СУИС-ийн багш, оюутны судалгаанд суурилж бүтээсэн “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжгийг УДБЭТ-ын тайзнаа 12-р сарын 12-ны өдөр тогложээ. Уг бүжгэн жүжгийг ирэх 2019 оны 11 дүгээр сарын 24-нд Парис дахь ЮНЕСКО-гийн төв байранд болох Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулганы үеэр энэ тоглох урилга аваад байгаа юм байна.
“Хөмөргөн гурвалжин”-г 2016 онд “Ардын урлаг, бүжиг судлалын профессорын баг”-ийн ахлагч, тэргүүлэх профессор С.Дулам Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулан дахь хүрлийн үеийн дөрвөлжин булшны ханан хадны ирмэг дагуулан сийлсэн “32 хүнт” хэмээх хадны зургийн нэгэн мөчлөгийг эртний харын бөөг оршуулах зан үйлийн бүжиг хэмээн тайлан тайлбарлаж, цомнолыг бичин, МУГЖ Д.Энхгэрэл найруулан дэглэж, Д.Ариунболд хөгжмийг бичиж, зураач Б.Нямхүү тайзны заслыг хийсэн байна.
Мөн Б.Нандин-Эрдэнэ медиа дүрслэлийг амилуулж, СУИС-ийн бүжгийн сургуулийн оюутнууд дүр бүтээсэн бүжгэн жүжиг ийнхүү дэлхийд танигдах урилга авчээ. Бүжгэн жүжигт эртний харын хартай бөө нарын эрх сүр хэтийдэж, овгийн гэмгүй олныг хилсдүүлж байсан цаг үед хам олноороо эв эеэ нэгтгэж буйг өгүүлнэ. Тэр эрт цагийнхны төсөөллөөр орой зулайд оршдог тэнгэрийн сүнс буюу оюуны сүнсийг нь дахин сэргээхгүйн төлөө зан үйлийн бүжиг, дохио зангаагаар толгойг нь уруу харуулан оршуулдаг байсан эртний зан заншлыг голлон харуулжээ.
Энэ бүжгэн жүжгийг бүтээхдээ археологийн дурсгал, угсаатны зүйн эх хэрэглэхүүнээс олж тогтоосон зүйлсийг бүжгийн урлагийн орчин цагийн контент болгон хувиргаснаараа инновацын чанартай бүтээл болсон байна.