“Гоо үзэсгэлэнгийн тэмцээний Их тав” буюу Дэлхийн үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулах олон улсын таван гол тэмцээний нэг “Дэлхийн Мисс-2018” 68 дахь тэмцээн өчигдөр болж өндөрлөлөө.
Хятадын Санья хотноо болсон “Дэлхийн Мисс-2018” 68 дахь тэмцээний титмийг Мексикийн гоо бүсгүй, 26 настай Ванесса Понче де Леон зүүж, дэд байрын миссээр Тайландын гоо бүсгүй тодорсон юм.
Өмнөх жилүүдэд эхний гурван байр шалгаруулдаг байсан бол Дэлхийн миссийн тэмцээн дүрэмдээ өөрчлөлт оруулж энэ жилээс тэргүүн байр, дэд байр, мөн Дэлхийн таван тивээс нэг нэг гоо бүсгүй шалгаруулдаг болжээ.
Таван тивийн гоо бүсгүй:
-
Европын мисс: Беларусь
-
Карибын орнуудын мисс: Ямайк
-
Америк тивийн мисс: Meксик
-
Африкийн мисс: Уганда
-
Ази, Номхон далайн бүсийн мисс: Tайланд
Мексикийн гоо бүсгүй Ванесса Понче нь 2014 онд 22 настайдаа "Mexico's next top model" тэмцээний 5 дахь улирлын ялагчаар тодорч карьераа эхлүүлж байжээ. Тэрбээр 1992 онд Гуанахуато хотод төрж, Мексико хотод өссөн, 170 см-ын өндөртэй юм байна.
Дэлхийн 118 улсын гоо бүсгүй өрсөлдсөн энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн гоо бүсгүй Э.Энхриймаа оролцсон бөгөөд зорилго бүхий гоо бүсгүй тэмцээний шилдэг 25-д шалгарсан юм.