохион байгуулагчид ийм шийдвэрт хүрсэн гэдгийг эх сурвалж онцолж байна.
Кино наадмын продюсерууд ялагчдад шагнал гардуулах үйл явц болон бусад үйл ажиллагааг А зэрэглэлийн жүжигчдэд хариуцуулахаар шийджээ. Үүнээс гадна ёслолын тайзнаа тоглогдох дуу хөгжим болон уран бүтээлчдэд түлхүү анхаарах гэнэ.
2019 оны Оскарын наадмын нэр дэвшигчид нэгдүгээр сарын 22-нд тодрох бол ёслолын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 24-нд Холливүүдийн Dolby театрт зохиогдоно.
Харин жүжигчин Харт олон нийтийн өмнө албан ёсоор уучлал гуйхаас татгалзаж "Би өнгөрсөн үедээ эргэн очиж, эрт үед хэлж байсан үгнийхээ төлөө хүлцэл өчих бодолгүй байна. Одоо миний амьдрал огт өөр болсон" хэмээжээ.